Контент бизнесийн салбарт ажиллаж буй мэргэжилтэн, youtuber, комедиан П.Цэнгэлийн ажлын талбарт зочлон ярилцлаа. Тэрээр яг одоо “Мобиком” корпорацын Бизнес хөгжүүлэлтийн албаны Хэрэглэгчийн бизнесийн хэлтэст мэргэжилтнээр ажилладаг.
Сонирхолтой, үзүүштэй түүний ажил хэрхэн өрнөдөг бол?
/Суман дээр дарж бусад зургийг үзээрэй/
IG: @tsengelp
Таны ажил хэдэн цагт эхэлж, хэдэн цагт тардаг вэ?
- Манай компанийн ажилчид ажлынхаа цагийн хуваарийг flextime/уян хатан/ цагаар сонгож болдог. Таван сард 10-19 цагийн хооронд ажиллахаар сонгосон байна.
Өглөө ажилдаа ирээд хамгийн түрүүнд юу хийдэг вэ?
- Хамгийн түрүүнд... кофе уудаг даа.
Сошиал мэргэжилтэн гэхээр ямар чиг үүрэгтэй ажилладаг юм бол?
- VOO-ийн фэйсбүүк, инстаграм, youtube сувгуудыг хариуцаж ажиллана. Бас контент бэлдэнэ, байгууллагуудтай хамтарч ажиллана.
Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
- Өглөө ирээд фэйсбүүк, инстаграмдаа пост, нийтлэлүүдээ оруулна. Багахан бичиг цаасны ажил хийнэ. Бас уулзалтад орно. Жишээ нь кино бүтээж буй хүмүүстэй уулзах шаардлагатай байдаг. Ингэхдээ шинэ кинонуудаа хүмүүст хэрхэн таниулах, маркетингийг хэрхэн хийх вэ гэх зэргийг тодруулж ярилцах юм.
Таны ажлын ширээн дээр байгаа зүйлс их сонирхол татаж байна л даа.
- Би өөрийнхөө сонирхол татсан зүйлсийг цуглуулах дуртай. Хөгжим, киноны постерууд, зураг, стикер, жижиг тоглоомуудыг хараад зүгээр өнгөрч чаддаггүй.
/Суман дээр дарж бусад зургийг үзээрэй/
Ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?
- Ихэвчлэн дэвтэр дээр тэмдэглэх дуртай. Бужо хөтлөхийг хичээдэг. Бичих ер нь л дуртай даа.
Таны хамгийн их ашигладаг аппликейшн?
- Хувьдаа инстаграм их орно. Харин ажил дээр Trello-г багийнхантайгаа, хамтдаа ажлаа төлөвлөхийн тулд өдөр тутамдаа ашигладаг.
Гэрээсээ хоол авч ирэх, гадуур хооллох?
- Ихэвчлэн гадуур хоол иддэг. Гэрээсээ хоол авчрах хүсэлтэй ч, арай л амжихгүй байгаа. Гэхдээ ер нь өдөр цайны цагаараа ганцаараа хооллох дуртай.
Ажлын тань хамгийн хэцүү хэсэг юу вэ?
- Ер нь гайгүй шүү. Анх ажилд ороод удаагүй байхад хүмүүсийн комментуудыг л их эмзэг хүлээж авч байсан. Тухайн нэг киног албан ёсны эрхтэй худалдаж аваад, үзэгчдэдээ хүргэхийн төлөө маш олон хүмүүс ажиллаж байдаг. Гэтэл зарим хүмүүс “Энэ кино яагаад орохгүй байгаа юм, оруул” гэх мэтээр хэлэх тохиолдол бий. Жишээ нь Netflix-ийн дөнгөж гарсан киног хэрэглэгч асуулаа гэхэд тухайн киног Netflix гадагшаа худалдаалж эхлээгүй байдаг. Энэ нь Netflix хэдэн жилийн дараа дараагийн ОТТ буюу манайхаар VOO-д худалдаална гэсэн журамтай байдагтай холбоотой. Харамсалтай нь зарим сайтууд тухайн кинонуудыг шууд авч, үнэгүй хүргэдгээс шалтгаалан зарим үзэгчид ч киног үнэлэх соёлд суралцаагүй байх нь бий. Тэр жаахан төвөгтэй...
Одоо арай өөр асуулт асууна аа. Та ажил дээрээ краштай юу?
- Байсан. Байсан л гэж хэлье даа. /Инээв/ Ажлаасаа гарсан л даа, одоо.
Ажлаасаа гадна таны хамгийн их дурлаж хийдэг зүйл юу вэ?
- Өө, олон байгаа. Сагс тоглох дуртай, комеди, подкастаа дурлаж хийдэг. Гэртээ бас зурах, кино үзэх дуртай.
Эдгээр олон зүйлийг яаж хийж амжуулж байна?
- Ер нь аливаа ажлыг дэс дараалд оруулчихвал түүртээд байхгүй их амар санагддаг. Жишээ нь би долоо хоногийн таван өдөр ажлын цагаар ажиллана. Үлдсэн цагаа хийх ёстой зүйлстээ хуваарилдаг. Жишээ нь хоёр дахь өдөр подкастаа бичнэ, гурав, дөрөв дэх өдрүүдэд комедитэй гэх мэт.
Санал болгох кино?
- Яг одоо бол No rules-ийг санал болгоно. Voo өнгөрсөн гурван жилийн хугацаанд арав гаруй original киног хийсэн. Тэдгээрээс No Rules кино олны анхаарлыг татаж чадсан, үзэлтийн хувь ч өндөртэй байгаа. Сонирхолтой зураглал, үйл явдалтай учраас үзэхийг санал болгож байна.
Та яг одоо энд байгаагүй бол хаана ажиллаж байх байсан бол?
- Хийж буй ажлын онцлогоос шалтгаалан хүний сонирхол маш олон өөрчлөгддөг юм байна. Би өмнө нь сургалтын мэргэжилтнээр ажилладаг байсан болохоор өөрийгөө коуч, багш зэргээр л төсөөлж байсан. Гэтэл одоо кинотой холбоотой ажил хийж байгаа болохоор ч тэр үү, киноны ажил сонирхолтой санагддаг болж. Тийм болохоор өөр ажлын тухай төсөөлөхөд бэрх л юм.
Таны ажлын хамгийн кайфтай хэсэг?
- Тэр их сонирхолтой. Цаанаасаа нэг тийм сошиал сувгуудынхаа постны ike, reaction-д “addicted” болчихсон юм шиг... Жишээ нь тухайн пост ямар нэгэн boost байхгүй, органикаараа олон хүнд хүрч, хандалт сайн авсан байвал баярладаг. Нэг тийм өндөр тоонд дуртай болчихсон гэх юм уу.
Таны ажлын туршлагаас зөвлөх нь?
- Тууштай байдал нэгт.
Би Мобиком корпорацад 12 жил ажилласан байна. Ажлын байраа олон сольж, өөр өөр хэсэгт ажиллаж үзсэн. Гэхдээ гол нь нэг байгууллагадаа л юм шүү дээ. Байгууллагын соёлд нь ч нэвт ууссан байна. Бас комедиан болохын тулд би жил хагасын хугацаанд даваа гараг бүр open mic-т очдог байсан. Урт хугацаанд тууштай хийсний үндсэн дээр комедиан гэрээт уран бүтээлч болж чаджээ. Ингээд харахад бага гэхгүй амжилт бүр тууштай байдалтай л холбоотой байсан байна. Залуу хүмүүс маш олон зүйлийг туршиж үзэх хэрэгтэй. Гэвч тэдгээрээс үнэхээр дуртай, хийхийг чин сэтгэлээсээ хүссэн зүйлээ олбол тууштай байгаарай гэж хэлмээр байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх