Олон улсын биологийн олимпиадаас хоёр хүрэл медаль хүртлээ


Д.Төгөлдөр | YOLO.MN
2023-07-12

Олон улсын биологийн 34-р олимпиад энэ сарын 3-10-нд Арабын Нэгдсэн Эмират Улсын Эль Айн хотод боллоо.

Тус олимпиадад Монгол Улсаа төлөөлөн Улаанбаатар хотын Шинэ-Үе Сургуулийн 11-р ангийн сурагч Г.Мишээл, Байгаль-Эх лицей ахлах сургуулийн 11-р ангийн сурагч Г.Ирээдүй, Нэгдүгээр сургуулийн сурагч 12-р ангийн сурагч Л.Индра, Шинэ Эхлэл ахлах сургуулийн 12-р ангийн сурагч Т.Намуун нар оролцлоо. Мөн Монголын багийн бүрэлдэхүүнд МУИС-ийн Биологийн тэнхимийн профессор Л.Ариунцэцэг, профессор Б.Болдгив, дэд профессор Г.Баярмаа, дэд профессор Д.Нарангарвуу нар багтсан юм.

Нийт 80 орны 304 сурагч Биологийн шинжлэх ухааны салбарууд болох "Амьтны анатоми, физиологи", "Эсийн биологи", "Экологи", "Зан төрх", "Генетик", "Эволюци", "Ургамлын физиологи" гэсэн чиглэлүүдээр онолын (нийт 168 хуудас материал), “Биохими”, “Биоинформатик”, “Экологи ба Зан төрх”, “Ургамлын молекул биологи” гэсэн чиглэлүүдээр дадлагын (нийт 66 хуудас материал) гүйцэтгэж мэдлэг, оюун ухаанаа сорин өрсөлдөв.

Шинэ-Үе сургуулийн 11-р ангийн сурагч Г. Мишээл хүрэл медаль (Бэлтгэсэн багш Д.Чинзориг), Шинэ Эхлэл сургуулийн 12-р ангийн сурагч Т. Намуун хүрэл медаль (Бэлтгэсэн багш Л.Чулуунням), Байгаль-Эх лицей сургуулийн 11-р ангийн сурагч Г.Ирээдүй тусгай байр (Бэлтгэсэн багш Ё.Даваасүрэн) эзэллээ.

#мэдээ