Дэлхийн өндөр барилгуудад авирдаг франц залуу Хонконгийн цамхагаас унаж амиа алджээ


А.Номин | YOLO.MN
2023-08-02

  • Амиа алдсан эрэгтэй өмнө нь хэд хэдэн удаа өндөр барилгууд руу авирч байсан аж
  • Тэрбээр өндөр барилга дээр буй бичлэг, зургуудаа цахим хуудсандаа байршуулдаг байжээ
  • Залуу Хонконгийн Трегунтер цамхгаас унаж, амиа алдсан юм

Энэ сарын 29-нд Хонконгийн барилгаас унаж амиа алдсан гэх эрэгтэй өмнө нь өндөр барилгууд дээр хэд хэдэн удаа гарч байсныг түүний цахим хуудаснаас илрүүлжээ.

Цагдаа нар 30 настай, Франц залууг экстрим буюу эрсдэлтэй спортоор хичээллэж байгаад амиа алдсан эсэхийг тодруулахаар ажиллаж байна. Реми Люсиди гэх тус залуу энэ сарын 17-нд Хонконгийн нэгэн буудалд буудалласан бөгөөд ням гарагт буудлаасаа гарах байсан гэв.

Люсиди пүрэв гаргийн 19.30 минут орчимд Трегунтер цамхгийн 68 давхарт байрлах пентхаусны цонхыг гаднаас нь тогшсон хэмээн түүнийг харсан гэрч мэдүүлжээ. Тэрбээр шууд цагдаад мэдэгдсэн ч тэднийг ирэхээс өмнө залуу барилгаас унаж амиа алдсан аж.

Цагдаа нар хэргийн газраас спортын зориулалттай камер олсон ба тус камерт экстрим спортын бичлэгүүд байсан гэв. Урьдчилсан байдлаар түүнийг өндөр барилга руу авирах явцад байдал хүндэрсэн тул тусламж гуйх гэж оролдсон. Гэсэн ч нэгэнт оройтож, залуу барилгаас унаж, амиа алдсан гэж үзэж байгаа аж.

Түүний цахим хуудаснаас өмнө нь өөр улсуудын барилга дээр мөн гарч байсан зураг, бичлэгүүд олжээ. Тухайлбал өнгөрсөн жилийн аравдугаар сард Францын хамгийн өндөр яндан руу авирч, яндангийн ирмэгээр ямар ч оосоргүй алхаж буй бичлэгээ байршуулсан байна.

Эх сурвалж: Today

#мэдээ