“Netflix”-ийн удирдлага солигдож, сүүлийн улирлын үзүүлэлт нь шинжээчдийн төсөөллийг давлаа


Bloomberg TV Mongolia | YOLO.MN
2023-01-24

“Netflix” компанийн хамтран үүсгэн байгуулагч Рид Хастингс 20 гаруй жил хашсан Гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа бууж, өөрийн урт хугацааны хамтрагчид болох Тед Сарандос, Грег Питерс нарт залгамжлуулан үлдээж байна. 

Өмнө нь Гүйцэтгэх захирлын үүргийг хамтран гүйцэтгэгч байсан Тед Сарандос Холливудад компанийнхаа нүүр царай болдог гэдгээрээ танигдсан бол Грег Питерс өмнө нь тус компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, зар сурталчилгааны хэлтсийг ахалж байв. Өдгөө 62 настай Рид Хастингсийн хувьд компанидаа ТУЗ-ийн даргаар үлдэх аж.

“Netflix” өнгөрсөн оныг онцгой үзүүлэлттэйгээр үдсэн юм. 2022 оны сүүлийн улиралд тус компани нийт 7.66 сая шинэ хэрэглэгчтэй болсон нь “Wall Street”-ийн шинжээчдийн дундаж таамаглал болох 4.5 саяас хол давсан үзүүлэлт болжээ. Мөн орлого нь 7.85 тэрбум ам.доллар байсан шинжээчдийн төсөөлөлтэй ойролцоо дүн болсон байна. Хэдийгээр “Netflix”-ийн нэгж хувьцаанд ногдох ашиг 12 цент байгаа нь өмнөх оны мөн үеэс нэлээд доогуур үзүүлэлт боловч ашгийн маржин болон мөнгөний чөлөөт урсгалын нөлөөгөөр энэ онд нөхцөл байдал сайнаар эргэнэ гэсэн төсөөлөлтэй байгаа аж.

“Netflix-ийн зарцуулалтын сахилга бат магтмаар түвшинд байсан нь маржин болон мөнгөний урсгалыг хамгаалаад зогсохгүй зардлын үр өгөөжийг нь ч сайжруулсан” хэмээн “Morgan Stanley”-ийн шинжээч Бенжамин Свинберн онцолж байна.

“Netflix”-ийн орлогын дийлэнх хувийг стриминг үйлчилгээний хөтөлбөрүүд бүрдүүлжээ. Өнгөрсөн улиралд гарсан “Wednesday” цуврал нь тус компанийн түүхэнд гуравдугаарт бичигдэх хамгийн олон үзэгчтэй цуврал болсон бол “Troll” нь гадаад хэл дээрх хамгийн алдартай уран бүтээл болсон юм.

#Мэдээ