Их сургуульд суралцаж, сонгосон мэргэжлээрээ ажиллаж байгаа боловч нэг л зүйл буруу байгаа мэт санагдаж байна уу? Тэгвэл эдгээр алхмуудыг хийж үзээд сонголт тань зөв байсан эсэхийг мэдэж аваарай. Хэрэв та үнэхээр буруу сонголт хийсэн бол одоогоос эхлэн зөв голдиролд нь оруулах алхмыг хүргэж байна.
1. Таныг аз жаргалгүй болгож байгаа тэр зүйлийг ол
Үүнд их сургууль таны төсөөлснөөс өөр байх, сургалтын систем, оюутнуудынх нь зан ааш нь таалагдахгүй байсан гэх зэрэг байж болно. Танд их сургууль нэг л тааламжгүй санагдсан үед хамгийн түрүүнд юу таныг тийм байдалд хүргэж байна гэдгийг олох хэрэгтэй. Олон учир шалтгааны улмаас үүсдэг асуудал болохоор олоход хүндрэлтэй байх. Гэхдээ асуудлыг үүсгэж байгаа хүчин зүйлээ олбол их сургууль харагдаж байгаа шигээ өөрчлөлт хийхэд хүнд орчин биш.
Ялангуяа та 1 дүгээр курс бол өөрийн их сургуулийн амьдралаа өөрчлөхөд хялбар гэж ойлгож болно. Тиймээс аливаа асуудалд шаналж өөрийгөө зовоолгүй шууд шидэх гэж хичээх хэрэгтэй юм шүү. Асуудлаасаа бүү зугт.
2. Хүмүүстэй ярилц
Хэрэв та асуудлаа олсон бол одоо өөрчлөлт хийх хэрэгтэй. Тэрхүү асуудлыг шийдэж чадах хүмүүстэй уулз. Үнэн, бодит байдлаа хэлэх нь зөв. Тухайлбал танд оюутны байр болон дотоод уур амьсгал нь таалагдахгүй бол хариуцсан хүнд нь санал гомдлоо хэлээрэй. Эсвэл
-Үзэж байгаа хичээл тань нэг л сонирхолгүй, утгагүй, шинэ зүйлийг өгч чадахгүй байгаа бол багштайгаа уулз, учирлаад хэл. Маш олон оюутнууд сонирхож судалсан хичээлээсээ юу ч ойлголгүй семистрээ дуусгадаг. Тантай санал нэг уйдаж суугаа оюутнуудыг ол. Тэгээд багштайгаа ойлголцож, санаа бодлоо солилцоорой.
-Оюутнууд бидэнд тодорхой хүнд асуудлуудаас болоод сэтгэлийн хямралд орох тохиолдол гардаг. Харин энэ үед зарим их сургуульд оюутнуудад сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлдэг сэтгэл зүйч байдаг. Тэдэнд хандаж болно. Хэрэв танай сургууль хараахан сэтгэл зүйчтэй болоогүй бол yolo@mongolcontent.mn хаягаар мэйл илгээгээрэй . Бид таны асуудлыг мэргэжлийн сэтгэл зүйчид уламжлан хүргэж хариултыг илгээх болно.
3. Цаг хугацаа шаардлагатай
Хамгийн хэцүү нь байх л даа. Гэхдээ зарим зүйлсэд цаг, хугацаа үнэхээр шаардлагатай байдаг. Магадгүй таны одоогийн тааламжгүй байдал хэсэг хугацааны дараа алга болохыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл их сургуульд элссэн нь амьдралд тань томоохон өөрчлөлтийг авчирч байгаа болохоор байгалиасаа орчин солигдохтой холбоотой сэтгэлийн хямрал үүссэн байж болох юм. Ихэвчлэн ийм нөхцөл байдал бүх л оюутанд тулгардаг гэдгийг хүлээн зөвшөөрч тодорхой хугацаанд өөрийгөө сонсоод үзээрэй.
Эцэст нь дээр дурдсан зүйлээс дахин тодруулж хэлье. Бид аливаа асуудлыг хариуцсан хүнд нь мэдэгдэж сурах хэрэгтэй. Хэрэв танд тааламжгүй зүйлс их сургуульд тань бий бол холбогдох хариуцсан хүнд нь мэдэгд, зөвлөгөө ав. Бид хэзээ ч зөв зүйл хийснийхээ үр дүнд хохирох ёсгүй. Бас өөрийгөө сонсож, ярилцаж, учир шалтгааныг олохыг хичээгээрэй. Амжилт хүсье.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх