"ААВ ЭЭЖ ХОЁР минь салчих вий гэж би ҮРГЭЛЖ АЙДАГ"


ССҮТөв | YOLO.MN
2016-12-28

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Аав ээж хоёр минь салчих вий гэж би маш их айдаг

Сайн байна уу. Би 13 настай. Намайг Г гэдэг. Манай ээж гадаадад ажиллаж амьдардаг. Харин аав хотод ажиллаж, ах маань сурдаг. Одоо би эмээтэйгээ амьдарч байна. “Ээж чинь тэндээ бараг л шинэ нөхөртэй болж байгаа” гэж аав дандаа ах эмээ бид гуравт хэлдэг. Заримдаа аав ээжээс мөнгө нэхдэг. Өмнө аав маань дандаа архи уудаг байсан. Одоо больчихоод ээжийг ярихгүй болохоор дандаа уурладаг. Аав, ээж хоёр минь салчих вий гэж үргэлж айдаг, би яах вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Ээжтэйгээ холбоотой байдаг бол ээждээ ч мөн энэ сэтгэгдэл мэдрэмжээ гаргаж хэлээрэй

Сайн байна уу? Чамд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө ээж аавууд хоорондоо таарамжгүй, асуудалтай байгаад хүүхдүүд буруутай байдаггүй гэдгийг санаарай. Ихэнх тохиолдолд хүүхдүүд өөрийгөө тэр асуудалд буруутай мэтээр, би л байхгүй бол энэ гэр бүл сайхан байх байж гэсэн буруу төсөөлөл, ойлголттой явдаг шүү. Тиймээс чамд ч бас ийм төрлийн бодол орж ирж байвал битгий өөрийгөө буруутга, чамд буруу байхгүй гэдгийг хэлье. Харин дараагийн хийх зүйл чинь аавдаа энэ байдал хэцүү байгааг хэлж, чи өөрийнхөө зүгээс юу хийж туслаж болох вэ гэдгээ асуугаарай. Энэ асуулт аавд чинь “хүүхдүүд нь ч мөн гэр бүлийн ийм асуудалд санаа зовж байгаа”-г ойлгуулж, цаашид хүүхдүүдийнхээ дэргэд хамаагүй сөрөг сэтгэгдэл хэлэхгүй байх дээр анхааруулга болох ёстой. Мөн энэ талаар эмээтэйгээ, ахтайгаа ярилцаж үзээрэй. Мөн ээжтэйгээ холбоотой байдаг бол ээждээ ч мөн энэ сэтгэгдэл мэдрэмжээ гаргаж хэлээрэй. Өөрөөр хоёуланд нь асуудлыг шийдвэрлэж, бүр мөсөн нэг тийш болгох боломж харамсалтай нь байхгүй. Гэхдээ чиний хийх үйлдэл аав ээжид чинь нэгийг бодогдуулж, өөрчлөлт бий болгоно гэдэгт итгээрэй.
 

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн 
сэтгэл судлаач И.Тогтуун

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Problem #Parents #Teenagers