Хэрхэн онц сурах вэ?


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2023-01-31

Хичээлийн шинэ улирал эхэлж, одоо л ёстой хичээл даалгаврыг уйлуулна гэж бодож байна уу? Тэгвэл хэрхэн онц сурах тухай бэлтгэсэн энэхүү нийтлэл чамд хичээлээ сайн ойлгож, шалгалтандаа итгэл дүүрэн ордог болоход тань тусална гэж найдаж байна. 

1. Өөрийгөө зоригжуулах

Муу дүн аваад сэтгэлээр унасан бол өөртөө гутрахын оронд өөрийгөө мотивацжуулах хэрэгтэй. Өөртөө зорилго тавьж яагаад би хичээлээ сайн хийх ёстой, энэ нь надад ямар хэрэгтэй вэ гэдгээ өөртөө ойлгуулах нь сайн сурагч болохын хамгийн эхний алхам юм шүү.

2. Хичээлд идэвхтэй оролцох

Хичээлийн дундуур асуултанд хариулж мөн асуулт асуух нь багшид тань чамайг сурах эрмэлзэлтэй хүүхэд гэдгийг харуулах болно. Шалгалтандаа тийм сайн аваагүй ч хичээлд идэвхтэй оролцдог сурагчид сайн дүн авах нь гарцаагүй. Хэрвээ чи ичимхий эсвэл дотогшоо төрлийн хүн бол хичээл эхлэхээс өмнө асууж болох асуултуудаа бэлдэх, эсвэл хичээлийн дараа асуух, багштайгаа ойрхон суух зэрэг аргуудыг хэрэглэж болох юм. Мөн ойлгохгүй байсан ч толгойгоо дохих, тэмдэглэл хийх зэрэг нь тархинд энэ хичээлд анхаарж байна гэсэн дохиог өгдөг учир сайн ойлгоход тусална.

3. Тэмдэглэл их хийхгүй байх

Үнэн хэрэгтээ багшийн хэлсэн болгоныг бичиж авах нь хамгийн үр дүнгүй арга бөгөөд дараа нь уншиж, ойлгоход ч төвөгтэй байдаг гэдгийг мэдэх үү. Тиймээс аль болох их биш, хамгийн чухал гэж бодсон зүйлсээ л тэмдэглэж авахыг хичээгээрэй. Мөн дараа нь эргүүлж санахад эсвэл шалгалтанд бэлдэхэд хялбар байлгахын тулд өнгө өнгийн бал ашиглах, зурах, тодруулах, хүснэгт, оюуны зураглал хийх гэх мэт илүү бүтээлч байх нь тустай.

4. Төвлөрч сурах

Энэ нь олон цагаар хичээлийн ширээн дээр сууна гэсэн үг биш юм. Даалгавраа хийхээр шийдэж ширээнд суухдаа гар утас, дүү нар, тоглоом гэх мэт анхаарал сарниулагчдыг дэргэдээсээ хол тавьж цэгцтэй газар суух хэрэгтэй.

5. Одоо эхлэх

Дараа улирлаас л болоё, дараа сараас л гээд яваад л байвал цаг хугацаа хурууны чинь завсраар урсаад л байна. Дараа нь харамсаж суухгүйн тулд яг одоо эхлээрэй. Хэрэв хичээлээ хийнэ гэчихээд нэг мэдэхэд л 4,5 цаг утсаа ухчихсан байдаг бол одооноос бодсон даруйдаа 3 тоолоод л босож тухайн зүйлээ хийдэг зуршлыг өөртөө суулгаарай. 

6. Хэн нэгэнд ярьж өгөх

Хичээл дууссаны дараа эсвэл даалгавраа хийсний дараа өөрийн юу ойлгосноо бусдад ярьж өгөх, заах нь тухайн сэдвээ маш сайн ойлгоход туслах болно. Америкийн Жойс их сургуулийн явуулсан судалгаагаар энэхүү аргыг ашиглавал хүн сурсан зүйлийнхээ 90%-ийг ойлгож чаддаг гэсэн үр дүн гарсан байна.

7. Даалгавар

Онц сурагч байхын алтан дүрэм бол даалгаврыг тогтмол хийх. Даалгавраа хийх гээд суух гэсэн ч ойлгохгүй байвал ангийнхаа хүүхдээр заалгуулах эсвэл багшаасаа хичээлийн бус цагаар асуух хэрэгтэй. Хэрвээ даалгавар хийх цаг гарахгүй байвал өглөө эрт босох нь танд туслах болно.

8. Эрүүл мэнддээ анхаарах

Мэдээж онц сурахын тулд эхлээд эрүүл байх хэрэгтэй. Хангалттай хэмжээний нойр авч, эрүүл хооллож, тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь хичээлээ илүү сайн ойлгоход гарцаагүй тусална.

Бага зэрэг л хичээл зүтгэл гаргачихвал онц сурна гэдэг нь тийм ч хэцүү зүйл биш юм шүү. 

Эх сурвалж: umassd, joyce

#Боловрол