Амжилт гэдэг үргэлж том зүйлс байдаггүй. Харин ч жижиг, багахан зүйлээс амжилт бүтдэг билээ. Улс орны ирээдүйн боловсон хүчин, оюунлаг монгол хүний мэдлэг чадвар нь оюутан насандаа олж авсан дадлаас нь хамаарч ирээдүйн амжилт бүтээл нь тодорхойлогддог билээ. Энэхүү дадал нь оюутны суралцах үйл явцтай шууд хамааралтай боловч хүн насан туршдаа суралцсаар байдаг тул эдгээр дадал нь насан туршийн мэдлэг мөн чадварт зүй ёсоор тооцогдох юм.
1. Эрт босох
Бүхэл өдрийн турш ялангуяа суралцаж байх үедээ нойрмоглохгүй байх нь амжилттай оюутны нэг дадал юм. Өглөө эрт босвол бүх л өдрийн турш сэргэг байхаас гадна тархины үйл ажиллагаа хэвийн үеийнхээс илүү сайн ажилладаг байна. Хэрвээ өглөө 4-6 цагийн хооронд хичээллэвэл тархи 100% ажилладаг бол шөнө дунд хичээллэвэл тархины ажиллагаа 50% л байдаг байна. Гэхдээ хамгийн багадаа 6 цаг, хамгийн ихдээ 8 цаг унтах нь тохиромжтой юм.
2. Утсаа унтраах
Телевиз, утас гэх мэт цагаа ихээр үрж буй зарим зүйлсийг суралцах орчноосоо хол байлгаж, шаардлагатай тохиолдолд унтраах хэрэгтэй. Энэ нь анхаарлаа төвлөрүүлэх, нухацтай байхад тань тусалж байгаа энгийн нэг дадал юм. Ашиглахгүй үедээ интернэтээ ч бас унтраачихвал бүр сайн.
3. Завсарлага авах
Номын санд удаан суух үеэр болон дараалсан олон цагийн хичээлийн дундуур багахан ч болов завсарлага авах хэрэгтэй. Энэ нь эрүүл мэндийн хувьд ч, үр бүтээлийн хувьд ч маш чухал үүрэгтэй байдаг. Эргэн тойрныхоо орчинд хөдөлж, амттан идэж, хөгжим сонсож, бусадтай жаахан яриа өрнүүлэх нь амралт болдог.
4. Бугуйн цаг зүүх
Хичээлээсээ хоцрох, болзсон цагаасаа хожигдохгүй байхад тань туслах хамгийн чухал хэрэгсэл бол бугуйн цаг юм. Бугуйн цаг таны цаг төлөвлөлтөд туслахаас гадна зарчимч, хариуцлагатай хувь хүн болж төлөвшихөд маш их нөлөөтэй байдаг. Утасныхаа цагт итгэсээр байгаад цэнэггүй болох үед нь хүн бүрээс цаг асуудаг, хана бүрээс цаг хайдаг тийм асуудал тулгарахгүй нь лавтай.
5. Тэмдэглэл хөтөлж сурах
Лекцийн агуулгыг тэр чигт нь хуулж бичилгүй сонсоод ойлгосон, уншиж ойлгосон зүйлсээ өөрийн үгээр дэвтэртээ бичих нь ой санамжинд ч эерэг нөлөөтэй байдаг. Өөрийн үгээр тайлбарлан бичсэнээр дараагийн удаа сэргээн санахад хялбар байх болно.
6. Сэргээн санах
Хүн мэдээлэл сонссоноос хойш 24 цагийн дараа мэдээллийн 50-80% -ийг мартдаг. Тиймээс 24 цаг тутамд 10 минутыг сэргээн санахад зарцуулах нь лекцээ мартахгүй байхад тустай юм. Мөн лекцээ дууг нь хураагаад гэртээ харихдаа, автобусанд суухдаа, хүн хүлээхдээ сонсвол цаг хэмнэх мөн үр бүтээлч арга юм.
7. Календар ашиглах
Семинарын багийн уулзалт, шалгалтын өдөр, бие даалтын сүүлийн хугацааг календар дээр тэмдэглэж нүдэнд харагдах байрлалд байрлуулснаар шалгалтандаа урьдаас бэлдэх, бие даалтаа хоцруулахгүй байх, уулзалтаа алгасахгүй байхад тань туслах юм.
8. Эргэлзэх, шүүмжлэх
Бүтээлч сэтгэлгээний гол үндэс нь эргэлзэх болон шүүмжлэх явдал юм. Ном, сонин, сэтгүүл, баримт мөн шинжлэх ухааны онолд хүртэл эргэлзэж шүүмжлэлтэй хандах хэрэгтэй. Туйлын үнэн, туйлын зөв гэсэн зүйл байхгүй бөгөөд бүгд өөртөө үнэн болон худлыг агуулж байдаг.
9. Зөв хооллох
Хоол хүнсний үзүүлэх нөлөө ямар ч ид шидээс илүү хүчтэй байдаг. Зөв хооллолтын үр ашиг ямар ч дадлаас илүү тустай байж чадна. Кофены оронд усны хэрэглээгээ ихэсгэх нь тархины үйл ажиллагааг дэмжихээс гадна, эрүүл мэндэд хэрэгтэй. Өглөөний зөв хооллолт өдрийн турш эрч хүчтэй байх энергийг өгдөг бол завсарлагын үеийн амттаны нөлөө нойрмоглох, эрч хүчээ алдахаас сэргийлнэ.
10. Чээжлэх биш ойлгох
10 удаа уншиж, 10 удаа ярьж, 2 удаа бичихэд тухайн материалыг чээжилж чадна гэсэн байдаг. Гэхдээ таны чээжлэх даалгаврыг хамгийн хялбар болгох ганц арга бол ойлгох явдал юм. Тухайн материалын агуулгыг ойлгосноор чээжлэх явц илүү хялбар болдог.
Дээрх зөвлөгөө чамд багахан ч гэсэн тус болно гэж найдаж байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх