Өндөг гэж эндүүрч чулуу дардаг байсан эр бүргэд өнчин дэгдээхий өргөж авчээ


Сондор | YOLO.MN
2023-04-19

Америкт Мо Валли Парк буюу шувууны дархан цаазат газрын халзан бүргэд Мерфи өндөг гэж эндүүрч чулуу дарж хагарахыг нь хүлээдэг байсан бөгөөд ажилтнууд чулууг авч зүрхэлдэггүй байжээ.

Даруу төлөв ааш зантай Мерфи халзан бүргэд өөрийн нямбайлан зассан үүрэндээ чулуу дарж хагарахыг нь хүлээдэг байв. Тэр 31 настай бөгөөд төрлийнхөө жигүүртэн дундаа ахмаддаа орно. Тэрбээр чулуу дарж өдөржин нэг газраа хэвтээд, түүний үүр рүү ойртох гэсэн шувууд руу дайрдаг байв.

Мерфигийн энэ байдалд тайлбар хийхээр хашааны гадна талд "Тэр гомдоогүй, өвдөөгүй, эсвэл өөр ямар нэгэн байдлаар зовоогүй" гэж бичжээ. Халзан бүргэд эр эм ялгаагүй эцэг эхийн үүрэг хариуцлагатай байдаг тул эрэгчин нь үр төлөө халамжилж өсгөх нь элбэг байдаг. Тэд хаврын дааврын нөлөөнөөс болж заримдаа өндөг биш өөр зүйл дарж, үржихийг хүсдэг байна.

Мерфи 1990-ээд оны эхэн үеэс тус дархан цаазат газарт амьдарч байгаа бөгөөд хэзээ ч үржилд орж, дэгдээхийтэй байж үзээгүй. Одоо хашаандаа хамт байдаг хоёр эм бүргэдтэй ч нийлэхийг оролдоогүй хэр нь Мерфи чулуу дарсаар л байжээ.

Мерфигийн дардаг байсан чулуу

Нэгэн шуурганы үеэр модноос унасан ч эсэн мэнд амьд үлдсэн хоёр долоо хоногтой бүргэдийн өнчин дэгдээхийг олж дархан цаазат газарт авчирсан нь хувь тавилан ч байж магадгүй юм.

Бүргэдийн дэгдээхийг олсноос хойш хэдэн өдрийн дараа Мерфигийн хашаанд оруулав. Ажилтнууд Мерфиг хэрхэн хариу үйлдэл гаргах талаар ямар ч төсөөлөлгүй байжээ.  Гэхдээ даруу төлөв Мерфи мэдээж түүнийг уриалгахан хүлээн аван сонирхон сонжиж,  тэдний өмнө хоёр таваг хоол тавихад нэгийг нь дэгдээхий идэх боломжийг олгож, нөгөөг нь өөрөө идэж байхдаа загасны махыг тасдан дэгдээхийд хуваан өгч байв. Энэ бүх үйлдлээс нь харахад Мерфи эцэг шувуу болж, өнчин дэгдээхий асран хамгаалагчтай болов. Ийнхүү чулууг хагарч дэгдээхий гарч ирнэ гэж цөхрөлтгүй итгэсэн эр бүргэд шуурганаас амьд гарсан өнчин дэгдээхийг өргөж аван ижилдэн амьдрахаар болжээ.

Сонирхуулахад, халзан бүргэд нь Хойд Америкт нутаглах махчин шувуу бөгөөд АНУ-ын билэг тэмдэг юм.

Эх сурвалж: NY Times

#Мэдээ