Ажлын байран дахь романс таны карьерт сэвтэй юу?


Bloomberg TV Mongolia | YOLO.MN
2023-05-13

Судалгаагаар ажлын байрнаасаа хайраа олох нь хүмүүст ажилдаа илүү дуртай болох, урам зориг бүтээлч байдлыг нэмэгдүүлэхэд нөлөөлж байгааг тогтоожээ

XX зуунд эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээл дэх оролцоо нэмэгдэж, хүмүүсийн амьдрал, хувь хүний онцлогийг эрхэлдэг ажил нь тодорхойлдог болохтой зэрэгцэн ажлын байран дахь хайр дурлал нь хэцүү нөхцөл байдал дагуулах өндөр магадлалыг үл харгалзан маш түгээмэл болсон юм.

1990-ээд оны дунд үед хийгдсэн судалгаагаар ажил эрхэлдэг дөрвөн америк иргэн тутмын нэг нь хамт ажилладаг хэн нэгэнтэй хайр дурлалын харилцаанд орж байсныг Хойд Колорадогийн их сургуулийн судлаачид дурджээ. 1995 онд “Los Angeles Times” сонинд ажлын байран дахь хайр дурлалыг "компанийн амьдралын нэгэн хэсэг" хэмээн тодорхойлж, тухайн үед “AT&T” компанийн АНУ дахь 250 мянган ажилтны дунд гэр бүлийн 8000 хос байгааг онцолж байв.

Хэдий тийм боловч бүхий л харилцаа мэдээж гэрлэлтээр төгсдөггүй тул ажлын байр нь ёс зүйгүй, гэр бүлээс гадуур харилцааны хувьд "аюултай бүс" болсныг нэгэн харилцааны зөвлөх 2004 онд гаргасан номдоо бичиж байв. 1990 он хүртэлх хугацаанд нөхрөө хуурсан шалтгаанаар түүнд хандаж байсан нийт эмэгтэйчүүдийн 38 хувь нь ажлынхаа хэн нэгэнтэй уулздаг байсан бол 1990-ээд он гарсаар энэ үзүүлэлт 50 хувь болж өсжээ.

Харин үерхэл, харилцаа сайн тал руу эргэсэн тохиолдолд компаниудад тэднийг урамшуулах шалтгаан ч гарч болох аж. Судалгаагаар ажлын байрнаасаа хайраа олох нь хүмүүст ажилдаа илүү дуртай болох, урам зориг бүтээлч байдлыг нэмэгдүүлэхэд нөлөөлж байгааг тогтоожээ.

Хэдий тийм боловч сүүлийн жилүүдэд ажлын байран дахь романс тийм ч түгээмэл биш болж буй шинж ажиглагдаж байна. 50-64 хүртэлх насны америкчуудын 21 хувь нь гэр бүлийн хүнтэйгээ ажил дээрээ танилцсан байхад 18-29 насныхны ердөө 13 хувь нь тэдэнтэй ижил түүхтэйг “Pew Research Center”-ийн судалгаанд дурджээ.

Нийгэм соёлын өөрчлөлт ажлын байрны харилцаанд ч мөн хүчтэй нөлөөлжээ. Тухайлбал: “MeToo” хөдөлгөөн нь ажлын байранд хэвийн гэж тооцогддог ойлголтуудыг эргэж харах шаардлага үүсгэж, түүгээр зогсохгүй хоёр талын зөвшилцсөн харилцаа ч өдгөө олон нөхцөл байдалд зохисгүйд тооцогдох болсон байна. Жишээ дурдвал "McDonald’s"-ийн Гүйцэтгэх захирал Стив Истербрук ажилтантайгаа хоёр талын зөвшилцсөн харилцаа үүсгэсэн ч компанийн бодлогод харшилсны улмаас 2019 оны 11 дүгээр сард халагдаж байв. Түүнчлэн 2022 оны хоёрдугаар сард “CNN”-ийн Ерөнхийлөгч Жефф Закер хамтран ажиллагчтайгаа олон жилийн турш харилцаатай байсан нь илчлэгдсэний дараа ажлаа өгсөн юм.

Энди Коли нь ажил дээрх харилцаанаасаа болж томоохон асуудал дэгдвэл "цэвэрлэгээ хийх" үйлчилгээ үзүүлдэг "Professional Boundaries" хэмээх сургалтын байгууллагыг удирддаг байна. "Хүмүүс хүсвэл ажил дээрээ төвөгтэй харилцаа үүсгэж болно. Гэхдээ тухайн компани гурван ажилтантай, тэдний нэг нь жирэмсний амралтаа авах гэж байгаа гэж бодвол үлдсэн хоёр нь яах вэ? Энэхүү хайрын гурвалжнаас болж та ажиллах хүчнийхээ 20 хувийг нэг дор алдаж болно шүү дээ" хэмээн тэрбээр өгүүлж байна.

Сургалтад хамрагдагчдад өгдөг түүний хамгийн чухал зөвлөгөө нь ажил дээрх харилцаанаас үүсэж болох тооцоолоогүй эрсдэлээс цаадхыг хардаг байхыг ажилтнуудад ойлгуулж, харилцаа нь цаашид үргэлжлүүлэх баталгааг өгөхүйц хүчтэй эсэхийг нягтлах явдал аж. Тэр дундаа "Би энэ хүний юунд нь үнэхээр татагдаад байна вэ? Бид хамт ажилладаггүй байсан ч би түүнд татагдах байсан уу?" гэсэн асуултыг өөрөөсөө асуух хэрэгтэй гэжээ.

Дээрх шалгуурыг давчихвал хамт ажилладаг хэн нэгэнтэйгээ болзохыг буруутгаад байхгүйгээ Энди Коли онцолж байна. Эцсийн эцэст түүний эхнэртэйгээ анх танилцсан түүх нь ийм учраас тэр аж.

#Мэдээ