"Иргэд хүн худалдаалах гэмт хэргийг зөв ойлгосноор хэн нэгнийг хохирогч болохоос сэргийлнэ"


Л.Амарцэцэг | YOLO.MN
2023-10-12

Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департамент хооронд “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт" гэрээг 2020 онд байгуулсан. Энэ хүрээнд хүн худалдаалах гэмт хэрэгт хүүхэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, холбогдох хуулийн байгууллага, иргэдийн мэдлэгийг нэмэх олон талт ажлыг зохион байгуулж байна.  

Өнөөдөр уг төслийн хэрэгжилтийн явцтай танилцах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцох хоёр улсын Засгийн газрын хамтарсан уулзалт болов.  

                                                       МАНАЙ УЛСАД СҮҮЛИЙН ГУРВАН ЖИЛД 30 ХҮН ЭНЭ ГЭМТ ХЭРЭГТ ӨРТСӨН

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт" гэрээ 2020 оноос хойш хэрэгжиж байна. Жил болгон АНУ-ын Засгийн газрын төлөөллүүд уг төслийн хэрэгжилттэй танилцдаг. Энэ төслийг Дэлхийн зөн ОУБ, Азийн сангаар дамжуулан хэрэгжүүлж байна. Манай улсад гэмт хэргийн нөхцөл байдал, хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг төрийн болон ТББ-уудаас уг төслийг эхлэхэд санал авч, хэрэгцээ шаардлагыг нь тодорхойлсон. 

Хүн худалдаалах гэмт хэрэгт хүүхэд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулж байна. Энэ хэрэг манай улсад үйлдэгдэж буй нийт гэмт хэргийн маш бага хувийг эзэлдэг ч хүн худалдаалах гэмт хэргийг зохион байгуулалтай бүлэглэл үндэстэн дамнаж үйлддэг учраас урьдчилан сэргийлэх нь маш чухал.

Бага үйлддэг гэж санаа амралгүй, энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхээр бүх тал хүчин чармайлт гаргаж байна. Хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн, насанд хүрээгүй хохирогчдод үзүүлэх тусламжийг сайжруулах нь чухал.

Монголд хүн худалдаалахтай тэмцэх хуульд хохирогчдод үзүүлэх үйлчилгээг нарийвчлан зохицуулаагүй. Харин гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуульд маш нарийн заасан. Хүн худалдаалах гэмт хэрэгт хэн нэгнийг хүчээр хулгайлахаас гадна, хөдөлмөр, бэлгийн мөлжлөг хамаарна.

Хүүхдээр хориотой, тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх тохиолдол бий. Иймд хохирогч хүүхдүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээ тодорхой, чанартай, хүртээмжтэй байх ёстой. Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцож байгаа хохирогч хүүхдүүдийн эрхийг хамгаалахад ээлтэй орчин хэрэгтэй. Тиймээс бид хэд хэдэн мэдүүлгийн өрөөг тохижууллаа. Энэ зөвхөн өрөөний тухай асуудал биш. Тухайн өрөөг зориулалтын дагуу ашиглах, мөрдөгч, бусад холбогдох хүмүүс хүүхдээс хэрхэн мэдүүлэг авах, сэтгэлзүйн төвтэй сургалтууд явуулав.

Энэ төрлийн гэмт хэргийн талаар олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх ажлуудыг ч хийж байна. Иргэдийн хүн худалдаалах гэмт хэргийн ойлголт зөв болсноор өөрийгөө болон бусдыг хохирогч болохоос сэргийлнэ.

Манай улсад сүүлийн гурван жилд 30 хүн энэ гэмт хэрэгт өртсөн статистик мэдээлэл бий. Гэхдээ энэ төсөл эхлэх үеэс уг гэмт хэрэгтэй холбоотой алба хаагчдыг маш сайн сургасан. Цагдаа, прокурор, шүүгч нэгдсэн ойлголттой байж энэ гэмт хэргийн яллагдагчдад тохирсон ял шийтгэл онооно.” гэлээ.  

Хүн худалдаалах гэмт хэрэг нь нийгмийн хор аюул ихтэй, хүний халдашгүй байдалд ноцтойгоор халддаг, зохион байгуулалтай гэмт хэрэг юм. Манай улс илгээгч, дамжуулагч, хүлээн авагч орон гэдгээр олон улсын тайлан илтгэлүүдэд дурдагдаж байна.  

“Дэлхийн зөн” ОУБ-ын “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт" гэрээний төслийн захирал Б.Дарьханд “Энэ компакт гэрээний хүрээнд Монгол Улсын төрийн болон ТББ-уудтай хамтарч ажиллаж байна. Уг гэрээг байгуулахаас өмнө АНУ-ын Засгийн газраас манай улсад хүн худалдаалах гэмт хэргийн нөхцөл байдлыг үнэлсэн. Тухайн үед холбогдох байгууллагуудтай уулзаж, тусламж хэрэгтэй гэж үзэн, энэ гэрээг байгуулсан юм. АНУ-ын Төрийн департаментын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх газрын буцалтгүй тусламжаар санхүүжин хэрэгжиж байна.

Хүн худалдаалах гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэж тооцдог. Ялангуяа хүүхэд өртсөн бол сэтгэцийн маш хүнд гэмтэл авдаг. Сэтгэлзүйн гэмтэл авсан хүүхэд урт хугацаанд илааршдаггүй. Төслийн хүрээнд нийгмийн хамгаалал, үйлчилгээ, хууль хяналтын байгууллагуудад эдгээр хүүхдүүдтэй хэрхэн харилцах арга зүйг сургаж байна” гэлээ.

Уулзалтад хүн худалдаалахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх дэд зөвлөл, салбар дундын хамтарсан багийн гишүүд, төслийг хэрэгжүүлэгч талуудын төлөөлөл оролцлоо.

#мэдээ