Бид номын сан гэхээр ямар ч чимээ гаргаж болохгүй томоотой суух орчин гэж ойлгодог. Энэ уламжлалт ойлголтыг эвдэж их хотод маань дүрэмгүй номын сан байгуулагджээ. Бид энэ сурвалжилгаа чимээтэй номын сангаас бэлтгэлээ.
Хотын төвөөс холгүй Sky Garden Residense-д нэгэн онцгой номын сан байгуулагдсан нь Loud Library юм. Бид чимээтэй байх дүрэм бүхий номын санг сониучирхан зорилоо. Хотын төвийн чимээ шуугиан, араа араасаа сигналдах машинаа цуваа алсарсаар номын сан байрлах хотхонд ирэв. Нэг давхрын үүдээр ормогц хуурсан кофены үнэр ханхийж, халуун орны мөнх ногоон ургамлууд, бяцхан хүрхрээн хоржигнох чимээ сонстоно. Ер бусын тайван мэдрэмжид автан хоёр давхар луу гармагц хана, тавиургүй дүүрэн номтой зөөлөн сандал бүхий өнгөлөг тухтай орчин угтав. Номын сан есдүгээр сарын нэгэнд нээлтээ хийсэн бөгөөд сар хүрэхгүй хугацаанд найман мянган хүн давхардсан тоогоор зочилжээ.
Бид ийн “Loud Library”-н үүсгэн байгуулагч Б. Идэржавхлантай ярилцлаа.
Б.Идэржавхлан: Номын сангийн дүрэм, зохион байгуулалтыг найзуудтайгаа анх санаачилж, Nepko Kids-тэй хамтран байгуулсан. Орчин үеийн хүүхдүүдийн сэтгэхүйн онцлог, сурах арга барилд тохирсон энэ төрлийн номын сан олон улсад хэдийн бий болсон. Харин манай улсад өнөөх л тогтсон жишиг хэвээр байна. Тиймээс хүүхэд, залуучуудыг хичээл хийн тухлах, ном уншиж, дуу сонсох гээд тэдэнд тухтай орчныг бүрдүүлэхийг зорьсон. Нэг үгээр сонголтыг тэдэнд олгоно. Мөн бид багаараа, найзуудаараа ярилцах тусгай вакум орчин бүрдүүлж өгснөөс гадна хамгийн сүүлийн үеийн программууд, тэтгэлгийн шалгалтад бэлдэх материал, дэлхийн топ сургуулиудад тэнцсэн хүүхдүүдийн эсээ зэргийг багтаасан компьютеруудыг суурилуулсан. Чимээгүй номын сан тун удахгүй 30 мянган номтой болно.
Номын сангийн үйлчлүүлэгч Г.Одгараг: Би энэ жил төгсөх ангийн сурагч. Хичээл ихтэй учир төвлөрч суух, ядарсан үедээ хэсэг амрах, өлссөн үедээ юм идэх зэрэг бүгдийг нэг дор цогцлоосон газар байгуулагдсан баяртай байна. Номын санд хичээл хийхээр очдог ч тух муутай ширээ сандал, чимээгүй байх дүрмээс болж нойр хүрэх нь элбэг. Харин энд бол тэс ондоо юм.
Чимээгүй номын сан нь аравдугаар сарын нэгнээс хорин дөрвөн цаг ажиллан, шөнийн тусгай хөтөлбөрт шилжих аж. Оюутан залуучууд оройн цагаар багаараа хамтран төсөл, бие даалтаа хийхээс гадна кино үзэх, иог хийх боломжтой. Шөнийн оддыг ширтэх шилэн дээврийг хүртэл шийдэж өгчээ. Дашрамд дурдахад нэвтрэх тусгай картаа сарын хугацаатай цэнэглүүлж чөлөөтэй үйлчлүүлэх боломжтой юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх