Нууц үгээ хуваалцах боломжийг хязгаарласныхаа дараа "Netflix" Испанид нэг сая хэрэглэгчээ алдав


Bloomberg TV Mongolia | YOLO.MN
2023-04-27

“Netflix”-ийн бүртгэлээ цуцлуулсан хэрэглэгчдийн тоо I улиралд өмнөх улирлаас гурав дахин өсжээ

“Netflix” 2023 оны эхний гурван сард Испани улсад нэг сая гаруй хэрэглэгчээ алдсаныг зах зээлийн судалгааны “Kantar” байгууллага мэдээллээ. Хэрэглэгчдийн нууц үгээ хуваалцах боломжийг хязгаарласан нь “Netflix”-д ийнхүү сөргөөр нөлөөлж болзошгүй дохио болж байна.

Өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр “Netflix” компани хэрэглэгчдээс сарын 5.99 еврогийн нэмэлт төлбөр авах болсны зэрэгцээ тэдгээрийг илрүүлэх арга хэмжээ авч эхэлсний дараа сая гаруй хэрэглэгч тус үйлчилгээг орхисныг стриминг үйлчилгээ авдаг өрхүүдийн дунд явуулсан "Kantar"-ийн судалгаа харуулж байна.

Түүнчлэн өмнөх улиралтай харьцуулахад  “Netflix”-ийн бүртгэлээ цуцлуулсан хэрэглэгчдийн тоо I улиралд өмнөх улирлаас гурав дахин өссөнийг онцолжээ.

Харин үлдсэн бүртгэлтэй 10 хэрэглэгч тутмын нэг нь II улиралд бүртгэлээ цуцлах төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлсэн байна.

#Мэдээ