“Аавтай хамт ажилладаг ах манай гэрт амьдрах болсон...”


Г. Тэгшсүрэн | YOLO.MN
2023-09-21

Монгол Улсад анх 1999 онд хүн худалдаалах гэмт хэргийн тохиолдол бүртгэгдэж байжээ \Эх сурвалж: ЦЕГ\. Үүнээс хойш бэлгийн мөлжлөгийн зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Зүүн Өмнөд Азийн орнууд руу хүнийг худалдсан гэмт хэргүүд гарч байжээ. Дэлхий дахинд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон хүмүүсийн тоо 40 саяд хүрсэн байна. Үүний 4 хүн тутмын 1 нь хүүхэд бол хохирогчдын 71 хувь нь охид, эмэгтэйчүүд аж.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлд заасан /Хүн худалдаалах/ гэмт хэрэгт сүүлийн 5 жил гаруй хугацаанд 237 хохирогч тогтоогджээ. Үүнээс 95 нь насанд хүрээгүй хохирогч бөгөөд энэ тоо нь нийт хохирогчдын 40 хувийг эзэлж байна.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны гуравдугаар сарын 3-ны гаргасан шийтгэх тогтоол Монгол Улсын шүүхийн шийдвэрийн санд байна. Одоогоос дөнгөж зургаахан сарын өмнө шийдвэрлэсэн, уншаад итгэмгүй, толгой сэгсрэм, гэвч байдаг, байгаа, магад бид одоо л мэдэж, мэдээлэхгүй бол байсаар ч байж болох хэргийг шүүх шийдвэрлэжээ. 13-хан настай охинд тохиолдсон байж боломгүй хэргийн талаар дор өгүүлье. Ингэхдээ хохирогчийн нэр зэрэг хувийн мэдээллийг өөрчилж, зөвхөн гэмт хэргийн хохирогч болсон шалтгаан, нөхцөлийг бичиж, бусдад бэлгийн мөлжлөгийн тухай ойлголт, сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэхийг зорив.  

Товчхондоо, Д гэгч этгээд 2021-2022 оны хооронд насанд хүрээгүй охинтой удаа дараа бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ. Хэрэг яагаад гарах болсон тухай цагдаад өгсөн мэдүүлгээ охин “Аавтай хамт ажилладаг ах манай гэрт амьдрах болсон” гэж эхлүүлжээ. Үргэлжлүүлэн “Аав, ээж хоёр түүнийг манайд ирж амьдрахаас өмнө намайг түүнтэй гэр бүл болгоно гэж ярьдаг байсан. Харин гэрт амьдрах болсноос хойш ээж намайг түүний толгойг эргүүлж чадсангүй, толгойг нь эргүүлээд мөнгө ав” гэж загнаж, цохиж, зодох болсон” гэж ярьсан байна.

Цааш юу болсон бэ гэвэл, ээж нь охиныг энэ хүнтэй гэр бүл бол, оюутан болоод сургалтын төлбөрөө төлүүл, “хайр аа” гэж дууд гэх зэргээр үргэлж загнана. Мөн фэйсбүүк хаягаар нь түүний өмнөөс өнөөх эр рүү зурвас бичиж, мөнгөн тусламж хүснэ, заримдаа охиныг өөрийг нь албадан бичүүлнэ.  Хэрвээ чадахгүй гэвэл харааж зүхэж, цохиж зоддог байжээ. Ингээд ээжийнхээ шахалтаар 2021 оноос охин өнөөх эртэй бэлгийн харилцаанд орсон гэж охин мэдүүлжээ. Охин “Тэр ахыг зөвшөөрөлгүй миний биед хүрч “хайр аа” гэж дуудахаар надад муухай сэжгийн санагддаг байсан. Тэр хүнд доромжлуулснаас хойш ээжийгээ үзэн ядах болсон. Уучлах сэтгэл маань дууссан...” гэж сүүлийн мэдүүлэгтээ хэлсэн байна.

Бүтэн жилийн турш 10 мянга, 20 мянга, 100 мянгаас 300 мянган төгрөг...Эцэг, эх нь энэ мөнгийг амьдралынхаа эх үүсвэр болгож, түүгээр зогсохгүй архидан согтуурч байсан гэх. Энэ байдлыг охин үл тэвчин Хүүхэд хамгааллын төвд хандсанаар уг хэрэг ил болж, мөнгө өгч байсан хүн нь насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон буруутайд тооцогдож, нэг жилийн ял сонсжээ. Харин охины эцэг, эхэд ямар нэг хариуцлага хүлээлгээгүй байна. Бэлгийн мөлжлөгт өртсөн олон охид, бүсгүйчүүд бий. Нэг л жишээ нь энэ.

Бэлгийн мөлжлөг гэдэг нь хүний биеийг хүчээр үнэлүүлэх, бусад хэлбэрээр боолчлох, хууль бусаар албадан хөдөлмөр эрхлүүлэх, хулгайлах, залилах, эмзэг байдлыг нь далимдуулах зэрэг хууль бус үйлдлийг хэлнэ. Бэлгийн мөлжлөг бол хүн худалдаалах гэмт хэргийн нэг хэлбэр юм. Хүн худалдаалах гэмт хэрэг нь зөвхөн кинон дээр гардаг шиг хүнийг хулгайлах, эд эрхтнийг наймаалах байдлаар явагддаггүй. Бас хар машинтай хүмүүс бусдыг гэнэтхэн шүүрч аваад хулгайлах тухай ганцхан ойлголт биш юм. Энэ төрлийн гэмт хэрэг хүний хэрэгцээ, эмзэг байдал дээр нь тулгуурлан үйлдэгддэг бөгөөд олон шат дамжлагатайгаар явагдаж байна. Монголд, хилийн чанадад ч зохион байгуулалттайгаар үйлдэгддэг.

Ажилгүйдэл, ядуурал нь хүмүүсийг, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг улс орны  дотоодод болон хилийн чанадад хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болгох, түүнчлэн хувийн байдал нь тогтворгүй, бусдад амархан хууртаж итгэдэг, дээрх гэмт хэргийн талаар мэдлэг мэдээлэл дутуу зэрэг нь бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болоход гол хүчин зүйл, суурь шалтгаан болж байгааг хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг Анбаунд Монгол ТББ-ын мэргэжилтэн хэлж байна.

Зарим хүмүүс өөрийгөө хүний наймаанд өртсөн гэдгээ ч мэдэхгүй тохиолдол байдаг аж. Тиймээс таны эргэн тойронд таны ойр дотнын хэн нэгэн, амьдарч байгаа дүүрэг, хороо аймгийн сум, багын нутаг дэвсгэрт хүнийг, хүүхдүүдийг мөнгө олох зорилгоор биеийг нь үнэлүүлж байгаа асуудлууд байвал та өөрийнхөө харьяалагдах цагдаагийн газар яаралтай мэдэгдэж таслан зогсоох үүрэгтэй юм шүү.

АНУ-Монгол Улсын хооронд байгуулагдсан Хүүхэд Хамгааллын Компакт гэрээний хүрээнд хийгдэж буй энэхүү аянд дурдагдсан үзэл бодол, мэдээлэл, дүгнэлт нь зөвхөн зохиогчийнх бөгөөд АНУ-ын Төрийн Департаментын үзэл бодлыг илэрхийлээгүй болно.

#мэдээ