"Би олон орны хөл бөмбөгчдийг дасгалжуулсан. Монгол хүүхдүүд хурдаараа илүү юм"


YOLO.mn | YOLO.MN
2023-09-12

  • “Itallian soccer camp”  хөлбөмбөгийн зуны сургалт боллоо.
  • Сургалтад 120 хүүхэд хамрагджээ.
  • Сургалтад хамрагдсан хүүхдүүдээс 3 хүүхэд Итали улсыг зорино.

Италийн мэргэжлийн хөлбөмбөгийн багш дасгалжуулагчид Монголд ирж “Itallian soccer camp” зуны сургалтыг явууллаа. Сургалтад хөлбөмбөгийн спортыг шимтэн сонирхогч 8-14 насны 120 хүүхэд хамрагдсан юм. Нийт тав хоногийн хугацаанд үргэлжилсэн зуны сургалт өнөөдөр өндөрлөж шилдэг гурван хүүхэд Итали улсыг зорихоор боллоо. 

Төслийн зохицуулагч О.Баяржаргал: Манай улс 12 жилийн өмнө хүүхдийн хөлбөмбөгийн зуны сургалтыг үнэ төлбөргүй, хувцас хэрэглэлийн бүрэн хангамжтайгаар зохиож байсан.  Харин энэ жилээс Италийн хөлбөмбөгийн холбоотой хамтран сургалтаа хоёрдох удаагаа амжилттай хэрэгжүүллээ. Бид ур чадвараас илүү тухайн хүүхдэд хөлбөмбөгийн спорт хэр үнэ цэнтэй гэдгийг чухалчилж үзсэн. Монголын хөлбөмбөгийн  ирээдүй хойч үеийг бэлтгэх, дэлхийд өрсөлдөхүйц ур чадвартай болгох энэхүү сургалт жил бүр хэрэгжинэ.

Дасгалжуулагч Бенчивенга Мауро: Монголд анх удаа ирж хөлбөмбөгийн спортод  хайртай,  хүсэл эрмэлзэл дүүрэн хүүхдүүдтэй уулзсандаа баяртай байна. Авьяас гэдэг бол дэлхийн өнцөг булан бүрд бий.  Монголд ч мөн ирээдүйн авьяаслаг хөлбөгчид олон байна гэдгийг харлаа. Миний хувьд олон орны хөлбөгбөгчдийг дасгалжуулж байсан туршлагатай. Харин Монгол хүүхдүүд тэднээс хурдаараа хавь илүү юм. Ийм хурдан шаламгай хүүхдүүд Монголд л байдаг байх.

Ч.Энхсүлд: Би Итали дасгалжуулагчдын нүдэнд өртөж, өөр олон орны хүүхдүүдтэй хурд хүчээ үзэх сэн гэж өөрийгөө их дайчилсан. Бэлтгэлдээ хамгийн түрүүнд ирж, дасгалжуулагчдын зөвлөгөөг тухай бүр нь засаж хэрэгжүүлсэн. Энэ хичээл зүтгэл минь үнэлэгдэж шилдэг гурван хүүхдийн нэг болсондоо баяртай байна. Ирээдүйд мэргэжлийн хөлбөмбөгчин болох мөрөөдөл минь нэг алхам урагшиллаа. 

Д.Анхням: Сургалтад хамрагдсан эхний өдрөөсөө л би Италийг зорино гэдэгтээ итгэлтэй байсан. Учир нь хөлбөмбөгийн спортод би маш их хайртай. Итали дасгалжуулагчийн Лионель Месси шиг тамирчин болоорой гэх үг надад том урам болсон. Би ирээдүйд заавал хамгийн сайн мэргэжлийн хөлбөмбөгчин болно.

“Itallian soccer camp” зуны сургалт нь дэлхийн 30 гаруй оронд хэрэгжиж жил тутам 200 орчим хүүхэд Итали улсыг зорьдог аж.  Тэд өөрсдийн хурд хүч, ур чадвараараа өрсөлдөн дахин шалгаруулалтад орж хоёроос гурван хүүхэд Италийн хөлбөмбөгийн багтай онцгой гэрээ байгуулах юм. Манай улсаас шалгарсан гурван хүүхэд 2023 оны 10-р сард Итали улсыг зорино.

 

 

#мэдээ