Онцлох газар: @988 café thrift
Найз нөхөд, дотнын хүмүүстэйгээ чөлөөт цагаа хамт өнгөрөөмөөр байв ч урьдын л газраа очсоор байна уу? Танил дасал болсон газар тав тухтай ч заримдаа шинэ газар үзмээр л санагддаг биз дээ?
Тэгвэл Yolo.mn сайтын зүгээс Улаанбаатар хотод орших сонирхолтой, онцлох газруудыг цуврал нийтлэлээр дамжуулан танилцуулж байна. Бид эхний нийтлэлдээ хуучин хувцасны соёлыг дэлгэрүүлж буй 988 café thrift shop-ийг онцолж байна.
Ингээд тэдний дэлгүүрээр зочилцгооё.
Байршил: Натур, Шинэ монгол сургуулийн хойно 36A байр
Цагийн хуваарь: 11:00-19:30
Бид гурав ЕБС-аа төгсөөд хамтдаа дэлгүүрээ нээсэн. Сургуульд нэг ангийн сурагчид байсан л даа. Одоогийн дэлгүүрээ нээхээс өмнө онлайн дэлгүүр ажиллуулдаг байсан. "Хямдхан, загварлаг гэхдээ чанартай хувцсыг үеийнхээ хүүхдүүдэд заръя" гэж бодсоноос эхлэлтэй.
Цастайд уулан дээр гараад, даарсан ч зургаа дардаг байсан. Тухайн үед, онлайн дэлгүүрээ эхэлж байхдаа одоогийн инстаграмм хуудсаа нээсэн. Эхэндээ таньдаг хэдэн хүмүүс л дагадаг, ер нь л хүн мэддэггүй байлаа. Гэхдээ одоо манай инстаграмм 10 мянган дагагчтай болтлоо өссөн байна.
Хүргэлт хийж ажилладаг байхдаа дэлгүүртэй болох юм сан гэж их ярилцдаг байсан л даа. Тэгж, тэгж бид гурав шийдээд 19-д булан түрээсэлж үзсэн. Гэхдээ хоёр гурван сар болоод хаасан л даа. Жижиг сажиг асуудал гараад тухайн үедээ цаг хугацаа нь ч таараагүй юм уу, нэг л болж өгөөгүй.
"Хуучин хувцас гэхээрээ л зах нь суначихсан, загвар нь хуучирчихсан байх албагүй шүү дээ"
Манайхаас хувцас авсан хүн тухайн хувцсыг цаашдаа гурваас дөрвөн жил өмсөх боломжтой байх ёстой гэдэг шалгуураар бид хувцсаа авдаг. Хуучин хувцас гэхээрээ л зах нь суначихсан, загвар нь хуучирчихсан байх албагүй шүү дээ. Тийм ч учраас зарах хувцаснуудаа авахдаа бид өмсөж үзэж, маш сайн шалгаж байж авна.
Манай эрэгтэй найз кофе шоп ажиллуулах хүсэлтэй, бид хоёр ч дэлгүүрээ дахин нээх бодолтой байсан болохоор ахиад нэг удаа зориглоод оролдож үзэхээр "988 cafe thrift"-ээ нээсэн.
Бид Америк, Солонгосоос хувцаснуудаа оруулж ирдэг. Гаднаас авдаг болохоор арай чанартай байх гэж боддог. Загварын хувьд ч давтагдах нь ховор. Би л хувьдаа өмссөн хувцсаа хаа нэгтээ харж байгаагүй.
Зарим хүмүүс хуучин хувцас хүний энерги шингээсэн гэх сөрөг хандлагатай байх нь бий. Эдгээр хүмүүст хуучин хувцасны соёлыг таниулахын тулд хоёр жилийн өмнө бид хоёр Нисэх Яармагт "Angel shop"-ийг нээсэн. Хүмүүсийн хандлага ихэвчлэн сөрөг байсан болохоор бид хоёр дэлгүүрийн тохижилтдоо их анхаарч, хувцаснуудаа угааж индүүдээд нэлээн нямбай ажилласан санагдаж байна.
Хоёр жилийн дараа хүмүүсийн хандлага их өөр болсон байна. Массаараа хуучин хувцсыг таагүй хүлээж авдаг байсан ч өнөөдөр олон хүн хуучин хувцсыг хэрэглээндээ нэвтрүүлж, бүр хүүхдүүддээ хүртэл авч өгдөг болсон байна.
Бид хэд цаашдаа дахин нэг салбар нээх төлөвлөгөөтэй байгаа. Бас хуучин хувцсыг засварлаж, загварыг нь шинэчилж зарахаар ярилцсан. Үнэхээр загвар сайтай хувцас ч хааяадаа жижигхэн толботой ч юм уу, зарахад бага зэрэг асуудалтай хувцаснууд ирдэг. Хаяхад хайран болохоор тийм төрлийн хувцаснуудаа шинэчилж, дахин давтагдашгүй "Iconic" загвартай хувцас болгож зарна гэж бодож байна.
Эхний дугаартаа хуучин хувцасны 988 café thrift shop-оор зочиллоо. Та ч бас ороод гараарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх