ҮЗЭЭД ҮЗ: Сүнс, хараал, хор “Our blooming youth”


Сэтгүүлч Б. Учрал | YOLO.MN
2023-02-16

“Үзээд үз” цуврал нийтлэлийнхээ энэ удаагийн дугаарт эхний ангийн үзэгчдийн хувь нь 4.219 хувь хүрсэн tvN-ийн шинэ түүхэн цуврал “Our blooming youth”-ийг онцолж байна. 

“Our blooming youth” гэж юу вэ?

“Our blooming youth” нь энэ сарын 6-нд Солонгостоо нээлтээ хийсэн 20 ангитай түүхэн цуврал юм. Хятадын "The Golden Hairpin" зохиолоос сэдэвлэсэн энэхүү цувралд Park Hyung Sik, Jeon So Nee нар гол дүрийг бүтээсэн. 

Яагаад үзэх ёстой вэ?

Ахыгаа алж угсаа залгамжлах ханхүүгийн суудлыг булааж авсан гэгдэх ханхүүг хараагдсан гэх цуурхал тарах болно. Цуурхлаас болж ханхүүг сүнс дагах мэт учир битүүлэг явдал амьдралд нь тохионо. Харин гэр бүлийнхнээ хордуулж алсан гэх язгууртан айлын охин ханхүүтэй уулзсанаар тэдний амьдрал хэрхэн өрнөж буй талаар уг цуврал өгүүлэх болно. 

Үргэлжлүүлэн цувралын талаарх мэдээлэлтэй танилцъя. 

1. Ханхүүгийн хараал

Ахдаа тоор өгч хордуулж алан угсаа залгамжлах хунтайжийн суудлыг булаасан ханхүү болон гэр бүлийнхнээ хордуулж алсан гэгдэх авхайг холбосон учир битүүлэг захидлаас бүх зүйл эхэлнэ. Энгийн нэг захидал мэт боловч захидалд дурдсан үг бүр нь хараал мэт биелэх нь жигтэй. 

2. Хор

Ураг барилдах өдрөө хоног тоолон хүлээж суусан авхай нэг л өдөр гэрийнхнээ хордуулж алсан гэх хэрэгт гүтгэгдэж ордны цэргүүдээс зугтана. Эцэг нь үхэхээсээ өмнө охиндоо “Ханхүүг хамгаал” гэж хэлсэн учир ямар ч аргаар хамаагүй ханхүүтэй уулзахаар явна. Гэр бүлийнхнийг нь хөнөөсөн хор ханхүүгийн илгээсэн нууц захидлаас болсон гэж итгэх авхай үнэнийг илчлэхээр хаа хүртэл явах бол? 

3. Нөхөрлөл

Сүнсний илгээсэн гэх захидалд “Чи ахыгаа хөнөөж угсаа залгамжлах ханхүү болсон. Гэвч чи хэзээ ч Хаан болохгүй. Гартай байсан ч гараа ашиглаж чадахгүй. Хөлтэй байсан ч алхаж чадахгүй. Эхнэр авалгүй ганцаараа өтөлж ямар ч үр хүүхэдгүй ганцаардаж үхэх болно. Чиний анд нөхөр чиний ар нуруу руу хутга зоож, олон хүн чиний мунхаг байдлаас болж үхэх болно” гэж дурддаг тул ханхүү ойр тойрны хүмүүсээсээ жийрхэж эхэлнэ. Гэвч “Хэзээ ч тань руу миний сум чиглэхгүй” гэж ам гарах үнэнч найз нь түүний дэргэд байх болно. 

4. Боол биш найз мэт үзэгдэх нөхөрлөл

Юу ч болсон авхайдаа үнэнч зүтгэнэ гэж тангараг өргөсөн боол нь авхайгаа хамгаалах гэж амиа золин зүтгэж байгаа нь энэ киноны бас нэгэн чимэг болжээ. 

5. Хааны гэр бүлийн нууц

Угсаа залгамжлах ханхүүг хүмүүс эсэргүүцэж байгааг мэдэх ч “Энэ ханхүү тохирохгүй бол Чусонд дараагийн ханхүү бий” гэж ярих хаан эцэг. Ханхүүг хамгаалж буй мэт боловч алдаа гаргахыг нь ажиж буй мэт хүмүүс түүний хүрээлэлд олон. Хааны гэр бүлийн цаана нэг л зүйл нуугдах мэт. Энэ бүх эргэлзээг зөвхөн киногоо үзэж л тайлах юм даа. 

Цуврал долоо хоног бүрийн даваа, мягмар гарагуудад tvN сувгаар цацагдаж байгаа. Төгсгөлийн анги нь ирэх дөрөвдүгээр сарын 11-нд гарах аж. 

Эх сурвалж: soompi

#Кино урлаг