TOP А.Бүрэнбаяр: Эвтэй найртай, тууштай хөдөлмөрлөвөл амжилт хол биш


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2023-03-16

Дэлхий дахинд Монгол Улсыг төлөөлөн өрсөлдөж буй спортын салбарынхнаас хамгийн амжилттай яваа багуудын нэг нь PUBG Mobile-ын Stalwart Esports билээ.

Монгол дасгалжуулагчтай монгол баг 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 7-р байр, 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 4-р байр эзэлсэн амжилттай.

Тус багийн довтлогч, 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг тоглогч (MVP) TOP буюу А.Бүрэнбаяртай ярилцлаа. Тэрээр STE баг бүрдсэн түүх, багийн хамтрагчдын онцлог зэргийн талаар өгүүлэв.

-Юун түрүүнд хамгийн сүүлийн том тэмцээний дурсамжаасаа хуваалцаач. Дэлхийн аваргаар MVP болох мэдрэмж ямар байв?

-Олон хүний чадаагүй амжилтад хүрсэндээ маш их баяртай байна. Цаашдаа багаараа аваргын цомыг өргөж, дахин MVP  болохыг хичээнэ.

-Анх PUBG Mobile тоглож эхлэхдээ ДАШТ-д оролцдог мэргэжлийн тоглогч, тамирчин болно гэж төсөөлж байв уу?

-PUBG Mobile тоглож эхлээд дөрвөн жил болж байна. Анхандаа дотоодын тэмцээнүүдэд ордог байсан ч гадаадын тэмцээнд орохыг хүсээд дасгалжуулагч Senator-той холбогдсон. Бид хамт тоглоод таван сарын дотор Азид амжилт гаргачихсан болохоор цаашдын амжилт боломжтой юм байна гэж бодон зорилго тавьж, түүндээ хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлөсөн.

-Stalwart Esports баг анх хэрхэн бүрдсэн юм бэ?

-Zeus Esports баг дэлхийн аваргад ордог жил. Pika бид хоёр анх нэг багт тоглодог байлаа. Нэг өдөр бэлтгэлээсээ хоцроод, багийн ахлагчтайгаа муудалцсаны улмаас хөөгдчихсөн. Гэхдээ бууж өгөлгүй шинэ баг босгохоор шийдсэн. Эхлээд Skryy-г Европын багаас авсан. Нэг хүүхэд олдохгүй их удсан. Astra Academy нэртэй болохоос өмнө Action-г “ирээдүйгээ бодвол наашаа ороод ир” гээд авсан. Түүний өмнө төрсөн өдрөөрөө Senator ахыг дуудаад “бид гадагшаа тогломоор байна. дасгалжуулагч хэрэгтэй” гэхэд хариуд нь “Гадагшаа гаргахад 1-2 жил хэрэгтэй. Тэрийг давж чадвал амжилтад хүрнэ” гэсэн юм. Ингээд бид таван сарын дотор Азийн аварга болсон доо.

Азийн аваргын тэмцээнд түрүүлсэн ч биднийг PMPL (PUBG Mobile-ын хамгийн том лиг) лигт уриагүй. Харин Энэтхэг эзэнтэй Stalwart Esports баг лигт орох эрхтэй байсан ч тоглогчгүй болчихсон байсан тул бид гэрээ байгуулж хамтран ажиллахаар болсон. Өөрөөр хэлбэл Stalwart Esports-ын нэр дээр тоглодог монгол баг гэж хэлж болно.

-Хамтрагчдынхаа тухай яриач. Тухайлбал багийн дасгалжуулагчаа их хүндэлдэг бололтой?

-Senator ах ёстой бурхан шиг хүн дээ. Төрсөн аав, ах шиг бүх зүйлийг зааж зөвлөдөг учраас үг сонсох дуртай. Бидний бүхий л амжилттай цуг байсан Action-тай амьдрал дээр гарсан ч холдож чадахааргүй. Цуг байхад хэзээ ч уйдахгүй хөгжилтэй, хүүхдээрээ хүн. PIka бид хоёр хамт их юм үзсэн. Намайг маш их өмөөрдөг сайн найз минь. Skryy бол маш цайлган, зөөлөн сэтгэлтэй гээд багийн гишүүд маш гоё хүмүүс байдаг.

-Өөрийгөө хувь хүн талаас нь тодорхойлбол? Мөн багтаа үзүүлдэг нөлөөгөө юу гэж боддог вэ?

-Түргэн уур маань сул тал болж багаа доош нь чирчих гээд байдаг. Бусдаар бол өөрийгөө гайгүй гэж боддог доо. Багийн тоглолтын тухайд дэл сул оноо түүж kill хийхийг хичээдэг үүрэгтэй.

-Чөлөөт цаг, сонирхол байсан зүйл нь мэргэжил болчихсон. Тоглоогүй үедээ юу хийх дуртай вэ?

-Би анх тэшүүрийн спортоор хичээллэдэг байсан. Өдрийн гурван бэлтгэл хийдэг олимпод явахыг зорьдог байлаа. Бэлтгэлийн цаг заваар буюу оройн хоолоо идчихээд унтахын өмнө хэсэг тоглодог байсан. Харин одоо байр нь солигдчихсон. Хааяа гулгамаар санагдах үе бий шүү.

-E-Sport-ыг харах Монголчуудын өнцөг өөр болжээ. Зөвхөн чөлөөт цагаа өнгөрүүлэх хэрэгсэл, тоглоом байсан бол одоо мэргэжлийн спорт болсон. Тэгвэл мэргэжлийн тамирчид өндөр зэрэглэлд тогтмол тоглохын тулд ямар бэлтгэл сургуулалт хийдэг вэ?

-Цаг хугацаа их шаардана. Хуваарь гаргаад өдөрт гурван удаа тоглож бэлтгэл хийдэг ч ихэвчлэн тааваараа байдаг даа. Тогломоор байвал тоглоод, ядарвал больчихно.

-Гар утсаар удаан тоглоход нуруу хөших, нүд өвдөх, чилэх зэрэг бэрхшээл байдаг. Тэгвэл хамгийн зөв байрлал, суулт гэж бий юу? Зөвлөвөл

-Юу зөв эсэхийг нь сайн мэдэхгүй. Миний хувьд тохойгоо сандлын түшлэгт тулж суувал амар байдаг. Гэхдээ бусдыг харахад тохойгоо юунд ч хүргэхгүй нуруу цэх суувал зөв юм шиг. Аль болох өөртөө эвтэйхнээр суух л хэрэгтэй байх.

-Тоглохдоо үндсэн төхөөрөмж болох гар утас, чихэвч, цэнэглэгчээс гадна нэмэлт хэрэгсэл ашигладаг бол дурдаач?

-Утсаа хөргөх сэнс, хуруувч зэргийг хэрэглэдэг. Сэнс нь утсыг халж гацахаас сэргийлдэг бол хуруувч нь дэлгэц удирдахад илүү хялбар, зөөлөн болгодог.

-Тамирчдын сэтгэл зүйн эрүүл мэнд мэргэжлийн тэмцээнүүдэд их чухал болсон. Stalwart баг үүнд хэрхэн анхаардаг вэ?

-Манай баг маш сайн сэтгэл зүйтэй. Дасгалжуулагч бүх талаар дэмжин ажилладаг. Үүнд багийн уур амьсгалаас гадна дасгалжуулагчийн яриа их нөлөөлдөг.

-Энэ электрон спортыг анхлан сонирхож буй хүүхдүүд юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Эвтэй найртай, тууштай хөдөлмөрлөвөл амжилт хол биш. Олон улсын тэмцээнүүдэд идэвхтэй оролцох хэрэгтэй.

#Мэдээ