Н.Анужин: Томүжинд элсээд - шалгалтаа өгөөд – гадаадын их сургуульд тэнцэнэ гэсэн төлөвлөгөөтэй суралцаж Стэнфордод тэнцсэн


Сурталчилгаа | YOLO.MN
2023-06-27

Yolo.mn дэлхийн топ их дээд сургуульд тэтгэлэгтэй тэнцсэн сурагчдыг онцлон хүргэж буй билээ. Энэ удаад бид Стэнфордын их сургуульд 368,000 долларын тэтгэлэгтэй тэнцэж чадсан “Томүжин Алтернатив” сургуулийн төгсөгч Н.Анужинтай ярилцлаа.

Та бүхэн хүссэн сургуульдаа тэнцэж, тэтгэлэг авсан Н.Анужингийн нууцыг доорх ярилцлагаас олж мэдээрэй. 

Instagram: anukarius


YOLOСайн байна уу? Юун түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулаач.

- Сайн байна уу? Намайг Наранбаатарын Анужин гэдэг. “Томүжин Алтернатив” сургуулийн 2022 оны төгсөгч, Стэнфордын их сургуулийн 2027 оны төгсөгч. Одоогоор Томүжин Алтернатив сургуулийн Коллеж Преп хариуцсан координатор болон найзуудтайгаа хамт үүсгэн байгуулсан College Go | Summer program-н багшаар ажиллаж байна. 

YOLOХүссэн сургуульдаа тэнцсэнд нь баяр хүргэе. Тэнцсэн сургуулиудаасаа яагаад Стэнфордын их сургуулийг сонгох болсон бэ?

- 18 сургуульд өргөдөл илгээснээс дөрвөн сургуульд нь хүлээлгийн жагсаалтад орсон. Хамгийн сүүлд Стэнфорд их сургуулиас тэнцсэн хариу ирсэн. Бусад сургуулиудас хариу ирчихсэн байсан үе гэсэн үг л дээ. Стэнфордод тэнцэнэ гэсэн хүлээлт байгаагүй. Тийм болохоор “Williams College”-д яаж ийж элсэнэ гээд шийдчихсэн байсан. Гэтэл Стэнфордод тэнцээд зогсохгүй их хэмжээний тэтгэлэг сургуулиас олгосон учраас ямар ч эргэлзээгүйгээр элсэлтээ баталгаажуулсан. 

YOLOӨргөдөл илгээхдээ юун дээр түлхүү анхаарч ажилласан бэ?

- Өргөдлийнхөө жижиг хэсэг бүр дээр анхаарч, "Намайг зөвөөр илэрхийлж байна уу" гэдэг асуултыг тавьж ажилласан. "Organized буюу нарийн төлөвлөсөн эсээ хамгийн сайн эсээ" гэдэг зөвлөгөөг өргөдлөө илгээхээс өмнө нэг эрхмээс сонссон. Энэ зөвлөгөө ч надад их үнэ цэнтэй байж хэрэг болсон гэж бодож байна. Зөвхөн эсээ биш өргөдлийнхөө жижиг хэсэг бүр дээр төлөвлөгөө гаргаж нарийн ажиллахад хүргэсэн л дээ.   

YOLOЭсээ болгонд онцлог гэж байдаг шүү дээ. Чиний хувьд бичсэн эсээний чинь онцлог, давуу тал юу вэ?

- Эсээгээ аль болох бүтээлч байлгах гэж хичээсэн. Одоо харахад жижиг зүйлсийг ч нарийн анхаарч бичсэн нь, олон талаас харж эргэцүүлж бодож бичсэн нь миний эсээний онцлог болсон юм шиг санагдаж байна. Эсээнийхээ гол хэсэгт жижиг ялгаатай боловч бидний амьдралд өөр өөр дүн, нөлөөг үзүүлдэг хүчин зүйлсийн талаар дурдаж өгсөн. Жишээлбэл эмэгтэй ба эрэгтэй хүн цаас баримтын хувьд ердөө XX, XY гэх ялгаатай хормосомууд. Гэтэл уг хоёр хүйстний амьдрал хэв маяг, туулах амьдрал тодорхой хэмжээний ялгаатай байдаг нь үнэн шүү дээ. Бас хохирогч, гэмт хэрэгтний нас, хүйс, царай зэргээс хамаарч адилхан хүчирхийллийн хэрэг учир тэр бүрд олон нийтийн анхаарал хандуулах нь өөр байдаг нь бидэнд жижиг ялгаа мэт харагддаг ч амьдрал дээр өөр дүн, нөлөөг үзүүлэх хүчин зүйлс байдаг гэдэг санааны минь нэг жишээ.

YOLOСургуулийнх нь зүгээс өргөдлөө илгээхэд нь хэрхэн нөлөөлсөн бэ?

- Аравдугаар ангид орох жилдээ Тоүмжин Алтернатив сургуулийг зорилгоо болгосон.  Зорилгодоо ч хүрсэн. Авахыг хүссэн заавар зөвлөгөө гээд л маш олон зүйлийг шинээр мэдэж, үнэтэй туршлагуудыг хуримтлуулж чадсан гэж боддог. Сургуулийн зүгээс SAT, IELTS, TOEFL шалгалтад бэлдэхэд, эсээ өргөдлөө явуулахад маш их туслалцааг үзүүлсэн. Арван хоёрдугаар ангид ороод өргөдлөө илгээгээд хүссэн үр дүнгээ гаргаж чадаагүй болохоор  сургуулийнхаа GAP хөтөлбөрт хамрагдаж 2 жилийн хугацаанд "College Prep" хөтөлбөрт суралцсан. Ганцхан өргөдөл, шалгалтад бэлдүүлэх биш сурагчдын хувь чадварыг ч хөгжүүлсэн юм шиг санагддаг. Одоо сургуультайгаа холбоотой байдаг. Шинэ жил, төгсөлтийн баяруудад ч оролцдог. Хэзээ ч тусламж гуйсан Томүжин туслахад бэлэн байдаг.  Энэ л сургуулийн маань бичигдээгүй үнэ цэн байх.


YOLOҮнэхээр талархаж явдаг дурсамжаасаа хуваалцвал?

- Манай сургуулийн Тэнгис зөвлөх багш маань тухайн үед өөрөө Шанхайд сурч байсан болохоор бид онлайнаар холбогддог байсан л даа. Би өргөдлөө их нарийн төлөвлөж, байсан болохоор дандаа хачирхалтай асуултууд гарч ирнэ. Эсээгээ ингэвэл яах бол? Судалгаагаа яаж хийх үү? гээд л бараг өдөр бүр шинэ асуулттай Тэнгис багшийгаа угтана. Гэхдээ багш шөнийн 12 цаг болж байсан ч, тэр долоо хоног шалгалттай байсан ч, дандаа хариу бичиж надад зөвлөдөг байсанд нь үнэхээр их талархаж байна. Заримдаа “Энэ чинь яаж байгаа билээ? Үүнийг хараарай” гээд надтай хамт өргөдлөө явуулж байгаа юм шиг л чин сэтгэлээс хандаж байсан. Тэнгис багшгүйгээр өргөдөл илгээх үйл явц үнэхээр хэцүү байх байсан.

YOLOУуган төгсөгчдийн нэг гэсэн шүү дээ. Ер нь төгсчихөөд сургуульдаа ажиллахад ямар байсан бэ?

- Томүжингийн багш, сурагчид ажилчид чөлөөтэй харилцаатай. Бие биеэ ч их хүндэлдэг.
20 насны зөрүүтэй ажилтан байсан ч, хоёр гурван насны зөрүүтэй сурагч байсан ч чөлөөтэй ярилцана. Тэр ч утгаараа Томүжинд ажилласан өдрүүд хөгжилтэй байсан. Ажил хийж байгаа мэдрэмж авдаггүй. Өөрийнхөө дуртай зүйлд цаг зарцуулж байгаа юм шиг тухтай санагддаг. Багш болсноос хойш нэг зүйлийг сайн ойлгож авсан. Багш хүн гэдэг сурагчдадаа үндсэн хичээлийнхээ ойлголтыг аль болох амар аргаар өгөхийг эрмэлздэг гэдгийг. 
Миний хувьд сурагчид маань шинэ ойлголт авсан эсэх, шинэ ойлголтоо ашиглаж мэдлэг бүтээж чадах эсэх гэсэн хоёр зарчмыг барьж ажиллаж байна. Өөрийнхөө туршлагаар туулж бүтээсэн мэдлэгээ сурагчдадаа хурдан хугацаанд илүү амар замаар ойлгуулахыг хичээж ажилласан. Хэтэрхий шахаж, хүчлэхгүйгээр тухайн хүнд эрх чөлөөг олговол ажил ч хичээл ч илүү үрд дүнтэй байдгийг ойлгож авсан. 

YOLOЧөлөөт цагаараа дурлаж хийдэг зүйлс юу вэ?

- Би youtube (Anukarius) суваг хөтөлдөг болохоор short animation, cinematic video editing, кино яаж бүтдэг тухай судлах их дуртай. Ер нь аливаа зүйлийн систем, процессийг ухаж ойлгох сонирхолтой санагддаг.

YOLOСурах арга барилаасаа хуваалцвал?

- Хүн мэддэг зүйлээсээ арай бага айдаг гэдэг дээ. Тийм болохоор аливаа зүйлийн ард талын систем, процессийг ойлгочихвол маш амархан сурдаг юм шиг санагддаг. Аливааг аль болох үндэс сууриас нь ойлгох гээд үзвэл надад тэгж санагддаг шиг чамд ч бас илүү амархан санагдаж магадгүй юм :)


YOLOӨргөдлөө илгээх, тэтгэлэг авах процесс тийм ч хурдан бас үр дүн нь тодорхой гарах үйл явдал биш шүү дээ. Шантрах үе байсан уу? 

- Нэгэнт эхлүүлчхээд, тэгэж их цагаа зарцуулчхаад шантраад орхих “зориг” байгаагүй. Харин түр хугацааны санаа зовнилт, гуниглал бол байсан. Тийм үедээ удахгүй зүгээр болно гэдгийг нь мэддэг байсан болохоор, цаг алдвал харамсана гэж үздэг учраас аль болох хурдан өөрийнхөө сэтгэл зүйг хянаж, өөрийгөө сэргээдэг байсан. Уйлах хэрэгтэй бол кино үзэж уйлаад, ярилцах хэрэгтэй бол ярилцаад, бодох ёстой байвал цаасан дээр бичдэг байсан. 

YOLOАНУ-руу өргөдлөө илгээмээр байгаа олон хүүхдүүд байгаа ч хамгийн эхний асуудал нь мэдээж англи хэл байдаг. Таны хувьд хэрхэн англи хэл сурч байсан бэ? Англи хэлийг хэрхэн сурсан бэ?

- Ерөнхий англи хэлээ сайжруулчихвал болно доо. Заавал академик түвшнийх байх шаардлагагүй. Миний түвшин ч одоо хэр нь академик төгс биш. Хэлийг бичиж, уншиж, сонсож ярьж сурна. Өөрөөр бол ямар ч хэлийг сурах нууц арга гэж байхгүй шүү дээ. Тиймээс аль болох эртнээс сурахыг хүссэн хэлээ өөрийн хэрэглээндээ нэвтрүүлээрэй.

YOLOИрээдүйгээ хэрхэн төлөвлөж байгаа вэ?

- Жилийн өмнө Опра -н ярилцлагыг үзээд “Өдөр бүр өөртөө ч, бусдад ч сайн хүн байя” гэдэг бодол төрж байсан юм.  Хэдэн зуун амбицтай сөрөг хүмүүс байснаас хэдхэн ч гэсэн гэгээлэг хандлагатай хүмүүс байвал дэлхий илүү тухтай газар болох юм шиг. Тийм болохоор өөрийгөө гэгээлэг онцгой нэгэн байлгахыг хүсэж байгаа. Сургуульдаа очоод хүслээ биелүүлэх боломж олдоно гэж найдаж байна. 


YOLOӨргөдөл илгээхээр бэлдэж байсан үе хамгийн завгүй үеийн нэг нь байсан байх. Тэр үед таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг байсан бэ?

"GAP year" авч байсан болохоор өөрийнхөө өдрийн бүх цагийг төлөвлөх боломжтой байсан. Хэдэн цаг хичээлээ хийх, хэдэн цаг унтахаа хүртэл. Өдөрт 1 ноорог эсээ бичээд, шинийг ойлгож, өөрийгөө тольдож хараад засах алдаагаа олчихвол тэр өдөр хангалттай сайн байлаа гэж боддог байсан. 

YOLOГадаадад сурна гэж шийдээд анх ямар алхамыг түрүүлж хийж байсан бэ? Тухайн үед гаргасан төлөвлөгөө байдаг бол манай уншигчдад танилцуулж болох болов уу?

Томүжинд орж байсан нь л анхны алхам байсан. Томүжинд элсээд - шалгалтаа өгөөд – гадаадын их сургуульд тэнцэнэ гэдэг их ерөнхий төлөвлөгөө гаргаж байсан. 

YOLOТэнцсэн хариу авсан мэдрэмж ямар байсан бэ? Сургуульдаа тэнцээд очиж суралцах орчин солих үеийн мэдрэмжүүдээсээ хуваалцвал?

Өө, чичрээд, уйлаад, салганаад, баярлаад л... Бүр үнэхээр олон төрлийн мэдрэмж зэрэг мэдрэгддэг юм билээ. Одоо ч очоод сурна гэж бодохоор догдлол, сандрал дүүрэн байна. 

YOLOМанай уншигчдад таны зүгээс өөр юуг хэлмээр байна вэ?

12 дугаар ангид байхад Батжин захирлын хэлж байсан “Их сургуулиас илүү амьдралд ямар хүн байгаа чинь чухал шүү” гэж хэлж байсан үг санаанаас огт гардаггүй. Маш том зүйлээр биш жижиг зүйлээр чи хэн бэ гэдэг тодорхойлогддог гэж бодож байна. Өнөөдөр, маргааш, нөгөөдөр гээд өдөр тутамдаа хэдүүлээ хамтдаа бүх зүйлд хичээвэл, үр дүн нь үнэхээр сайнаар ирэх боломжтой. Харин битгий шантраарай, сайн хүн байхаа, өөрийгөө хөгжүүлэхээ битгий зогсоогоорой гэж хэлмээр байна

#Ярилцлага