НОМ СОЛИЛЦОХ ӨДӨРЛӨГ өнөөдөр СҮХБААТАРЫН ТАЛБАЙД болно


Үжин | YOLO.MN
2017-01-07

Сүхбаатарын талбайд өнөөдөр 12:00-13:00 цагт “Номоо солилцъё” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Ном солилцсон эхний 100 хүнд Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн уншигчийн үнэмлэх нээлгэх эрхийн бичиг бэлэглэх гэнэ. Солилцох номын тоонд тодорхой хязгаар заагаагүй бөгөөд иргэд хэдэн ч номтой ирж, хэнтэй ч солилцох боломжтой ажээ.

“Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, уншигчид номоор нөхөрлөх, бусадтай номоо солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор дээрх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

Энэхүү өдөрлөгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хүрэлцэн ирэхээс гадна нийслэлийн иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

“Номоо солилцъё” өдөрлөгийг цаашид сар бүрийн эхний долоо хоногийн Бямба гарагт, Д.Сүхбаатарын талбайд 12:00 – 13:00 цагийн хооронд зохион байгуулж байхаар болжээ.

Анхны “Номоо солилцъё” өдөрлөгийг Монголын Зохиолчдын Эвлэл, Монголын Чөлөөт зохиолчдын холбоо, www.bookish.mn цахим хуудас зэрэг байгууллага дэмжин ажиллахаар боллоо.

#BOOK