Аз жаргалтай хүмүүсийн унтахаасаа өмнө хэвшүүлсэн 7 дадал


О.Батхишиг | YOLO.MN
2023-10-10

Хүмүүс амьдралаас юуг хамгийн их хүсдэг вэ? Үнэтэй машин, том байшин, их мөнгө үү? Эсвэл жаргалтай амьдрах уу? Тэгвэл жаргалтай амьдрахын тулд хэрхэх вэ? Харвардын их сургуулийн мэргэжилтнүүд аз жаргалыг байгалийн ба синтетик гэсэн хоёр төрөл ангилжээ. Хэрэв та илүү сэтгэл хангалуун, баяр баясгалантай байхыг хүсэж буй бол дараах долоон үйлдлийг амьдралдаа дадал болгоорой. 

Дотно хүмүүстэйгээ ойр байх

Хүн угаас нийгмийн амьтан. Тиймээс бусадтай цагийг идэвхтэй өнгөрөөх нь аз жаргалын гармоныг ялгаруулдаг болох нь шинжлэх ухаанаар батлагдсан. Тиймээс  оройдоо найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ алжаалаа тайлах цаг гаргаснаар одоо байгаа зүйлд анхаарлаа төвлөрүүлж сурна.

Таашаал авахын тулд унших 

Унтахынхаа өмнө ном унших нь олон талын ашиг тустай. Тухайлбал цусны даралтыг бууруулж, хоол боловсруулалтыг сайжруулан, зүрхний цохилтыг удаашруулж, цусан дахь сахрын хэмжээг хянадаг байна. Мөн эндорфин буюу "аз жаргалын гормон" ялгаруулж сайн унтаж амрахад тусалдаг болохыг судалгаагаар баталжээ. 

Дэлгэцээ унтрааж хэвших

Сошиал хуудсаа тасралтгүй гүйлгэх нь сэтгэл санаа хийгээд сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Туяат гэрэл нь мелатонины ялгаралтыг бууруулдаг өдөөгч юм. Шөнө сайн унтахын тулд дэлгэцийн цагийг хязгаарлаж өөрт хэрэгтэй зүйлд цагаа зарцуул. 

Стресстэй орондоо орохгүй байх

"Хэзээ ч битгий уурлаж унт" гэх эл үгийг бид хаана ч юм бэ сонсож байсан байх. Хэт стресстэй унтах үед хүн хэзээ ч хангалттай нойр аван бүрэн амарч чаддаггүй.  Тиймээс таны санааг чилээж буй шийдвэрлэх асуудал байгаа бол түүнийхээ шийдлийг олсны дараа тайван амрах хэрэгтэй. Хүн бүрд хүнд өдөр тохиолддог. Гэхдээ амьдралын эрчмээр дүүрэн жаргалтай хүмүүс асуудлыг тухай бүр зохицуулж чаддаг.

Тэмдэглэл хөтлөх 

Тайван жаргалтай хүмүүсийн нэг гол онцлог нь өөрийнхөө хүч хүрэх зүйлд оролцож аливаа зүйлсэд илүү бодитоор хандахад оршино. Мөн тэдний гол онцлог нь тэмдэглэл хөтлөх юм. Өөрийн мэдрэмж, санаа зовнил, итгэл найдвар, мөрөөдлийн тухай цаашлаад өдрийг хэрхэн даван туулснаа баримтжуулан үлдээ. Энэ нь дотоод зөрчилдөөнийг шийдвэрлэж, сэтгэл хөдлөлөө шинжлэх сайхан арга юм. 

Талархалтайгаар амрах

Тайван жаргалтай хүмүүс талархаж чаддаг. Тиймээс унтахын өмнө өөрийг тань жаргалтай болгодог тэр нэгэн дурсамж ирээдүйн үйл хэргийнхээ тухай бодон инээмсэглэлээр шөнийг үдээрэй. 

Унт унт бас дахин унт

Эцэст нь хэлэхэд аз жаргалтай хүмүүс шөнө хангалттай нойр авч чаддаг. Нойр болон сэтгэл зүйн эрүүл мэнд хоорондоо нягт холбоотойг шинжлэх ухаан баталжээ. Сайн унтаж амрах нь стрессийг багасган сэтгэл зүйд эергээр нөлөөлдөг. Энэ нь цаашлаад шийдвэр гаргах зэрэг аливаа харилцаанд чухал нөлөө үзүүлнэ.  

Хэрэв та хангалттай нойр авч чадахгүй байгаа бол унтлагын цагийн хуваарь гарган унтах-сэрэх мөчлөгөө зохицуулаарай. Оройн бүр нэг цагт унтаж, хөнгөн дасгал, бясалгал хийн, унтахад таатай орчныг бүрдүүлээрэй. 

Эх сурвалж: Hackspirit

#нийтлэл