Т.Бумчин: БҮЖИГ БОЛ МИНИЙ АМЬДРАЛЫН САЛШГҮЙ НЭГ ХЭСЭГ


Сондор | YOLO.MN
2017-01-05

Монгол хэмээх нэрийг дэлхийд дуурсгаж яваа хүн бүрээр элэг нэгт бид нь бахархан суудаг билээ. АНУ-ынҮндэсний латин бүжгийн аваргын тэмцээнд Т.Бумчин хүү хоёр жил дарааллан түрүүлжээ. Мөн тэрээр өнгөрсөн 12-р сард Франц улсад болсон Үндэсний латин бүжгийн Дэлхийн аваргын тэмцээнд 9-р байрт оржээ. Т.Бумчин хүүтэй бид холбогдон баяр хүргэж цахимаар хэсэг хором ярилцлаа.

Түүний амжилтаас дурдвал,

- Монголын Хүүхдийн ордны Алт, мөнгөн медальт
- 2015, 2016 Оны АНУ-ын Үндэсний латин бүжгийн аварга
- “International Grand Ball” тэмцээнд латин бүжгийн төрөлд 21-ээс доош насны ангилалд I байр, 19-ээс доош насны ангилалд I байр
- “Classique du Quebec” латин бүжгийн сонирхогчийн өсч буй од, залуучуудын нээлттэй ангилалд тус бүр I байр, 21-ээс доош насны ангилалд II байр
- Англи улсад болсон “Killick Royale Championship” 19-ээс доош насны ангилалд I байр
- "California Open Championship" 19-ooс доош насны ангилалд I байр
- "Hollywood Dancesport Championships" залуучуудын нээлттэй ангилалд тус бүр II байр
- “Empire Dance” тэмцээнд 21-ээс доош насны ангилалд II байр
- "Emerald Ball Dance Championships" 21-ээс доош насны ангилалд I байр
- "Vegas Open Dance Championships" 21-ээс доош насны ангилалд I байр эзэлж
- "City Lights Ball" 19-ээс доош насны ангилалд I байр
- "Embassy Ball Championships" 19-ээс доош насны ангилалд I байр
- "Royal Ball Championships" 21-ээс доош насны ангилалд I байр
- "Paris World Championships" 19-ээс доош насны ангилалд X байр
- “Holidy Dance Classic Championships” 19-ээс доош насны ангилалд II байрыг хамтрагчийнхаа хамт тус тус эзэлж байжээ.

 

YOLO: Сайн байна уу. Юуны өмнө АНУ-ын цэнгээнт бүжгийн аварга болсонд нь баяр хүргэе. Манай уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач?
Сайн байна уу, баярлалаа. Намайг Т.Бумчин гэдэг.  Би одоо 18 настай. Анх 2012 онд Америк улсад ирсэн бөгөөд өдгөө Сан-Франциско хотод амьдардаг. Би ахлах сургуулийн 12-р ангид суралцдаг, ирэх жил Берклигийн их сургуульд компьютер програмистийн чиглэлээр элсэн орохоор төлөвлөж байна. Мөн 2015, 2016 онд АНУ-ын цэнгээнт бүжгийн аварга болсон.

YOLO: Чи хэдэн настайгаасаа эхэлж бүжгийн спортоор хичээллэх болсон бэ?
Би хамгийн анх 9 настайдаа Монголын Хүүхдийн ордны бүжгийн дугуйланд Чүлтэмсүрэн Жаргалсайхан багшийнхаа удирдлаган дор хичээллэж эхэлсэн. Гэхдээ анх монгол ардын бүжиг бүжиглэж байсан л даа. Суралцаж байх хугацаандаа би Монголийн Хүүхдийн ордны алт, мөнгөн медаль авч байсан. Түүний дараагаар би 12 настай байхдаа латин америк бүжгээр хичэллэж эхэлсэн юм.

YOLO: Цэнгээнт бүжигт хамгийн гол зүйл юу байдаг гэж чи боддог вэ?
Хамгийн гол нь маш их уйгагуй давтлага хэрэгтэй байдаг. Мөн хамтрагчтайгаа сайн ойлголцдог байх хэрэгтэй. Би 7 хоногийн 6 өдөрт нь бүжгээ давтдаг. Ер нь гадуур дотуур хаа ч явсан өөрийн эрхгүй бүжиглэдэг, хэвшил болчихсон гэх үү дээ.

 

YOLO: Чиний нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Би өглөө 7 цагт хичээлдээ явна. Тэгээд хичээлээсээ ирээд шууд бүжгийнхээ заал руу явдаг. Бэлтгэлээ тараад гэртээ оройны 10-11 цагт ирнэ. Тэгээд хичээлээ хийгээд шөнийн 1, 2 цагт унтана даа. Уйгагүй хичээл зүтгэл минь миний гол амжилтын үр дүн байх даа.  Түүнээс гадна багш, ээж аавын минь цаг зав, мөнгө, хөдөлмөртэй миний амжилт салшгүй холбоотой. Миний төлөө бүгдийг зориулдаг ээждээ маш их баярлаж явдаг.

YOLO: Хамтрагчийнхаа талаар яриач. Хэдэн жил хамт бүжиглэж байна вэ?
Миний бүжгийн хамтрагчийг Мишель Клёц гэдэг. Бид нас чацуу бөгөөд хамтдаа бүжиглээд хоёр  жил гаруй хугацаа болж байна.

YOLO: Хамгийн их сэтгэлд тод үлдсэн үзүүлбэр чинь хэзээ байсан бэ?
Сая 2016 оны АНУ-ын аваргын тэмцээн дэх үзүүлбэр маань л их дурсамжтай сайхан санагддаг. Яг түрүүлсэн гэдгээ сонсох тэр агшин бүр ч гоё байсан.

 

Т.Бумчин, Мишель Клёц хоёр багш нарынхаа хамтаар

YOLO: Бүжиглэхийн хамгийн гоё зүйл нь юу вэ?
Би анх Америкт ирэхдээ их л бүрэг ичимхий хүүхэд байсан. Сайн хийж чаддаг зүйл минь бүжиглэх л байлаа. Өөрөөр хэлбэл хэлье гэсэн санаагаа үгээр хүнд ойлгуулж чадахгүй хойно бүжиг л надад хань болдог байсан. Тиймээс бүжиг миний амьдралын салшгүй нэг хэсэг, хийх хамгийн дуртай зүйл минь юм уу даа.

YOLO: Бүжгийн спортод гаргах ирээдүйн зорилго чинь юу вэ?
Миний 2017 оны зорилго АНУ-ын аварга гэдгээ дахин баталж Франц улсад болох Дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрхийг авна. Саяхан буюу 2016 оны 12-р сард Франц улсад болсон Дэлхийн аваргын тэмцээнд бид 9-р байранд орсон. Тиймээс энэ амжилтаа ахиулмаар байна. Мөн би аялах дуртай. Тиймээс дэлхийг тойрон аялна, энэ ондоо олон аялал төлөвлөсөн байгаа. Тэгэнгээ Канад, Амстэрдам, Лондонд болох олон улсийн бүжгийн тэмцээнд бас амжилттай оролцохыг зорьж байна.

YOLO: Монголдоо хамгийн сүүлд хэзээ ирсэн бэ?
Би Монголдоо очоогүй удаж байна. Энд ирснээсээ хойш (2012 оноос) очоогүй. Харин энэ жилийн зун очих төлөвлөгөөтэй байна.

YOLO: Баярлалаа. Цаашдынх нь урлагийн их замналд амжилт хүсье.
Маш их баярлалаа.

#teenager #Dance #world