Захидал: Бүтэлгүйтэхээ больчихвол алах гээд байдаг. Яах ёстой юм бол оо?


ССҮТөв | YOLO.MN
2023-04-20

YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхэд залуусаас захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ : Бүтэлгүйтэхээ больчихвол алах гээд байдаг. Яах ёстой юм бол оо? 

Сайн уу, энэ захидлыг унших өдрийн мэнд. Би одоо 10 дугаар анги. Бага сургуульд байхдаа сайн багшийн буянаар хот улсын олимпиадын медалыг түүдэг л байлаа. Дунд ангид орсноос хойш ямарч амжилт гаргасангүй. Хичээл биш юм аа гэхэд хувийн амжилт хүртэл байхгүй. Ямар ч дээшээ ахисан юмгүй зорилгогүй, сүнсгүй бие амьдраад л. 

Олимпиад болох бүрт л би факталж алдаа гаргадаг. Муудаа биш бүтэлгүйгээсээ болоод л бүдэрчихээд байна. Саяхны жишээ дурдая л даа. Хоёр өдөр дараалж болдог тэмцээний эхний өдрөө санаандгүй тодруулагч ашиглаад оноогоо нойлуулчихсан, дараа өдөр нь нэг бодлого зөв бодсон ч нэмээд өөр өнцөг олчихсон чинь багш нар нь ойлгоогүй юм уу мэдэхгүй. Бас л 0. Эхний 20-доо ч ороогүй болохоор сэтгэл санаагаар унасан. Би яагаад ийм бүтэлгүй юм бэ? Яагаад ийм тэнэг үргэлж араас нь харамсаж суудаг байна? гэх бодол ер толгойноос гарсангүй. Дээрээс нь ээжийн ч урам хугарсан байх. Ганц найдаж түшдэг хүүхэд нь ингэж тэнэгтээд байхаар гомдсон биз. Хүмүүст шүүмжлүүлээд байхаар өөртөө ч итгэлгүй болдог юм байна. Тэрнээсээ болоод бусад дүнгүүд ч муудаад... Ер нь л муу байна.  

Саяхнаас хуульч болох санаатай байсан ч энэ хэвээрээ байгаад байвал чадахгүй бололтой. Ээж түвшин чинь А биш л бол ахлах сургууль хэрэггүй дунд мэргэжлээ эзэмшээд хүнтэй суугаад амьдарлаа бод гэж загнадаг болсон. Бүтэлгүйтэхээ больчихвол алах гээд байдаг. Яах ёстой юм бол оо? 

ЗӨВЛӨГӨӨ: Өөртөө бага ч болов зөөлөн хандаж, хэсэг хугацаанд ч болов амралт өгөөрэй. 

Өдрийн мэнд, Захиа илгээсэнд баярлалаа. Чамд ямар нэгэн зүйлийг хийх урам зориг, өөртөө итгэх итгэл хэрэгтэй байна гэж ойлголоо. Мөн аливаа зүйлсийг амжилттай хийхийг хүсэж байгаа юм шиг санагдлаа. Бидний бодол үйл хөдлөл болон,мэдрэмжид маань шууд нөлөөлж байдаг. "Би азгүй", "тэнэг", "бүтэлгүй" гэсэн бодлууд тухайн үеийн үйл хөдлөл болон сэтгэл санааны байдалд нөлөөлж байдаг. Тиймээс сөрөг бодол давамгайлах гээд байх үед гүнзгий амьсгаа аваад "би чадна", "таагүй байдал түрхэн зуурынх", 'нөхцөл байдлыг би гартаа авч чадна' гэж өөртөө хэлээрэй. Бусад хүмүүс өөрийг чинь шүүмжлэх үед өөрийгөө сөрөг бодлоороо давхар шийтгэхгүй байхыг хичээгээрэй. Бодлоо ялан дийлэх амаргүй. Гэсэн ч сөрөг бодлоо аль болохоор сарниулах дээрх аргыг туршаад үзээрэй. Мөн хүн бүр үргэлж амжилттай, үр бүтээлтэй байх боломжгүй. Мөн амжилт үргэлж олимпиадын оноо, сайн дүнгээр хязгаарлагдахгүй. Тиймээс өөрийн гаргасан том жижиг гэхгүй амжилт, сурсан зүйл, хичээл зүтгэлээ анзаарч түүнийгээ үнэлж байх нь чухал юм шүү. Өөртөө бага ч болов зөөлөн хандаж, хэсэг хугацаанд ч болов амралт өгөөрэй. Учир нь хэсэг хугацаанд амарсны дараа тархи илүү үр бүтээлтэй ажиллах боломжтой болдог. Амарсны дараагаар хийх ёстой зүйлдээ дахин анхаарч болно шүү дээ.  

Сэтгэл Судлалын Үндэсний Төв 

Туслах сэтгэл судлаач: М.Анир 

АСУУДАЛ: Энэ байдлаараа хэн ч биш болох байх гэдгээс айж байна 

Сайн байна уу? Би одоо 16 настай. Дараа жил 12 дугаар ангид орно. Би ойрын үед ирээдүйдээ их санаа зовдог боллоо. Ирээдүйд яг хэн болох бол, “Ямар амьдрах бол, буруу зам руу орчих вий дээ” гэж байнга бодож өөрийгөө зовоодог. Гэтэл би яг юу хийхээ сайн мэдэхгүй, юунаас эхэлж хийхээ мэдэхгүй явж байна. Би хичээлдээ их тааруу, ангийнхантайгаа ярьж чаддаггүй, өөрийгөө бусдаас тусгаарлаж амьдардаг. Аав ээж маань ч миний ийм байдалд санаа зовдог. Би хичээлдээ ер нь идэвхгүй, хичээе гэж боддоггүй тийм хүүхэд. Яг яаж өөрийгөө өөрчилж, хичээл номондоо сайжрах вэ? Хэрвээ би энэ чигтээ яваад байх юм бол ирээдүйд хэн ч биш болох байх гэдгээс айж байна. Өдөр ирэх тусам би өөртөө итгэлгүй болж, өөрийгөө бусадтай харьцуулж, бусдад таалагдах гэж хичээдэг. Яаж өөрийгөө хөгжүүлж, өөрчлөх вэ? 

ЗӨВЛӨГӨӨ: Шинэ зүйлсийг туршиж үзэхээс бүү айгаарай 

Сайн байна уу. Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Захидлаас уншихад ирээдүйгээ төлөвлөж, алхам хийх хүсэлтэй байгаа гэж ойлголоо. Тэгвэл чи юу хийх дуртай вэ? Ямар хичээл бусад хичээлээсээ илүү таалагддаг вэ? Чөлөөт цагаараа эсвэл цаг гарган хийдэг сонирхол, хобби байдаг уу? зэрэг асуултыг өөрөөсөө лавлаад үзээрэй. Хараахан өөрийн сонирхлоо тодорхойлж амжаагүй байгаа бол олон төрлийн зүйлсийг туршаад үзээрэй. Шинэ зүйлсийг туршиж, хийж үзсэнээрээ бид өөрт юу таалагддаг болохоо олж мэдэх боломжтой болдог. Хэрвээ мэргэжлийн хүний тусламжтайгаар сонирхол, давуу тал, мэргэжлийн чиг баримжааны тусламж авахыг хүсвэл оношилгоо хийлгээд үзээрэй. Ингээд мэргэжил сонголтын оношилгоо хийдэг зарим сэтгэл зүйн төвийн мэдээллийг үлдээж байна. 

  • - Сэтгэл Судлалын Үндэсний Төв – 77324233 
  • - Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэн – 77208998 
  • - Focus On The Family – 88834343 
  • - Монгол Өрх Сэтгэл Зүйн Хүрээлэн – 70145145  

Сэтгэл Судлалын Үндэсний Төв 

Туслах сэтгэл судлаач У.Цэцэнсанаа 

АСУУДАЛ : Би сэтгэлээ ойлгохгүй байна 

Сайн байна уу. Надад ярилцах зүйл байна. Хүнд хайртайгаа яаж мэдэх вэ?   

Би нэг залуутай жил гаран амьдарсан юмаа. Би хэрэгтэй хүнтэйгээ үлд дээ гэж хэлээд гарч яваад эргэж очоогүй 6 сар болж байна.  

Гэхдээ маш их санадаг юм. Эргэж очмоор байгаа ч яг сэтгэлээ сонсохоор очмооргүй ч юм шиг санагдаад байх юм. Надад туслаач. Яг яагаад байгааг минь хэлж өгч туслаач… Хааяа бүр гэнэт маш их үгүйлдэг. Угаасаа ингэдэг юм болов уу ч гэж бодох шиг. Заримдаа маш их санадаг ч заримдаа тэрүүгээр яахын гэж бодогдох юм. Өөрийнхөө сэтгэлийг мэдмээр байна.  

ЗӨВЛӨГӨӨ: Чамайг ойлгох нэгэнтэй ярилцаарай 

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Захидлаас уншихад, өөрийгөө ойлгож, тодорхой шийдвэр гаргахыг хүсэж байгаа юм шиг санагдлаа. Захидалд маш их санаж эргэж очмоор байдаг ч яг сэтгэлээ сонсохоор очмооргүй байдаг гэж бичжээ. Тэгвэл таны хувьд ямар үед эргэж очмоор санагддаг вэ? Ямар үед эргэж очмооргүй санагддаг вэ? Тухайн үеүдэд сэтгэл санаа нь ямар байдаг вэ? Ойр дотно байсан хэн нэгнээс холдох үед хүмүүс: 

  • Бодит нөхцөл байдлыг гайхах,  
  • Ийм зүйл тохиолдох ёсгүй гэж үгүйсгэх 
  • Уурлах, өөрийгөө болон нөгөө хүнийг буруутгах,  
  • Сэтгэлээр унах, гутрах,  
  • Энэ нөхцөл байдлаасаа гарах оролдлого хийх,  
  • Шийдвэр гаргах,  
  • Нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх гэсэн үе шатуудыг даван туулдаг.  

Харин энэ үед мэргэжлийн сэтгэл судлаачтай уулзаж сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрагдах нь өөрт төрсөн мэдрэмжээ ярилцаж, тулгарсан асуудлаа даван туулахад туслах боломжтой. Ингээд танд зарим сэтгэл зүйн төвүүдийн дугаарыг үлдээе. 

  • - Сэтгэл Судлалын Үндэсний Төв – 77324233 
  • - Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэн – 77208998 
  • - Focus On The Family – 88834343 
  • - Монгол Өрх Сэтгэл Зүйн Хүрээлэн – 70145145  

Сэтгэл Судлалын Үндэсний Төв 

Сэтгэл судлаач: Д.Намуун 

АСУУДАЛ: Харилцдаг хүнтэй болсноо гэрийнхэндээ яаж хэлэх вэ? 

Сайн байна уу? Би одоо 18 настай, гадаадад сурч амьдардаг. 2 сарын өмнө нэг залуутай чатаар харилцаж эхэлсэн. Үнэхээр дажгүй, яриа их нийлдэг болохоор бид 2 бие биедээ их таалагдаж байгаа. Гэхдээ би энэ тухай гэрийнхэндээ хэлээгүй байсан юм, Сүүлд олж мэдсэн. Надаас 3 насаар ах болохоор тэр гээд хэлэх надад жоохон хэцүү байсан. Урд нь танихгүй, миний ойрын хүрээлэлд байдаггүй хүн болохоор их гайхаж хүлээж авсан. Намайг зун Монголд очихоор уулзана гэж ярьсан, би өөрөө тийм ч нээлттэй, бүх зүйлээ ярьдаг хүн биш болохоор гэрийнхэндээ яаж ойлгуулахаа сайн мэдэхгүй байнаа. Та бүхэн надад зөвлөгөө өгч болох уу?   

ЗӨВЛӨГӨӨ: Эхлээд гэр бүлийнхэндээ түүний тухай мэдээлэл өгөөрэй 

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Захидлаас уншихад, харилцаж байгаа хүнийхээ талаар гэрийнхэндээ эерэг сэтгэгдэл төрүүлэхийг хүсэж байгаа юм шиг санагдлаа, зөв үү? Өөрийн харилцаж байгаа хүний талаар ярилцаж мэдээлэл өгөх нь эргээд гэрийнхэн нь чамд болон харилцаж байгаа хүнд итгэх итгэлийг бий болгоход туслах боломжтой байдаг. Тиймээс анх хэрхэн танилцсан, тэр хүний юу нь таалагдсан, юунд татагдаж байгаа, ямар хүн болох, хүсвэл хамтдаа юу хийхийг төлөвлөж байгаа зэрэг талаар ярилцаж мэдээлэл өгөхийг хичээгээрэй. Үүний тулд гэр бүлийнхнээс хэн нэгэн нь чамтай ярилцах, чамайг сонсох боломжтой тайван үед ярьж эхлэх нь ач холбогдолтой. Гэр бүлийнхэндээ мэдээлэл өгөх нь гэрийнхэнд нь тайвшрал, чамд итгэх итгэл төрүүлэхээс гадна чамайг болзошгүй эрсдэлээс сэргийлэхэд туслах боломжтой юм шүү. 

Сэтгэл Судлалын Үндэсний Төв 

Сэтгэл судлаач: Д.Намуун 

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#Сэтгэл зүй