Захидал: Найз охин минь намайг орхиж байгаа бололтой


ССҮТөв | YOLO.MN
2023-02-16

YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхэд залуусаас захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Ээжтэйгээ хэрхэн ойлголцож, учраа олох вэ? 

Сайн байна уу, Би 21 настай эмэгтэй. Өнгөрсөн жил их сургуулиа төгссөн ч хувийн асуудлаас болоод одоохондоо ажил хийхгүй гэртээ байгаа. Миний ээж 4 хүүхэд төрүүлсэн ганц бие, биеийн хүчний ажил хийдэг эмэгтэй. Түүний хувьд хүүхдүүдээ өндөр боловсролтой болгох нь хорвоо дээрх хамгийн чухал зүйл. Тиймээс ч бид бүгдээрээ нэр хүндтэй сургуулиудыг амжилттай төгссөн. Гэвч ээжийн хувьд хүүхдүүд нь өөрийг нь нэг ч аз жаргалтай болгодоггүй. Учир нь бид нар "тэгж зовж өсгөж" байхад нь амжилттай яваагүй. Бид фэйсбүүк дээр ингэж, тэгж амжилтад хүрсэн гэж гайхуулах хэмжээний биш юм болохоор юм болов уу? /Бүгд л дор дороо хөдөлмөрлөж, амьдарч байгаа/ Надаас саяхан яагаад хүмүүс амжилтад хүрээд пост бичээд байхад та нар тэгдэггүй юм бэ гэсэн.  
 
Ээж ганцаараа цөхөрч биеийн хүчний ажил хийж байгааг би ойлгодог, зүгээр гэртээ байхдаа ч гэмшиж, ямар нэгэн аргаар мөнгө олохыг хичээдэг. Мэдээж ганцаараа ажиллаж байгаа учраас цөхөрмөөр, хашгирмаар л байдаг байх, тэрийгээ тусдаа гарсан хүүхдүүддээ гаргалгүй зөвхөн надад л гаргах юм. "Би ядарч байна, цөхөрч байна, үхээд өгмөөр" ч гэж хэлнэ. Тиймээс над руу огцом огцом уурладаг. Ялангуяа сургуулиа төгссөнөөс хойш тэр нь бүр ихэссэн. Гэхдээ би ч гэсэн хүн шүү дээ. Бүх боломжоос л мөнгө олохыг хайж байна, над руу уурлалгүй, бусад болохгүй байгаа зүйлсд битгий стресст гэсэн ч нэмэргүй.  
 
Энэ үед хэрхэн ээжийгээ тайван байж, ах эгч нарийн амьдралд өмнөөс нь санаа зовохгүй, бусадтай харьцуулж намайг дарамтлахгүй байхыг ойлгуулах вэ? Үнэхээр яахаа мэдэхээ больж, гутармаар, аз жаргалгүй болж байгаа учраас та бүхэнтэй холбогдохыг хүслээ. Баярлалаа.  

ЗӨВЛӨГӨӨ: Ээжтэйгээ тайван үед нь ярилцаж, өөрийгөө илэрхийлсээр байгаарай

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Захидлаас уншихад, ээжтэйгээ харилцан ойлголцохыг хүсэж байгаа юм шиг санагдлаа. Мөн ээждээ мэдрэмжээ илэрхийлэх оролдлого хийснийг чинь ойлголоо. Бид бусдын сэтгэл хөдлөл, үйл хөдлөлийг бүрэн дүүрэн хянаж чадахгүй боловч түүнд нөлөөлөх тодорхой үйлдлүүдийг хийх боломжтой байдаг. Үүний тулд ээжийгээ тайван үед нь (мөн өөрөө сэтгэл зүйн хувьд тайван) "тантай ярилцмаар" байна гэдгээ илэрхийлээрэй. Ярилцахдаа юуны түрүүнд ээжийнхээ мэдрэмжийг асуугаад ямар ч шүүмжлэлгүйгээр, үгүйсгэлгүйгээр сонсохыг хичээгээрэй. Энэ нь ээж нь өөрт нь санаа тавьж байгаа, анхаарал хандуулж байгаа гэсэн мэдрэмжийг өгөх боломжтой. Харин үүний дараа захианд бичсэн шиг ээжийгээ ойлгож байгаа тухай, өөрийн чинь нөхцөл байдал энэ чигээрээ үүрд үргэлжлэхгүй тухай, бусад хүмүүстэй хэт харьцуулахгүй байх талаараа хэлээрэй. Энэ бүхнийг хэлэхэд өөрт чинь цаг хугацаа, хэлэх хүч орох байх. Гэсэн хэдий ч ийнхүү илэрхийлж хэлэх нь чиний юу мэдэрч байгааг ээж нь мэдэхэд туслах боломжтой. 

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир

АСУУДАЛ: Найз охин минь намайг орхиж байгаа бололтой

Сайн байна уу? Танд энэ захидал хүрэх өдрийн мэндийг хүргэе. Би одоо 9 дүгээр ангийн сурагч. Надад нэг хайр сэтгэлийн талаарх асуудал тулгарсан юм. 

Би ангийнхаа охинтой үерхдэг юм л даа. Сүүлийн үед бид хоёрын харилцаа улам л хүйтэн хөндий болоод байна. Бид ярилцахаа больж хамт цуг алхдаг байснаа ч больсон. Би түүнээс нэг их зүйл хүсдэггүй. Би зүгээр л хамт байхыг, хамт ертөнцийн элдэв сонингийн талаар ярилцахыг л хүсдэг. Гэвч дургүйд хүчгүй гэдэг шиг тэр надаас дөлөөд байгаа юм шиг санагдаад, мэдрэгдээд байгаа. Тэр надтай ярилцахыг хүсдэггүй, хамт алхахыг хүсдэггүй, хичээл тараад надад баяртай ч гэж хэлэхгүй найзуудтайгаа яваад өгдөг. Энэ бүхнийг анзаараад харилцаагаа үргэлжлүүлэхийг хүсч буй талаар нь асуухад хүсч байгаа л гэж хариулдаг гэвч энэ бүхэн худлаа гэдгийг би мэдэрдэг. Эцсийн эцэст энэ бүхэнд би л буруутай юм шиг санагдаж байна. Яагаад гэвэл би түүнд цаг зарцуулж амждаггүй. Би үнэхээр завгүй өглөө 8 цагаас хичээлдээ ороод, хичээлээ тарангуут шууд элдэв тэмцээний бэлтгэл, сонгон, дугуйланд явна. Орой 6, 7 цаг гэхэд л гэртээ үнэхээр ядарсан орж ирдэг. Долоо хоногийн долоон өдөр ийм хуваарьтай. Түүнд цаг зарцуулах ёстойгоо хэтэрхий хожимдоод ойлгосон байсан. Тэр үед аль хэдий нь надаас залхчихсан юм шиг байна. Тэгээд угаасаа өөрт нь цаг зарцуулдаггүй хүний хажууд хэн тогтох вэ дээ гэж бодох болсон. Гэвч надад тэр үнэхээр бүр үнэхээр таалагддаг. Надад одоо маш харамсалтай, гунигтай санагдаж байна. За одоо асуултандаа оръё. Бидний үеийн үерхэл яг ямар байвал зүгээр вэ? Эсхүл одоохондоо үерхэл дэмий юу? Түүндээ яаж хайртайгаа илэрхийлж, халамжлах ёстой байсан юм бол? Та энэ бүх асуултанд хариулж зөвлөж өгч эргэлзээг минь тайлж өгөөрэй. Эцэст нь үүнийг уншиж байгаа хүмүүст хандаж хэлэхэд хайртай хүмүүсдээ цаг зарцуулж байгаарай, учир нь хайртай хүн чинь чамайг гэнэтхэн л орхино шүү. Анхаарал хандуулсанд баярлалаа. 

Зөвлөгөө: Түүнтэй тухтай ярилцаж, асуудлаа шийдээрэй

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Үерхэж байгаа охинтойгоо харилцан ойлголцохыг хүсэж байгаа юм шиг санагдлаа. Захидлаас уншихад, хамтдаа алхаж бас ярилцахаа больсон учраас харилцаа нь хөндий болж байгаа юм шиг санагдаж байна гэж ойлголоо, зөв үү? Найз охин нь харилцаагаа хөндий болсон гэж бодож байгаа болов уу? Чи өөрт төрсөн энэ мэдрэмжээ илэрхийлж үзсэн үү? Хэрэв энэ талаар асууж үзээгүй бол асууж ярилцахыг хичээгээрэй. Учир нь харилцан бие биедээ мэдрэмжээ илэрхийлэн ярилцах нь эргээд найз охин нь чиний бодол, мэдрэмжийг мэдэхэд туслах боломжтой. Мөн ярилцаж урьдчилан бодож таамагласан зүйлсээ баталгаажуулах нь чамд үүссэн байгаа эргэлзээ таамаглалыг шалгахад нөлөө үзүүлэх боломжтой юм шүү. 

Мөн хүн болгон хайрыг янз бүрийн ялгаатай үйлдлүүдээс мэдэрдэг. Зарим хүмүүс урмын үгнээс мэдэрдэг бол зарим хүмүүс өөрт нь тусалж, хамт байгаа үед хайрыг мэдэрдэг. Тэгвэл чи ямар үйлдлээс хайрыг мэдэрдэг вэ? Мөн найз охин нь ямар үйлдлээс хайрыг мэдэрдэг вэ? Энэ талаар асууж ярилцахыг хичээгээрэй. 

Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Д. Намуун

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#Сэтгэл зүй