З.Намуун: Шантармаар үеүдэд ч бууж өгөлгүй хичээсэн минь хүссэн сургуульдаа тэнцэхэд нөлөөлсөн


YOLO.mn | YOLO.MN
2023-07-27

Yolo.mn дэлхийн топ их дээд сургуульд тэтгэлэгтэй тэнцсэн сурагчдыг онцлон хүргэж буй билээ. Энэ удаа АНУ-ын Вандербилтийн Их Сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй тэнцсэн З. Намуунтай ярилцлаа. Та бүхэн хүссэн сургуульдаа тэнцэж, тэтгэлэг авсан З.Намууны  нууцыг доорх ярилцлагаас олж мэдээрэй. 

 

Сайн байна уу? Юун түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулаач. 

 Сайн байна уу. Намайг  Золжаргалын Намуун гэдэг. Томүжин альтернатив сургуулийн өнгөрсөн жилийн төгсөгч, АНУ-ын Вандербилтийн их сургуулийн 2027 оны төгсөгч байна.  

Хүссэн сургуульдаа тэнцсэнд нь баяр хүргэе. Тэнцсэн сургуулиудаасаа яагаад Вандербилтийн  их сургуулийг сонгох болсон бэ? 

Баярлалаа. Миний хувьд сургуулиуд руу өргөдлөө илгээхдээ тэтгэлгийн хэмжээг чухалчилсан.  Вандербилтийн Их Сургууль руу ed апплейкешн буюу өөрийн хүссэн цорын ганц сургууль руугаа эрт өргөдлөө явуулж, эрт хариугаа авахаар бодон илгээсэн. Ийн хүссэн сургуулиасаа тэнцсэн хариу авч 100 хувийн тэтгэлэг хүртсэндээ баяртай байна.  

Өргөдөл илгээхдээ юун дээр түлхүү анхаарсан бэ? 

 Би АНУ-ын их сургуулиуд руу хоёр жил дараалан өргөдлөө илгээсэн. Эхний жил өргөдлөө илгээхдээ зөвхөн эсээн дээрээ эсвэл хичээлээс гадуурх ажлууд дээрээ түлхүү анхаарсан нь   зөв шийдвэр байгаагүй. Тийм учраас завсар жил аван бүх зүйлээ жигд төлөвлөсөн.  Мөн энэ хугацаандаа өөрт өгсөн амлалтаа биелүүлж дэлхийн аваргад оролцон ой тогтоолтын их мастер болсон.  

Эсээ болгонд онцлог гэж байдаг шүү дээ. Чиний хувьд бичсэн эсээний чинь онцлог, давуу тал юу вэ? 

Эхний жил би  эсээ бичих дээ их гоншигносон. /инээв/ Би ийм хүүхэд тийм учраас намайг авчих тэгэх үү гэж өрөвдүүлэх гэж оролдсон юм уу даа. Харин хоёр дахь жилдээ энэ алдаагаа давтахгүйн тулд арай өөр өнцгөөс харсан. Хүрээлэл хүний амьдралд хэчнээн чухал болохыг өөрт гарсан эерэг өөрчлөлтүүдээр дамжуулж илэрхийлсэн. Миний хувьд аравдугаар анги хүртлээ Орхон аймагт суралцаж байгаад арван нэгдүгээр ангиасаа Томүжин сургуульд суралцах шийдвэр гаргаж хотод ирсэн. Энэ хоёр хүрээллийн ялгааг ой тогтоолтын спорттойгоо холбон ганцаараа бэлтгэл хийх хамтаараа хичээх хоёрын алд дэлэм зөрүүг л анзаар ч бичсэн дээ.  

Тэтгэлэгт тэнцэхээсээ өмнө хэрэгжүүлж байсан  төслөөсөө манай уншигчдад танилцуулна уу? 

 Би Томүжин сургуульд суралцахаасаа өмнө төсөл гэдгийг оффисын ажил эрхэлдэг том ах эгч нарын л хийдэг ажил гэх ташаа бодолтой байлаа. Харин арваннэгдүгээр ангиасаа эхлэн арван жилийн сурагч хүртэл төсөл хэрэгжүүлэх боломжтой гэдгийг ойлгосон доо. Нийгэм болон зурагтай холбоотой хэд хэдэн төсөл хэрэгжүүлсэн. 

 


Чөлөөт цагаараа дурлаж хийдэг зүйлс юу вэ? 

 Миний хувьд  чөлөөт цагаараа хийх  тогтсон зүйл байхгүй. Тухайн үед юу хиймээр байна түүнийгээ л хийдэг. Юм нэхэж сурах хүслээ биелүүлсэн. Мөн саяхнаас фитнест явж эхэлсэн.  Цаашдаа нэг спортоор дагнаж хичээллэх төлөвлөгөөтэй байна.  

Сурах арга барилаасаа хуваалцвал? 

Миний сурах арга барил бол үр дүнтэйгээр тогтож суух юм уу даа. Багаасаа л ой тогтоолтын спортоор хичээллэж эхэлсэн болохоор ч тэр үү тухайн зүйлдээ бүрэн төвлөрч гараасаа юм гаргах дуртай. Энийг хийж дуусгана л гэж бодсон бол заавал дуусгаж байж амардаг.  Хийх ёстой зүйлээ дараа гэж хойшлуулалгүй цаг  тухайд нь хийх  хэрэгтэй. 

АНУ-руу өргөдлөө илгээмээр байгаа олон хүүхдүүд байгаа ч хамгийн эхний асуудал нь мэдээж англи хэл байдаг. Таны хувьд хэрхэн англи хэл сурч байсан бэ?Англи хэлийг хэрхэн сурсан бэ? 

Би дунд ангиасаа л гадаадад сурах бодолтой байсан.  АНУ-д сурахын тулд мэдээж хэлний шалгалт өгнө. Тийм учраас хэл сурах замналаа үг цээжлэхээс эхлүүлээд, ерөнхийдөө бие даан англи хэлийг сурсан. Ер нь хүрээлэл их чухал юм байна лээ. Хүүхдүүд хажууд англиар ярьж, кино үзэхдээ хүртэл төвөггүй ойлгоод, к драмаг хүртэл англи орчуулгатай үзээд байхаар яах ч аргагүй аяндаа л англи хэлийг хэрэглээндээ оруулдаг.  Энэ их том дэвшил байсан шүү. Тэгээд бас карентины үед гэртээ цуврал зохиолууд их уншдаг байсан. /Харри Поттероос эхлүүлээд л ххэ/ Ер нь ямарваа нэг хэлийг сурахдаа сонсож, уншиж өөртөө суулгах хэрэгтэй.  Буцаагаад ярьж, бичих чадвараар гадагшлуулж сурсанаа бататгана. Энэ зарчмаар сурах нь их зөв тактик юм шиг санагдсан.

Өргөдлөө илгээх, тэтгэлэг авах процесс тийм ч хурдан бас үр дүн нь тодорхой гарах үйл явдал биш шүү дээ. Шантрах үе байсан уу?  

 Шантармаар санагдсан үе  мэдээж олон. Харин шантарсан үе надад байхгүй ээ. Шөнө дунд эсээгээ бичиж байхдаа ганцаараа уйлж, сургуулийнхаа шатан дээр эморч суудаг байлаа.  Яг тэр цаг хугацааг давж эсээгээ бичиж дуусгаад, өргөдөл илгээх товчийг дарах  тэр мэдрэмж  үгээр хэлэмгүй сайхан. 

Үнэхээр талархаж явдаг дурсамжаасаа хуваалцвал? 

 Өрнөхбаяр захиралдаа талархсанаа илэрхийлмээр байна. Учир нь  арванхоёрдугаар ангид өргөдөл, төсөл, хичээлээс гадуурх ажлууд давхцаад бүхнийг амжуулахын тулд маш их стрессдсэн.  Яах учраа эс олохдоо  шатан дээр суун  уйлаад хамгийн түрүүнд  Өрнөхбаяр багш руу залгасан хэрэг.  Энгийн нэгэн сурагч чадахгүй нь гээд уйлахад ойлгож сонсоод  итгэл найдвар өгсөн учир би маш  баярладаг.  

Сургуулийнх нь зүгээс өргөдлөө илгээхэд нь хэрхэн нөлөөлсөн бэ? 

Мэдээж Томүжингийн хүрээлэлд багтдаг хүн нэг бүрийн хувь нэмэр  хүссэн сургуульдаа тэнцэхэд минь нөлөөлсөн. Өргөдөл илгээх аравдугаар сараас арванхоёрдугаар сарын хооронд эд бужигнана.  Бүгд л нэг ижил зорилготой учир  эсээгээ дамжуулж уншин зөвлөх багш нар маань шөнө хугаслан өргөдөл дээр ажиллана.  Тийм хүмүүсээр хүрээлүүлсэн хүн чинь юуг ч даван туулж чаддаг юм байна лээ.  

Ирээдүйгээ хэрхэн төлөвлөж байгаа вэ? 

 Миний хувьд оюутан байх хугацаагаа ерөнхийд нь төлөвлөсөн. Дэлхийн томоохон их сургуульд тэнцсэний учир олж авах бүх мэдлэгээ хуримтлуулж өөрийгөө дайчлах бодолтой байна. Их сургуулийн дөрвөн жил зөвхөн өөрөө өөртөө зориулах үнэ цэнтэй цаг хугацаа. Тийм учраас давхар мэргэжил эзэмшин, шинэ спортоор хичээллэж, олон улсуудаар аялаж  хүмүүстэй танилцан шинэ содон бүхий л зүйлийг туршиж үзэхийг хүсэж байна. 

Манай уншигчдад таны зүгээс өөр юуг хэлмээр байна вэ? 

 Хүүхэд бүр гадаадад суралцах  мөрөөдөлтэй байх албагүй. Гэхдээ миний хувьд АНУ-ын их сургуулиудыг судлаад нэг үзээрэй гэж хэлэх гэсэн юм. Учир нь чиний тавь, жаран жилийн амьдралыг өөрчлөх том боломж тэнд байж магад

#нийтлэл