Л.Номон-Эрдэнэ: Өөртөө үнэнч байсан минь АНУ-ын 12 их сургуульд тэнцэхэд нөлөөлсөн


YOLO.mn | YOLO.MN
2023-07-12

Yolo.mn дэлхийн топ их дээд сургуульд тэтгэлэгтэй тэнцсэн сурагчдыг онцлон хүргэж буй билээ. Энэ удаа Дорнод аймгаас Улаанбаатар хотноо шилжин ирж АНУ-ын 20 их сургууль руу өргөдлөө илгээн, 12-т нь тэнцсэн Л.Номон-Эрдэнэтэй ярилцлаа. Дьюкийн  их сургуульд 100 хувийн тэтгэлэг хүртэн ирэх намраас суралцах болсон байна.

Та бүхэн хүссэн сургуульдаа тэнцэж, тэтгэлэг авсан Л.Номон-Эрдэнийн нууцыг доорх ярилцлагаас олж мэдээрэй. 

 

YOLOСайн байна уу? Юун түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулаач.

- Сайн байна уу?  Намайг Л.Номон-Эрдэнэ гэдэг. “Томүжин Алтернатив” сургуулийн 2022 оны төгсөгч, Дьюкийн их сургуулийн 2027 оны төгсөгч. 

YOLOХүссэн сургуульдаа тэнцсэнд нь баяр хүргэе. Тэнцсэн сургуулиудаасаа яагаад Дьюкийн  их сургуулийг сонгох болсон бэ?

  - Би АНУ-ын  20 их сургуульд өргөдлөө илгээж 12-т нь тэнцсэн.  Тэдгээрээс Дьюкийн их сургууль болон Менарвагийн их сургууль 100 хувийн тэтгэлэг өгсөн.  Би хиймэл оюун ухааны чиглэлээр  суралцах хүсэлтэй байсан учир боломжит нөхцлүүдийг харгалзан Дьюкийн их сургуулийг сонгосон.

YOLOӨргөдөл илгээхдээ юун дээр түлхүү анхаарсан бэ?

- АНУ-ийн их сургууль руу өргөдлөө илгээхэд олон материал бүрдүүлдэг.  Академик оноо, нийгмийн идэвх чухал хэдий ч  миний хувьд эсээндээ голчлон анхаарсан. Бараг 40 ноорог гаргаж нэлээдгүй хугацаа зарцуулсан.

YOLOЭсээ болгонд онцлог гэж байдаг шүү дээ. Чиний хувьд бичсэн эсээний чинь онцлог, давуу тал юу вэ?

- Би хоёр жил дараалан  өргөдлөө илгээсэн. Эхний жил эсээндээ өөрийгөө магтаж,  амжилтуудаа бүгдийг нь дурдсанаас гадна амьдралынхаа хамгийн хүнд хэцүү үеүдийг бичиж өрөвдүүлэх гэж оролдсон нь маш том алдаа болсон. Тийм ч учраас нааштай хариу сонсоогүй. Харин хоёр дахь жилдээ зун болсон явдлаасаа сэдэвлэн би ямар бодолтой, юу хүсэж явдаг вэ гэдгээ байгаагаар нь  бичсэн. Тэр нөхцөл байдалд би тийм ч сайн байгаагүй…. 

YOLOНууц биш бол эсээнийхээ  тухай манай уншигчдад хуваалцаж болох уу?

- Би  10-р ангидаа Томүжин альтирнатив сургуульд суралцахаар шийдэн  Дорнодоос Улаанбаатарт ирсэн. Элсэлтийн ярилцлагын эхний өдөр би тэс өөр хүрээллийг  олж харсан. Ингээд зуны гурван сар хэрхэн өөрийгөө хөгжүүлж, чухам юу бодож, мэдэрч байснаа эсээндээ дурдсан. 

YOLO:  Тэтгэлэгт тэнцэхээсээ өмнө хэрэгжүүлж байсан  төслөөсөө манай уншигчдад танилцуулна уу?

- Томүжин Альтернатив сургуулийн нэг гол онцлог бол суралцах хугацаандаа төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг.  Би энэ хугацаанд  нийт 10-аад төсөл хэрэгжүүлсэн. Үүнээс сэтгэлд хамгийн их хүрсэн нь хиймэл оюун ухаан дээр суурилсан хүний царайг мэдэрч  ангийн ирц авах аппликейшн бүтээсэн. Сонирхож байсан чиглэлээрээ санаа гаргаж, бодит амьдрал дээр хэрэгжүүлэх гэж оролдсон учир  сэтгэл дүүрэн байдаг.

YOLOӨргөдлөө илгээх, тэтгэлэг авах процесс тийм ч хурдан бас үр дүн нь тодорхой гарах үйл явдал биш шүү дээ. Шантрах үе байсан уу? 

- Уйлмаар өдрүүд их байсан. Больчихмоор ч санагддаг байлаа. Түрүүн хэлсэнчлэн би хоёр жил дараалан өргөдлөө илгээсэн. Эхний жил маш их хичээн, шалгалтуудаа сайн өгч, эсээгээ хичээнгүйлэн бичсэн  ч  ихэнх сургуулиас тэнцээгүй гэх хариу хүлээж авсан.  Ингээд  дараа жил өргөдлөө илгээхээр болж  завсарлага авсан даа.  Хичээл зүтгэл минь үр  дүнд хүрээгүй учир сэтгэлээр унаж,  шантарч байлаа. Тэр үед  аав ээж минь надад  урам өгч хамгийн сайн дэмжигч байсан учир "би чадна" гэх итгэлээ дахин олж авсан. Энэ ярилцлагыг уншиж буй эцэг эхчүүдэд хандан хэлэхэд хүүхэд тань ямар нэгэн зүйлийн төлөө хичээнгүйлэн суралцаж байгаа бол итгэж, дэмжиж байгаарай гэж хүсмээр байна.

YOLOҮнэхээр талархаж явдаг дурсамжаасаа хуваалцвал?

- Хүүхдүүд  өргөдлөө илгээхээс долоо хоногийн өмнө сургууль дээрээ хонож бэлдэнэ. Шөнийн гурван цагт бүгд суугаад юмаа хийсээр л байдаг. Өглөөний цайгаа хамт ууж, дасгал  хүртэл хийнэ.  Шантарч, ядарсан үеүдэд хамт байгаа найз нөхдөө хараад би ганцаараа биш шүү “чадна” гэх итгэл,  урам зоригийг авдаг.  Тухайн үед стрессттэй хэцүү байсан ч одоо эргээд бодоход хамгийн дурсамжтай, нандин  мөч болон үлджээ. 

YOLOСургуулийнх нь зүгээс өргөдлөө илгээхэд нь хэрхэн нөлөөлсөн бэ?

- Маш их нөлөө үзүүлсэн.   Тухайлбал  төгсөгчдийн эргэх холбоо сайн байдаг нь том давуу тал болдог.  Шаардлагатай үед өмнөх  төгсөгчидтэй холбогдож  асуудлаа тодорхойлж, гарц гаргалгаа олж чаддаг. Мөн коллежуудад бэлтгэдэг тусгай хөтөлбөрөөр өргөдлөө илгээх  хүртэлх бүхий л цаг мөчид сургуулийн зүгээс боломжит бүх хувилбараар дэмждэг үзүүлдэгт талархдаг. 

 

YOLOЧөлөөт цагаараа дурлаж хийдэг зүйлс юу вэ?

Би чөлөөт цагаараа кино үзэх дуртай.  Мөн хиймэл оюун ухааны талаарх ном унших сонирхолтой. 

YOLO: Сурах арга барилаасаа хуваалцвал?

Би багаасаа гэр бүлийнхнийхээ шахалт , шаардлагаар бус өөрөө бие дааж суралцахыг чухалчилдаг байсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд илүү хурдан суралцахад анхаарч байна. Учир нь би  маш олон зүйлийг сонирхож, сурахыг хүсдэг. Гэвч цаг хугацаа хэтэрхий давчуу санагддаг учир  хурдан суралцах  арга барилыг хэрэгжүүлж байна. Үүний тулд хийж байгаа зүйлдээ бүрэн төвлөрч суух хэрэгтэй. Энэ нь хүндхэн ч гэлээ өөртөө дадал болгохын тулд хичээж л байна. 

YOLO: АНУ-руу өргөдлөө илгээмээр байгаа олон хүүхдүүд байгаа ч хамгийн эхний асуудал нь мэдээж англи хэл байдаг. Таны хувьд хэрхэн англи хэл сурч байсан бэ?Англи хэлийг хэрхэн сурсан бэ?

- Би дунд ангидаа англи хэлний сургалтад явж дүрэм их үздэг байсан. Гэвч үр дүн төдийлөн сайн гараагүй.  Томүжинд суралцах болсноор англи хэл бол энгийн зүйл гэдгийг ойлгосон. Би англи хэл сурахыг оролдох биш код бичих гэж хичээх үед англи хэл аяндаа сайжирсан.  Дээр үед англи хэл сурах хэцүү байсан байх. Одоо цагт  тийм ч том асуудал биш шүү дээ. Өдөр болгон тодорхой цагийг зарцуулж чадвал хангалттай хэмжээнд сайжирна. Англи хэлийг өөр зүйл сурахад л  ашиглах хэрэгтэй. 

YOLO: Ирээдүйгээ хэрхэн төлөвлөж байгаа вэ?

- Би тэдэн жилийн дараа ийм ажил хийнэ, ингэж суралцана гэх мэтээр холын зүйл  бодохгүй байна. Яагаад гэвэл ирээдүйд юу болохыг тааварлашгүй шүү дээ. Хоёр жилийн дараа бүх зүйл өөрчлөгдсөн байхыг ч үгүйсгэхгүй. Харин би  илүү олон зүйлийг туршиж,  сурахыг хүссэн зүйлээ сурч, алдсан ч хамаагүй оролдож үзэхийг хүсэж байна. 

YOLO Манай уншигчдад таны зүгээс өөр юуг хэлмээр байна вэ?

-  АНУ-ын их, дээд сургууль руу өргөдлөө илгээх бүх үе шат 100 хувь  өөрийн хичээл зүтгэлээс шалтгаалдаг. Би Дорнодоос Томүжинд ирээд  нэг л зүйлийг ойлгосон. Хөдөө орон нутагт   маш өндөр потенциалтай, чадварлаг хүүхдүүд олон бий. Гагц  өргөдлөө илгээх чиглүүлэг хомс байдаг учир хүүхдүүд яг хаанаас эхлэж хэрхэн бэлдэх учраа олдоггүй. Тиймээс би найзуудтайгаа хамтран  College wave төслийг хэрэгжүүлж эхэлсэн. АНУ-ын  их дээд  сургууль руу өргөдлөө илгээх хүсэлтэй хүүхдүүдэд  багахан ч болтугай тус хүргэж, явах жимийг гэрэлтүүлж өгөхсөн гэж хүсэж байна. Эцэст нь өөрөө өөртөө үнэн байж, хүсэл мөрөөдөлдөө үнэнч хандан, чин сэтгэлээсээ хичээвэл бүх зүйл боломжтой гэж хэлмээр байна.

#ярилцлага