Ирэх жилийн iPhone-ИЙГ ШИНЖИХҮЙ


Үжин | YOLO.MN
2016-12-26

Бүтэн арван жил дэлхийн нийтийн анхаарлаас гараагүй iPhone хэмээх сэдэв ирэх жил ч, өнөөдөр ч дахиад л хүн бүрийн сонирхлыг татна. Ялангуяа 2017 онд арван нас хүрэх учраас iPhone хэрхэн өөрчлөгдөж, ямар дэвшлийг агуулах нь тайлбар шаардах аж.

Ирэх оны есдүгээр сард iPhone-ийн арван насны төрсөн өдрөөр Apple том тэсрэлт хийнэ гэж компанийн удирдах албан тушаалтан Тим Бахарин хэлжээ. Жишээлбэл 2014 онд худалдаанд гарсан iPhone 6 загвараас хойш гадна тал нь өөрчлөгдөөгүй iPhone эрс шинэчлэгдэх цаг нь болсон.

НЭР

Шинэ жишиг утасны хувьд хамгийн энгийн зүйл нь нэршил. Юу гэж нэрлэх бол? Хэрвээ уламжлалаа дагавал ирэх 2017 онд Apple бидэнд iPhone 7S, 7S Plus загваруудыг танилцуулах учиртай.

Шинэ загвар бүрийнхээ сайжруулсан хувилбарыг S хэмээн тодотгох болсон Apple ирэх жил мөн л энэ жилийн бүтээлүүдээ сайжруулах ёстой. Гэхдээ бас бүтээгдэхүүний арван жилийн ой болж байгаа учраас том дэвшил гаргах нь зүйн хэрэг.

Тэгэхээр cnBeta-д дэлгэсэн мэдээлэлд үндэслэвэл Хятадад аль хэдийнэ iPhone 7S, 7S Plus нэршил бүхий загваруудыг үйлдвэрлээд эхэлсэн төдийгүй, өөр шинэ загвар бас л үйлдвэрлэж байгаа. Гол нь энэ сайжруулсан загварууд Apple-ийн танилцуулах шинэ iPhone-уудын ердөө нэг хэсэг байж болох юм.

ГУРАВ

Ямар ч байсан “Ferrari” гэж нэрлэсэн гурав дахь бүтээгдэхүүнийг хөгжүүлэх ажил одоо үргэлжилж байгаа. Зарим эх сурвалжууд Apple компани хоёр ширхэг 5,5 инчийн дэлгэцтэй, нэг ширхэг 4,7 инчийн дэлгэцтэй загвар гаргана гэсэн бол өөр нэг хэсэг нь 5 инчийн iPhone бий гэжээ.

Гурав дахь iPhone-ийн хувьд Ferrari гэдэг нууц нэрнээс өөр мэдээлэл байхгүй бөгөөд магадгүй Apple 8-ын тоог алгасаж шууд 10 руу шилжиж болно. Эсвэл зүгээр л Apple Phone, бүр ямар ч нэмэлт үсэг, тоо байхгүй iPhone гэж нэрлэж ч болох юм.

ШИЛ

2016 оны есдүгээр сард танилцуулсан iPhone 7-гийн дараагийн загварыг шинжээчид шилэн загвартай байна гэж үзэх болжээ. KGI-ийн аюулгүйн шинжээч Куо Мин Чи энэ оны эхээр 2017 онд худалдаанд гарах iPhone-ийн шинэ загвар 4S-ээс хойш ашиглаагүй шилэн гадаргуу бүхий загварыг ашиглана гэсэн юм.

Түүнчлэн тавдугаар сард шилэн гадаргуу нь Samsung Galaxy Edge цувралтай адил нумарсан дэлгэцтэй, хурууны хээ мэдрэх үндсэн товчлуур нь дэлгэцийн нэг хэсэг болно гэх мэдээлэл гарчээ. Үүнийг батлах мэт iPhone 7 загварын үндсэн товчлуур нь шил болсон билээ.

ДЭЛГЭЦ

Одоо ашиглаж буй LCD-ээсээ татгалзах цаг нь болсон байж болох юм. Учир нь Apple компани Тайванд нууц OLED дэлгэцийн лаборатори байгуулсан гэх таамаг бий. Тэгэхээр 2017 оны загвартаа компани OLED дэлгэц ашиглаж магадгүй.

Sharp-ын удирдах албан тушаалтан өнгөрсөн аравдугаар сард энэ мэдээллийг баталсан учраас бүр ч тодорхой болжээ. OLED дэлгэц нь өнөөдөр ашиглаж буй LCD-ээс илүү уян хатан, илүү тод өнгө ялгаруулах бөгөөд эрчим хүчний зарцуулалт багатай.

УТАСГҮЙ ЦЭНЭГЛЭГЧ

OLED дэлгэцээс гадна, шилэн гадаргуутай загварын ачаар шинэ iPhone утасгүй цэнэглэгчтэй болж болно. Хятадын Foxconn-оос өнгөрсөн арван нэгдүгээр сард Apple компани утасгүй цэнэглэгчийн модуль туршиж байгаа тухай мэдээлэл алдагджээ.

Гэхдээ Samsung энэ болон нумарсан дэлгэцийн технологийг танилцуулсан цагаас хойш л Apple ийм зүйлсийг нэвтрүүлнэ гэх яриа гарсан юм.

Мэдээж хэрэг шинэ iPhone илүү өндөр үзүүлэлттэй, илүү бага эрчим хүч зарцуулдаг болно. Түүнчлэн ирэх жилийн загварт 10 нанометрийн А11 чип суулгах байх гэх таамаг бий. Улаан өнгө нэмэгдэж ч магадгүй.

 

#iphone #world