Хэн ч хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болж болзошгүй


Б.Чимэг | YOLO.MN
2023-09-29

“Мэддэг мэдээлдэг байя” аян үргэлжилж байна. Энэ аянаар хүн худалдаалах гэмт хэрэгт хүүхэд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээллийг олон нийтэд түгээж байгаа юм. Мөн нийслэлийн ЕБС-ийн зарим сургуулийн дунд, ахлах ангийнханд сургалт явуулж байна.      

Өнөөдөр БЗД-ийн 148-р сургуулийн 10-12-р ангийн 100 орчим хүүхдэд хүн худалдаалах гэмт хэрэг, үүний түгээмэл хэлбэрүүд болох бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөгийн талаарх мэдээллийг “Анбаунд Монгол” ТББ-ын ажилтнууд өгөв.  

“Анбаунд Монгол” ТББ-ынхан 2013 оноос хойш энэ гэмт хэргийн талаар дуу хоолойгоо өргөж, хүүхдүүдэд сургалт зохион байгуулж, энэ гэмт хэргээс хүүхдүүдийг хамгаалахаар ажиллаж байна.  

Тэд нийт 8000 гаруй хүнийг сургалтад биечлэн хамруулжээ. Дунд, ахлах ангийнхан, их дээд сургуулийн оюутнуудад хүн худалдаалах гэмт хэргээс өөрсдийгөө, эргэн тойрныхноо хамгаалах талаар зөвлөдөг юм.

“Анбаунд Монгол” ТББ-ын сургалтын менежер н.Давингар “Хэн ч, хэзээ ч хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болж болзошгүй. Гэхдээ санхүүгийн бэрхшээл тулгарсан, гэр бүл нь маргаантай байдаг эсвэл гэр бүлийн хүчирхийлэлтэй орчинд амьдардаг, бусдаас хайр халамж хүсдэг, гэрээсээ  зугтсан, орон гэргүй, өөртөө итгэлгүй, хүүхэд халамжийн төвд амьдардаг хүүхдүүд өртөх эрсдэл өндөр байна” гэв.

Тэрээр 148-р сургуулийн хүүхдүүдэд олон улсад болон Монголд энэ гэмт хэргийг хэрхэн үйлдэж байгаа, яагаад хүмүүс энэ гэмт хэргийн хохирогч болдог талаар урьдчилан сэргийлэх ойлголт, мэдээлэл өгч, гарын авлага тараав.

#мэдээ