Ажиллахаас илүү аялахыг чухалчилж буй ДЭЛХИЙН ЗАЛУУС


Сондор | YOLO.MN
2023-08-21

Deloitte зөвлөх компаниас хийсэн судалгаагаар Z болон миллениал үеийн олон хүн ажлын ачааллаас болж ядарч туйлдах нь нэмэгдсээр байгаа гэжээ. Цар тахлын хөл хорионы үед залуус өөрийн ажил амьдралын тэнцвэрийн талаар эргэцүүлж, дахин үнэлэхэд хүргэсэн гэж тайланд дурджээ.

Сэтгэлзүйн уналт буюу тэсрэлт нь ихэвчлэн ажлын байрны архаг стрессээс үүдэлтэй бөгөөд эрч хүч сулрах, урам зориггүй болж, ажилдаа дургүй болох зэрэг мэдрэмжээр тодорхойлогддог байна. Залуу хүн үүргэвчээ баглаж, ажлаа сэтгэл шулуудан орхих нь огт шинэ зүйл биш болжээ. Тодруулбал ажлаас илүүг аяллыг чухалчлах дэлхийн залуус олон болсон байна.

                     “НАЙЗ МИНЬ, МИНИЙ ТӨРСӨН НУТГААС ЧИНИЙ ТӨРСӨН НУТАГ РУУ АЯЛЪЯ”

24 настай Жэк Скотт өдөр бүр ажилдаа явдаг нэгэн хэвийн амьдралын хэв маягаас залхсан байв.  Скотт механик инженерийн мэргэжлээр их сургуулиа төгсөөд хөргөлтийн компанид есөн сарыг өнгөрөөхдөө хийж буй зүйлдээ тийм ч сэтгэл хангалуун биш байжээ. Өөрчлөлт хийх шаардлагатайг мэдэрсэн тэрээр ажлаа орхисон байна.

Мөн түүний коллежийн найз 25 настай Жеймс Флеминг оффисын сургалт зохион байгуулагчаар ажиллаж мөнгө сайн олдог байсан ч компьютерын ард олон цагаар суухаас залхаж байв. Тэрбээр ажлын гэрээ дуусгавар болоход Скотттой хамт аялахаар Лондонг орхин явжээ. Флеминг хэлэхдээ "Миний хувьд маш олон шөнийг компьютерын гар “нүдэж” өнгөрөөсөн. Нэг үгээр би урам зориггүй болсон тул аялал хамгийн оновчтой шийдэл болсон” гэжээ. Тэд бол ажлын төлөө тэмцэж буй 20 настнуудын эгнээнээс сайн дураар гарч, үүргэвчээ үүрэн аялалд гарсан найзууд юм.  

Скотт "Манайхаас эхлээд танай нутаг руу явъя" гэжээ. Тэд ажил хэмээх дарамтаас ангижирсны дараа нэгнийхээ төрсөн хотоос нөгөөгийнхөө төрсөн нутаг хүртэл буюу Шотландын Оркни, Зимбабвегийн Хараре хот руу 27400 км замыг машинаар аялах төлөвлөгөө боловсруулжээ.

Тэд өдрийн нарыг дүүрэн ашиглахын тулд өдөр бүр үүр цайхын өмнө сэрж 14 цагийн турш Нигер, Камерун, Конгогоор дамжин уулын шороон замаар давхиж байв. Нэгэн удаа тэд Габоны Лопе үндэсний цэцэрлэгт хүрээлэнд таван цагийн турш шаварт суухад таарсан ачааны машин тэднийг гаргажээ.

"Бид үндсэндээ гурван долоо хоногийн турш бараг өдөр бүр машинтай давхидаг байсан ч азаар байгаль маш үзэсгэлэнтэй байсан" гэж Флеминг хуучилжээ. Түүний хувьд Зимбабвегийн байгаль хамгаалах чиглэлээр ажиллах ажил олсон ч  зургаан сар хойшилжээ. Харин Скотт хөргүүрийн ажилдаа буцаж орсон ч удаан үргэлжилсэнгүй, дахиад аялахаар замдаа гарав.  Энэ оны эхээр тэр Гватемал, Белиз, Эль Сальвадорыг тойрон зугаалсан. Их Британид буцаж ирснийхээ дараа тэрээр карьераа сольж, одоо Оркнейд далайн гүнд шумбаж байна.

                 "БИ ДАХИАД НЭГ ӨДРИЙГ Ч ӨНГӨРӨӨЖ ЧАДАХГҮЙ, ЯГ Л ЖИВЖ БАЙГАА МЭТ САНАГДАЖ БАЙЛАА”

26 настай блогчин Николь Ху хөл хорионы үеэр Чикаго дахь борлуулалтын ажлаа орхиж, олон орноор явах маш урт адал явдалт аялалдаа гарчээ. Чикагод байхдаа Николь Ху 2019 онд их сургуулиа төгсөөд борлуулалтын ажилдаа дуртай, ямар ч гомдоллох зүйл байсангүй. Тэрээр хамт олондоо дуртай, түүнийг дэмждэг даргатай байсан бөгөөд цар тахал гарах хүртэл стресс багатай байсан. Түүнийг Чикаго руу буцаж очин зайнаас ажиллаж эхлэхэд түүний карьерын төлөвлөгөө нь нуран унаж, ажилдаа сэтгэл ханамжгүй болжээ. Тиймээс тэр аяллын төлөвлөгөө боловсруулж эхлэв.

Хөл хорионы үед Ху цалингаа хадгалж, 2021 онд хязгаарлалт суларч эхлэхэд ажлаасаа гарч эхлээд Гватемал руу аялсан.  Энэ нь ердөө хоёр долоо хоногийн аялал байсан ч тэр зуныг Европт сайн дурын ажил хийж Мексикт 10 хоногийг өнгөрөөсөөр түүний аялал нийт гурван сар үргэлжилсэн юм.

"Би амьдралдаа юу хийхээ мэдэхгүй байна гэдэг хүмүүст “Эхлээд нэг жил, зургаан сар, 10 сар, эсвэл ядаж нэг сар аялаад, дараа нь юу ч байсан хийгээрэй” гэж зөвлөдөг” хэмээжээ. Урт хугацааны аяллын урьдчилан таамаглах аргагүй байдал нь Ху-д маш их таалагдсан байна. "Энэ бол өглөөний 8:30 цагт босоод, компьютерээ асааж, Zoom уулзалтад оролцохоос хамаагүй илүү сэтгэл хөдөлгөм юм. Өдөр бүр нэг ижил зүйл хийдэг, чи юу хийхээ мэддэг байх нь гунигтай. Чи боломжтой үедээ амьдралаа сайхан өнгөрүүлэх хэрэгтэй” гэжээ.

Одоо аяллынхаа талаар блог хөтөлж байгаа Ху хэлэхдээ, найз нөхөд болон түүний үеийн бусад хүн ч мөн адил карьерынхаа эмзэг байдлын талаар эргэцүүлэн бодож эхэлсэн гэжээ. АНУ-ын эдийн засгийн өнөөгийн нөхцөлд залуучууд инфляцийг даван туулах, гэр бүлдээ нэмэр болоход улам бүр хэцүү болж байна гэж тэр хэлэв.  Ху одоо аль болох адал явдал эрэлхийлэхийн тулд мөнгө зарцуулах болжээ. Тэрээр Мадрид руу ажиллахаар нүүхээсээ өмнө есдүгээр сар хүртэл аяллын урт хуваарь гаргаад байна.

                      “ТАНЫ АЖИЛ ЯМАР Ч БАЙСАН, БИЕ МАХБОДЬ, ТАРХИА СЭРГЭЭХ ХУГАЦААГ ӨӨРТӨӨ ГАРГААРАЙ”

Контент бүтээгч Преэти Партасарати 2017 оны сүүлээр 26 настай байхдаа банкны ажлаа орхиж, дараагийн 35 жилийн хугацаанд юу хийх талаараа эргэцүүлжээ.  "Хэрвээ би одоо л зогсохгүй бол  үүнийг зогсоохоо мэдэхгүй хийсээр л байх болно" гэж бодон сэтгэл шулуудсанаа хэлж байв.

Преети Партасарати эргэн тойрныхоо хүмүүст Энэтхэг дэх банкны тогтвортой ажлаасаа гарч аялалд гарахаар болсон талаараа хэлэхэд ялангуяа гэрийнхэн нь үе дамжиж ирсэн зогсолтгүй ажиллах хандлагыг үгүйсгэж буйд тийм ч сэтгэл хангалуун байсангүй. Аяллын сайхныг төдийлөн сайн мэдэхгүй ахмадууд түүнээс нарийн төлөвлөгөө, санхүүгийн ирээдүйнх нь талаар асуултуудаар булж, халаглаж байв. Харин тэр дараагийн үе тэнгийнхэн нь түүнээс урам зориг, үлгэр жишээ авч амьдрах болно гэж итгэсэн.

Эхлээд зургаан сар л аялах санаа байсан ч өдгөө түүний аялал сүүлийн таван жил гаруйн турш үргэлжилж байна. Аялал нь Партасаратигийн хувьд карьераа мэдэгдэхүйц өөрчлөхөд хүргэсэн бөгөөд тэрээр одоо олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон Peppy Travel Girl хэмээх өөрийн вэбсайт дээр адал явдлаа өгүүлсэн контент бүтээгч болжээ.

"Би маш даруухан гэр бүлээс гаралтай, ачаалалд дуртай нэгэн биш байв. Гэр бүлийнхэн минь намайг ажлаасаа гарч, аялах шийдвэр гаргахад маш их шаналж байсан ч надад итгэсэн. Энэ нь тухайн үед Энэтхэгт ер бусын алхам байсан ч одоо илүү нийтлэг үзэгдэл болсноос үзэхэд, би үүнийг түүчээлсэн хүмүүсийн нэг байсандаа баяртай байна” гэж Пархасарати хэлжээ.

Харамсалтай нь тэр аяллынхаа эхний өдөр л осолд орж, дотуур байранд бүтэн долоо хоног хэвтжээ. Эхэндээ тэрээр орчлон ертөнц түүнийг аялж болохгүй гэсэн дохио илгээж байна гэж төөрөлдөн “Би хариад нөгөө л нэг ажлаа хийх ёстой юу?” хэмээн эргэлзэж байв. Эцэст нь тэрээр илааршин Энэтхэгийн хойд хэсэгт орших Гималайн бүс болох Кашмир руу анхны  аяллаа хийжээ. Тэр энэ аяллаа диваажин гэж тодорхойлдог. Учир нь тэр энд анх удаа цас харж, цанаар гулгаж үзсэн байна.

Тэр цагаас хойш зогсолтгүй аялж Шри-Ланка, Мальдив, Австралийн онцлох газруудаар дэлхийг тойрон эцэс төгсгөлгүй аялсаар явна. Түүнд тохиолдсон туршлага, үзсэн газар, эрсдэлүүд нь түүнийг өнөөдөр хэн болохыг нь бүрдүүлсэн гэж Пархасарати өөрийгөө дүгнэв. "Хэрэв би хуучин ажлаа үргэлжлүүлсэн бол тэс өөр хүн байх байсан юм шиг санагддаг. Өнөөдрийн би түүнээс хамаагүй илүү их туршлагатай нэгэн болсон" гэжээ. Мөн тэрбээр “Хүн ажлаас түр завсарлага авах нь нийгэмд дутуу үнэлэгддэг ч тухайн хүний өсөлт, хөгжилд маш чухал зүйл юм. Таны ажил ямар ч байсан, бие махбодь, тархи толгойгоо сэргээх хугацааг өөртөө өгөх нь маш чухал” хэмээжээ.

Эх сурвалж: CNN

#нийтлэл