Захидал: Үнэндээ би найзынхаа найзад сайн болчихсон


ССҮТөв | YOLO.MN
2023-10-14

YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхэд залуусаас захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

Асуудал 1:Надад нэг асуулт байна. Үнэндээ би найзынхаа найзад сайн болчихсон

Сайн байна уу. Надад нэг асуулт байна. Үнэндээ би найзынхаа найзад сайн болчихсон. Анх найзынхаа төрсөн өдрөөр хараад шууд сайн болчихсон. Одоо чатлаад дөрөв хонож байна. Тэр надад сайн болсон болов уу? Эсвэл сайн болсон эсэхийг нь мэдэх арга бий болов уу?

Зөвлөгөө:Тэр хүнээс асуухгүйгээр шууд гаднаас нь хараад надад сайн эсвэл сайн биш гэдгийг мэдэх боломж бага. 

Сайн байна уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Тэр хөвгүүний чамд сайн эсэхийг мэдэхийг хүсэж байна гэж ойлголоо. Харилцаа эхлээд 4 хонож байна гэдэг нь та хоёр нэгнээ таньж эхэлж байна гэсэн үг. Танилцах үе шатан дээрээ явж байгаа үед шууд сайн эсэх талаар мэдэхэд хүндрэлтэй. Тэгэхээр сэтгэлийг нь мэдэх гэж яаралгүйгээр эхлээд тэр хөвгүүнийг таньж мэдээрэй. Мөн өөрийгөө ч танилцуулаарай. Олон төрлийн сэдвээр сонирхолтой яриа өрнүүлэх, өөрийнх нь талаар асуугаарай. Тодорхой хугацаа өнгөрсний дараагаар өөрийнхөө сэтгэлийг хэлэх эсвэл асууж ярилцах боломжтой. Тэр хүнээс асуухгүйгээр шууд гаднаас нь хараад надад сайн эсвэл сайн биш гэдгийг мэдэх боломж бага. Сэтгэлээ илчлэх эсвэл асууж ярилцсаны дараа чиний хүссэн хариултыг өгөхгүй ч байж мэднэ. Тиймээс хариултад нь бэлэн байх хэрэгтэй. Бид хэн нэгний сэтгэлийг шууд удирдан зохицуулах боломжгүй шүү дээ. Амжилт хүсье. 

Сэтгэл Судлалын Үндэсний Төв 
Сэтгэл судлаач Г.Отгонцэцэг 

Асуудал 2: Бидэнд зөвлөгөө өгөөч.

Сайн байна уу? Та бүхэнд энэ захидал хүрэх өдрийн мэндийг халуунаар хүргэе. Миний хүү одоо 26 настай. Сүүлийн хоёр жилийн хугацаанд өөрийгөө ICD-тэй болсон байна гэж оношлоод байна. Эндээс тайван байж гардаг гэсэн. Бидэнд зөвлөгөө өгөөч.

Зөвлөгөө:Өөрийгөө оношлох нь сөрөг үр дагавартай байдаг.

Сайн байна уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Мэргэжлийн сэтгэцийн эмчээр оношилгоо хийлгэсэн болов уу? Эсвэл мэргэжлийн сэтгэл зүйчтэй уулзаж байсан болов уу? Оношилгоо хийгдээгүй тохиолдолд онош гэж үзэх боломжгүй юм. Өөрийгөө оношлох нь сөрөг үр дагавартай байдаг. Жишээ нь аливаа асуудлыг шийдэх гэхээс илүү би ийм болохоор ингэж байна эсвэл би угаасаа ийм гэж өөртөө шошго зүүх, өөрийгөө эсвэл бусдыг буруутгах гэх мэт асуудал үүсэх магадлалтай. Тиймээс та хүүгээсээ асууж байгаад мэргэжлийн сэтгэл зүйч, сэтгэцийн эмчид хандаарай. Та дараагийн удаа захидлаа дэлгэрэнгүй бичиж илгээнэ үү. Баярлалаа. 

Сэтгэл Судлалын Үндэсний Төв 
Сэтгэл судлаач Г.Отгонцэцэг

 

#нийтлэл