АНУ-ын Дейтон хотын дарга Жеффрей Ж.Мимс "Dayton Flyers" багийн тоглогч Mike Sharavjamts буюу Ш.Энхийн-Одод зориулж ирэх баасан гаргийг "Монголын өдөр" болгохоор зарласныг DaytonDailyNews-ээс мэдээллээ.
АНУ-ын коллежийн сагсан бөмбөгийн нэгдүгээр зиндаанд тоглож буй анхны Монгол тоглогч Ш.Энхийн-Од улирал эхэлснээс хойш бүх 25 тоглолтод оролцсон ба 20-д нь гараанд гарсан юм. Тэрээр нэг тоглолтод дунджаар 5.9 оноо авдаг ба нийт 79 удаа оновчтой дамжуулалт өгснөөр багаа тэргүүлж байна.
Сан Франциско хот дахь Монголын консулын газрын консул П.Баярмагнай Ш.Энхийн-Одын тухай "Тэр бол Охайо муж төдийгүй АНУ-д монголыг төлөөлж буй элч. Өөрийн амжилтаар залууст үлгэр дуурайл болж байгаа түүний төлөө бид бүгд баярлаж байна" хэмээжээ.
Дейтон хотын "Монголын өдөр"-өөр Охайо муж дахь нийгмийн эрүүл мэндийн төлөөх ТББ "CareSource"-ын ивээн тэтгэлэгтэйгээр арга хэмжээ зохионо. Өдрийн 14-16 цагийн хооронд Pamela Morris Center-т Монголын соёл уламжлалын талаар танин мэдүүлэх өдөрлөг болох юм.
CareSource-ын гүйцэтгэх захирал Эрхардт Претауэр болон Монголын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ө.Батбаяр нар арга хэмжээний нээлтэд оролцоно гэв.
Энэ баасан гаргийн орой 20:00 цагаас Dayton Flyers баг талбайдаа Saint Louis-тэй тоглоно.
Эх сурвалж: DaytonDailyNews
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх