Single's Inferno 2-р бүлэг: Салалтын дараа сэтгэл тайтгаруулах нэвтрүүлэг


Дэлгэрцэцэг | YOLO.MN
2023-01-25

Single's Inferno нэвтрүүлгийн 2-р улирал үзэгчдийн хүртээл болоод удаагүй байгаа билээ. Ганцхан Ази төдийгүй Европын улсуудын анхаарлыг татаж чадсан уг нэвтрүүлгийг Солонгос урлаг соёл, кино драма сонирхогч Монгол залуус ч шуугиан дүүрэн үзэж байна. Ингээд энэхүү нэвтрүүлгийг шимтэж үзсэн сэтгэгдлээ хуваалцах болно. Миний хувьд салалтын дараа үзсэн болоод ч тэр үү романтик, өхөөрдөм, биш татгалзсан хариу авч, чин сэтгэлийн яриа өрнүүлж байгаа хэсгүүд нь сэтгэлд илүү хүрсэн. Ингээд нэвтрүүлгийн хамгийн ихээр сэтгэгдэл төрүүлсэн оролцогчид, үйл явдлыг онцолж байна.

LEE SO-E

Lee So E оролцогчийг нэвтрүүлгийн энэхүү улирлаас хамгийн их хайрлаж, хүндэлсэн. Татгалзсан хариу авсан ч тууштайгаар нэг хүндээ сэтгэлээ илэрхийлж, үнэнч байгаа түүний байдал сэтгэл өвтгөм ч нэг талаар догь байгаагүй гэж үү? Хэн нэгнийг санаж, тэр хүн таныг орхин одсон салалтын дараа үзвэл хамгийн ихээр сэтгэлийн дэм болох оролцогч байлаа. 

Хүний сэтгэл гэдэг хүссэнээр болдоггүй, амархан өөрчлөгдөгшгүй зүйл гэдгийг шоунаас ч харж болохоор байв. Түүний сэтгэл чамд байхгүй бол түүнийг нь хүндлэх хэрэгтэй гэдгийг Lee So E оролцогч биеэрээ харуулж бидэнд ойлгуулсан гэж бодож байна. 

Хэдийгээр нэвтрүүлгийн эхэн үед уйлж, сэтгэлээр унаж, татгалзсан хариу авсан ч ганц бие тамаас хостойгоо хөтлөлцөөд гарахыг нь харах сэтгэл хөдөлгөм байсан юм.

CHOI JONG WOO

Хайр сэтгэл хэцүү ч хичээвэл бүтнэ гэдгийг харуулж сэтгэлийн тэнхээ, итгэл найдвар өгсөн оролцогч бол Choi Jong Woo. Хайртай хүнийхээ төлөө тэмцэж буй түүний хичээл зүтгэл үнэхээр гайхалтай байсан. Тийм үү? Шоуны үеэр сэтгэл хөдлөм хэсгүүд олон байсан ч Jong Woo-н байгаа байдал, сэтгэл татагдсан нэгэндээ гаргаж буй хандлага өөрөө сэтгэл хөдөлгөж байсан. 

Харилцаа дуусах үед бид дараагийнхаа харилцааны талаар төсөөлж, өөр хүний тухай бодохыг тийм ч их хүсдэггүй, зөвхөн түүнийгээ л бодож орхиж чадахгүй байдалд гацдаг. Тийм байдалд буй хэн бүхэнд гэрэл асааж өгсөн Choi Jong Woo оролцогч энэ улирлын гэрэл болсон оролцогч байж чадлаа. 

Хайр сэтгэл бол таамаглашгүй зүйл гэдгийг дахин нэг харлаа. Дээрх оролцогчид хоёул татагдсан нэгэндээ үнэнч, хичээнгүй байж чадсан ч үр дүн нь хоёр өөр байсан юм. Тэгэхээр үүнээс танд сэтгэлтэй нэгнийг хэт их хүлээлгэлгүй сэтгэлийг нь тайтгарлуулж, зөв замд нь чиглүүлэх, аль эсвэл тэр их сэтгэлийг нь хүлээж авч, тодорхой болгох нь чухал аж.

Хэдийгээр ганц бие хүмүүс хос болох зорилготой нэвтрүүлэг ч хосын харилцааны тухай сурж мэдэх зүйл олон байв. Сэтгэл өвтгөм, сэтгэл хөдөлгөм хэсгүүд олон, тэдний харилцаа хандлагаас ойлгож ухаарах зүйл бүр олон байлаа. Хэрэв та хэн нэгэнтэй харилцаа эхлүүлж буй бол, аль эсвэл төгсгөх гэж буй бол нэвтрүүлгийг заавал үзээрэй. Таныг өөр зүйл бодох сөхөө өгөхгүй л болов уу.

#Кино урлаг