Шувуу болохгүй хойно шүлэг бол доо ганцаардал минь


О.Батхишиг | YOLO.MN
2023-10-19

Яруу найрагчийн торгон мэдрэмж, энгүүн ухаан, эгэл шүлгийнх нь цаана орших этгээд гүн агуулга. Тиймээ Ц. Доржсэмбэ гуайн шүлгүүдийг шивнэн уншихын төдийд хачин их ганцаардал, эрс шийдэмгий зориг, ихийг эргэцүүлсэн гүн ухаан нэвт мэдрэгдэнэ. Сунайсан намрын өдрүүд шувтарч, гадаа хотгүй бодлогошронгуй хүмүүсийн цуваа хөвөрнө. Яг л ийм зэвхий атлаа дулаахан намраар Ц. Доржсэмбэ найрагчийн “Шувуу болохгүйн хойно шүлэг бол доо ганцаардал минь” гэх шүлгийн мөртөөр нэрлэсэн яруу найргийн үдшийн тов гарчээ. /2023.10.23-нд  Fat Cat Jazz Club болно/.  Тиймийн учир Yolo.mn сайтын эрхэм уншигч танд сэтгүүлч, яруу найрагч Ц. Доржсэмбэ агсны нандин найман шүлгийг хүргэж байна.  

Амьдралд минь ойрхон байгаад 

Холдон одсон халуун гар, халуун гар 

Энэ л гарын энхрий сайхнаар би 

Эцэсгүй харанхуйг ч сөхөж чадна 

Мөрөөдөхөд 

Мөнхийн юм 

Гар сунгах зайтай болно 

***********************************************

Юутай энхрийхэн минь 

Дахиж хэзээ ч уулзахгүй бүсгүй минь 

Даль жигүүрээ би  

Бэртээгч бүхний зөнд бэлэглэсэн 

Бушуухан чамдаа очих 

Далавч минь одоо дэлгэгдэхгүй 

Үй түмэн солонгын дотроос 

Үнэмшиж дурласан солонго минь 

Дахиж өөрт чинь нэвтрэхээр  

Өнгөлөг туяанд чинь алдрахаар 

Даль жигүүр минь нисэхгүй 

Далангийн намагт унаад 

Дасч эхэлсээн, тэндээ 

Намгийн амьсгалаар амьсгалдж 

Нам доорт аж төрөхөд  

Хацрын чинь туяа 

Хаана ч үнэгүй илбэ байсан санагдана. 

************************************************
Сарыг харж бичсэн 
Солиотой хэдэн шүлгэндээ 
Ганцаардлын тухай үгүүлдэг, би 
Ганцаардахын эрхээр солиорсныг 
Ганцхан шүлгүүд минь нотолдог 
Олон хүнтэй газар 
Удаан байж чаддаггүй би 
Орчлонд нандин нэг л зүйлээ 
Алдчих юм шиг санагдаад 
Аль болох ганцаараа байх дуртай би 
Ганцаардахын эрхээр солиорох өвчний 
Хам шинж ингэж илэрдэг 
Солиотой хэдэн шүлгийн минь бичигдэх 
Сонгодог шалтгаан энэ болдог. 
************************************************

Оёдолчны дууль  

Аз жаргалыг би 

Өмсөх хувцас адил 

Өөртөө тааруулан урлахыг хүсдэг ч 

Ур дутуу оёдолчин би  

Өөртөө хэзээ ч тохируулж чаддаггүй 

Өмсөөд үзэхэд багадсан байдаг 

Ханзлан задлаад дахиад л оёдог ч 

Урьдынхаасаа ч бүр богинодуулсан байдаг  

Орчлонгийн бүх жаргал цэнгэлээс 

Оногдсон хэмжээ нь ийм хойно 

Ур дутуу гэж өөрийнгөө голохоо байя 

Уйтгар гунигаас жаахан зүйдэл оруулъя даа. 

*************************************

Баруун гар нь  

Бороо болном 

Зүүн гар нь  

Цас болном 

Хөлөөс нь  

Хөндий тал үргэлжлэнэм 

Хөндий талаар 

Цас бороог  

Цайруулан асгаж 

Ай нутгийн минь савдаг| 

Алхдаг гэдэгт 

Анхнаасаа итгэсэн би  

Анхнаасаа... 

*******************************************

Энэ хотын асуудал 

Энэ хотын асуудал нь  

Яруу найрагчаасаа олон баячуудтай 

Энэ хотын асуудал нь  

Яруу найрагчаасаа олон гуйлгачинтай 

Газрын тааллыг хэтрүүлсэн хүн баяждаг 

Тэнгэрийн таалалд нийцээгүй хүн гуйлгачилдаг 

Тэнгэрт тэмүүлж яваа бидний яруу найраг 

Тэнгэрээс холдож яваа тэдэнд хүртээлгүй ээ. 

Энэ хотын асуудал нь 

Яруу найрагчаасаа олон яруу найрагтай 

Энэ хотын асуудал нь 

Яруу найрагчаасаа олон хэвлэх үйлдвэртэй 

Авъяасгүй зарим нь номонцороо 

Тэрэг тэргээр нь хэвлүүлж 

Алга ташилтан дор 

Тайз тайзаараа эгнэж байхад 

Тэнгэрт тэмүүлж яваа бидний яруу найраг 

Тэнгэрээс холдож яваа тэдэнд хүртээлгүй ээ. 

**********************************************

Хэд дэх бороо  

Байшин доторлох шавар юм би 

Доторлосон байшиндаа басхүү  

Дуулж гунин аж төрөх 

Буйд суурингаас гаралтай хархүү юм би 

Даацийн хана юм би  

Даацийн ханаа дагасан бусад хана юм би  

Орцны цахилгаан шат юм би  

Орцны цахилгаан шатаар 

Орж гарсан хүмүүсийн 

Олон дуу хоолой юм би 

Олон дуу хоолойг  

Загас шиг дуугүй агуулагч юм би  

Дэлхийн дулаарлын үеийн хүн юм би  

Дэлхий шиг халуун юм би  

Өгөөш үмхэх загас юм би  

Будаг хүзүүндээ зүүгч юм би  

Бусдын нүглийг үл тоогч юм би  

Бурханд тэднийг даатгагч юм би  

Бухимдахаараа материалист юм би  

Хэд дэх бороо юм би  

Хэд дэх үүл юм би  

Хүүхнүүд гоо сайхны салон 

Үнэт эрдэнэсийн дэлгүүрээс  

Хүүхдүүд зоопарк, амттаны мухлагаас 

Алив нэгэн газрыг олохдоо 

Баримжаагаараа болгодог шиг 

Алтан чиг найргийн мөрүүдээс л  

Ертөнцийн баримжааг ологч юм би  

Ер бусын биш 

Ер бус найрагч юм би. 

*********************************************

Ганцаардал минь 

Шувууд нисчихсэн үүрнээс олдсон 

Ганц цагаан өд минь 

Чамд би бэх дусаагаад 

Шүлгийнхээ дэвтрийн 

Бичигдээгүй хуудсуудын 

Завсарт нь хавчуулж хадгаллаа 

Шувуу болохгүй хойно 

Шүлэг бол доо 

Ганцаардал минь... 

 

 

#мэдээ