Цас цэвэрлэж байгаад бэртэл авсан жүжигчин Жереми Реннерийн биеийн байдал хүнд байна


А. Мишээл | YOLO.MN
2023-01-04

Марвелийн цувралуудад Hawkeye буюу Харцаганы нүд хэмээх супер баатрын дүрээр нь илүүтэй мэдэх жүжигчин Жереми Реннерийн биеийн байдал хүнд байгаа аж. Тэрээр Невада муж дахь гэрийнхээ ойролцоо цас цэвэрлэж байгаад бэртэл авсныхаа дараа хэд хэдэн удаагийн мэс засалд орсон байна. 

"The Bourne Legacy", "Dahmer", "Avengers", "Mission Impossible" зэрэг кинонуудаараа алдартай 51 настай Реннерийг эмнэлэг рүү нисдэг тэргээр хүргэжээ.

Жүжигчний төлөөлөгч The Hollywood Reporter хэвлэлд "Цаг агаарын нөхцөлтэй холбоотойгоор ням гарагт цас цэвэрлэж байгаад гэмтсэн Жеремигийн бие хүнд байгаа ч тогтвортой байна" гэж мэдээлсэн байна. Реннер цээжин тус газраа гэмтэл авсан бөгөөд одоогоор эрчимт эмчилгээнд байгаа гэжээ.

Жүжигчний төлөөлөгч Саманта Маст "Түүнийг асарч байгаа эмч, сувилагч нарт Жеремигийн гэр бүлийнхэн талархлаа илэрхийлж байна" гэв. Түүнчлэн гэр бүлийнхэн нь орон нутгийн цагдаа, гал түймрийн албанд талархаж буйгаа, шүтэн бишрэгчид нь хайр халамж, дэмжлэг үзүүлж буйд мөн баярласнаа илэрхийлсэн байна.

Болсон явдлын дэлгэрэнгүй мэдээллийг TMZ сайт мөн нийтэлжээ. Жереми хүчтэй цасан шуурганы дараа байшингийнхаа ойролцоох замыг цэвэрлэж байсан талаар хөршүүд нь ярьсан байна. Цас цэвэрлэхийн тулд тэрээр уулын цанын зам бэлтгэх зориулалттай трактор ашигласан байна. Хөршүүдийнх нь хэлснээр цас цэвэрлэх машинд жүжигчин санамсаргүйгээр хөлөө дайруулжээ. Үүний улмаас их хэмжээний цус алдаж, нэмээд бэртсэн байна. Хөршүүдийн нэг нь эмч байсан бөгөөд тэрээр Реннерт анхны тусламж үзүүлж, түргэний эмч нарыг ирэхээс өмнө хөлөнд нь боолт хийжээ.

Реннер Сьерра-Невада дахь Тахо нуурын ойролцоо эдлэнтэй. Энэ бүс нутагт цасан шуурганы улмаас 35 мянган айл өрх гэрэл цахилгаангүй болсон байна. Хэдхэн хоногийн өмнө жүжигчин Твиттертээ цас орсны дараа байшингийн ойролцоо авхуулсан зургаа нийтэлж, "Тахо нуурт цас орсон байгаа нь. Тоглоом биш дээ" гэсэн тайлбар оруулсан байжээ.

Эх сурвалж: ВВС

 

#Мэдээ