А.Хонгор: Миний хүртсэн тэтгэлгүүд надад гайхамшигтай их урам зориг, туршлага өгсөн


Б.Чандмань | YOLO.MN
2016-03-17

Далайн давалгаа мэт ар араасаа түрэн гарч ирж буй шинэ үеийн залуус хичээл зүтгэл, их мэрийлттэй байгаа нь бахадмаар.

Дотоодын оюутанд олгох бүх тэтгэлгийг хүртсэн залуу А.Хонгортой өөрийн туршлагынх нь талаар ярилцаж, эссе хэрхэн бичих талаар зөвлөгөөг уншигч хүүхдүүдэд зориулан авлаа.

YOLO: Чи өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
Намайг Азжаргалын Хонгор гэдэг. СЭЗДС-ийн санхүү менежментийн ангийн төгсөх курсийн оюутан. Одоо 21 настай.

YOLO: Тэтгэлэгт хэрхэн хамрагдсан бэ?
Нэгдүгээр курсдээ хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийдэг байсан. Хичээлээ тараад ажил руугаа, өглөө нь дахиад л хичээл рүү  явна. Заримдаа нойр авах ч цаг гарахгүй хичээлийн үеэр зүүрмэглэх үе тохиож байсан. Тэгээд тэтгэлэг авахаар шийдээд өөрт олгогдож болох бүхий л тэтгэлгүүдэд хамрагдаж энэ жилийн хувьд гэхэд “Шударга ёсыг бадраах сан”-гийн нэрэмжит оюутны тэтгэлгийг хүртсэн байгаа. Ер нь тэтгэлэг авна гэдэг бол нээх хэцүү асуудал биш. Хүмүүс нэг их хэцүү асуудал юм шиг боддог. Мундаг хүмүүс л авдаг гээд өөрөөсөө улам холдуулаад байдаг. Гэхдээ “би чадахгүй дээ” гэж бодоод шаналаад суухын оронд зүтгэсэн нь дээр байх гэж боддог.

YOLO: Ямар ямар тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж байсан бэ?
Цэцээ гүн Ротаракт клуб, Зориг сан болон Шударга ёсыг бадраах сангийн тэтгэлгүүдэд тэнцэж байсан.

YOLO: Тэнцээгүй тохиолдол байгаа юу?
Байхгүй. Би тэтгэлэгт хөтөлбөрт оролцохдоо заавал авна гэж өөртөө цензурь тавиад  байдаггүй. Зүгээр л хэн үүнийг хүртэх ёстойг нь харуулахыг хүсдэг.

YOLO: Тэтгэлэгийн шалгуур хэдэн шаттайгаар явагддаг вэ? Шат тус бүр дээр юуг анхаарах хэрэгтэй вэ?
Ихэнхдээ хоёр үе шаттайгаар явагддаг. Нэгдүгээр шатанд анкет бөглөж, эссе бичдэг. Энэ шатанд тэнцвэл хоёрдугаар шатны ярилцлаганд орно. Харин “Шударга ёсыг бадраах” сангийн тэтгэлэг 3-н үе шаттай явагддаг. Эхлээд анкет бөглүүлж, 5-6 ширхэг эссе бичүүлнэ.  Дараагийн шатанд багаар ажилуулна.

Жил бүр өөр өөр даалгавар өгөгддөг учраас урьдчилж бэлдэх тал дээр асуудалтай. Гэхдээ нэг л зүйлийг мэдэж байхад болно. Энэхүү шатны гол санаа нь "Чи багийнхаа хэн нь бэ?" гэдэгт оршдог. Бүхий л тэтгэлгийн сүүлийн шат нь ярилцлага байдаг. Энэ  шатанд зүгээр л чин сэтгэлээсээ байх хэрэгтэй. Хүнээр өрөвдүүлэх гээд л элдэв зовлон тоочоод байх нь зохисгүй. Харин шүүгч нарт залуу хүний эрч хүчийг мэдрүүлж, яагаад би үүнийг хүртэх ёстой вэ гэдгээ ойлгуулах хэрэгтэй. Ямар ч л байсан энэ шатанд эрч хүчтэй байх нь чухал.

Бүхий л тэтгэлгийн сүүлийн шат нь ярилцлага байдаг. Энэ  шатанд зүгээр л чин сэтгэлээсээ байх хэрэгтэй. Хүнээр өрөвдүүлэх гээд л элдэв зовлон тоочоод байх нь зохисгүй. Харин шүүгч нарт залуу хүний эрч хүчийг мэдрүүлж, яагаад би үүнийг хүртэх ёстой вэ гэдгээ ойлгуулах хэрэгтэй.

YOLO: Тэтгэлэгээс чамд үлдсэн зүйл юу вэ?
Миний хүртсэн бүх тэтгэлэг надад гайхамшигтай их урам зориг, ихээхэн хэмжээний туршлага өгсөн.  “Цэцээ Гүн Ротаракт клуб”-ын тэтгэлэг гэхэд клубын гишүүд нь надаас 3,4 ах хүмүүс л байсан. Бид бие биедээ их зүйл зааж сургасан. Энэ нь сайн дурын клуб, ямар ч ашгийн төлөө биш.

Гишүүд нь тэтгэлэг зарлагдахаас сар гаруй хугацааны өмнөөс мөнгөө босгож эхэлдэг. Хоёр удаагийн тоглолт зохион байгуулаад, клубын дэргэдэх орон сууцнуудын бүх айлын хаалгыг тогшиж “Манай тоглолтыг үзээрэй олсон ашиг нь шилдэг оюутнуудын сургалтын төлбөрт зориулагдах юм шүү” гээд бүгдэд нь тайлбарласан байгаа юм. Тэтгэлэг авсны дараа бидэнд энэ бүхнийг хэлж өгсөн. Зүгээр л бидэнд туслахын төлөө ингэж их хөдөлмөрлөсөн нь надад маш сайхан санагдсан. Олон хүний итгэлийг дааж байна гэдэг маш сайхан нөгөөтэйгүүр маш том хариуцлага.

Шударга ёсыг бадраах сан”-гийн тэтгэлэг нь миний бодлоор маш сайн системчлэгдсэн тэтгэлэг. Ердөө нэр усаа мэдэлцээд, мөнгө өгөлцөж авалцаад, салдаг тэтгэлэг биш харин бүтэн жилийн туршид чамайг хөгжүүлэх бүхий л боломжоор хангаж өгдөг.

Амжилттай яваа компанийн захирлуудтай жижиг хэмжээний уулзалт хийх, сонирхож буй компанийхаа үйл ажиллагаатай биечлэн танилцах, мэргэжлийн сургалт семинарт суух зэрэг ер нь дурдаад байвал дуусахгүй олон зүйл хийдгээрээ надад маш их таалагддаг юм.

YOLOЧиний хүртсэн тэтгэлгүүдийн хамгийн том шалгуур нь юу байсан бэ?
Бүхий л тэтгэлгийн эхний шалгуур эссе бичиж, анкет бөглөх байдаг. Хүнтэй уулзахад анхны сэтгэгдэл их онцгой байр суурийг эзэлдэг шиг эхэнд явуулж байгаа материал маш чухал байдаг. Ингэхдээ эссе бол хамгийн чухал нь. Мундаг анкеттай хүмүүс эссенээсээ  болоод унасан олон тохиолдлуудыг би мэднэ.

YOLO: Хүмүүс ихэнхдээ юунаас болж эссегээ муу бичдэг вэ?
Хүмүүс яагаад эссегээ муу бичдэг вэ гэвэл цагийг нь тулгаж байгаад өмнөх өдөр нь бичих ч юмуу эсвэл, цаг гаргаад ч муу бичдэг хүмүүс байдаг.

YOLO: Эссег хэрхэн сайн бичих вэ?
Би яг 11-р ангиасаа эхлээд тогтмол бичиж, өөртөө бичих дадал суулгасан. Оюутан болсноосоо хойш тэмдэглэл хөтөлж, хажуугаар нь блог ажиллуулаад, эссений уралдаанд орох зэрэг бичихтэй холбоотой бүхий л зүйлийг хийдэг байсан. Энэ нь намайг илүү дадлагажуулж өгсөн байх гэж боддог.

Өөртөө итгэх хэрэгтэй. Эссе бичнэ гэдэг бол маш амархан зүйл. Яг л шүдээ угаах, гутлаа үдэхтэй адил. Цаг мөч бүхэн бидний толгойд асар их хэмжээний бодлууд урсан өнгөрч байдаг. Түүнийгээ л цаасан дээр буулгаж байгаа хэрэг.


YOLO: Манай уншигчдад хэрхэн сайн эссе бичих талаар зөвлөгөө өгөөч?
Сайн эссе бичихэд хэрэгтэй 5 зөвлөмж хэлье.

1.    Өөртөө үнэмшүүл

Өөртөө итгэх хэрэгтэй. Эссе бичнэ гэдэг бол маш амархан зүйл. Яг л шүдээ угаах, гутлаа үдэхтэй адил. Цаг мөч бүхэн бидний толгойд асар их хэмжээний бодлууд урсан өнгөрч байдаг. Түүнийгээ л цаасан дээр буулгаж байгаа хэрэг.

2.    Дүрэмд битгий баригд

Өөрөөр хэлбэл “Шилдэг эссе бичих 100 дадал” ч юм уу эсвэл “Эссений зөв бүтэц” гэх маягийн номнуудыг уншиж цагаа үрэх хэрэггүй. 

3.    Унш унш бас дахин унш

Эхлээд заавал ном биш “юм унш”. Хүсвэл нойлын цаасан дээр хэвлэгддэг онигоо байсан ч болно. Тэгээд аажимдаа арай өөр зүйл уншдаг болох хэрэгтэй. Ном унших дадалтай болсноор эссе бичих чадварт чинь маш том хоёр нөлөөтэй.

Нэгдүгээрт, сэтгэлгээ чинь задарна. Аливаа эссег бичихдээ нэг талаас хэт туйлширч биш олон талаас шүүмжлэлтэй хандаж, дүгнэж цэгнэж, гайхалтай санааг гаргаж бичдэг болох юм.

Хоёрдугаарт, уран яруу бичдэг болно. Үүнийг өөрөөр үгсийн баялаг нэмэгдэх гэж хэлж ч болох юм. Мэдээж үүний тулд

тэмдэглэл хөтлөх хэрэгтэй. Сэтгэлд буусан, өвөрмөц санагдсан өгүүлбэр байвал даруйхан хуулаад ав, хожим хэрэг болно. Ийм маягаар үгсийн сангаа нэмээд л бай. Нэг л мэдэхэд та дуудлага худалдаагаар оруулсан ч болохоор гайхалтай сайхан үгсийн тэмдэглэлтэй болсон байх болно.

4.    Бичиж эхэл

Би өдөр бүр бичих дасгал хийдэг байсан. Юуны ч талаар хамаагүй. Зүгээр л бичээд л байдаг байсан. Сүүлд академик бичлэгийн хичээл ороход би өөрийнхөө бичих арга барилын үндсэн нэр томьёог олсон. Энэ нь  Free flowing буюу чөлөөтэй урсах маягаар бичдэг.

5.    Өөрийгөө сорь

Эссе бичлэгийн уралдаанд өөрийн бичвэрээ явуулаад үзэх хэрэгтэй. Ингэснээр өөрийнхөө хаана явж байгааг мэдэж болох юм.

YOLO: Өөрийнхөө туршлагын талаар сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Амжилт  хүсье.

Баярлалаа.


Дотоодод зарлагддаг нээлттэй тэтгэлгүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид удахгүй хүргэх болно wink

#Тэтгэлэг #Scholarship #KeepTrying #ХичээлЗүтгэл #University #ИхСургууль