Хүн төрөлхтний хамгийн том баяр цэнгэл 22 дахь удаагийн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Катар улсад өндөрлөлөө. Дэлхийн олон сая хөгжөөн дэмжигчдийн хүсэн хүлээсэн аз жаргалтай төгсгөл биеллээ олж Лионел Месси сүүлчийн дэлхийн аваргадаа түрүүллээ.
Анх удаа Арабын оронд болсон ДАШТ-ий эргэн тойронд юу болсон талаарх тойм мэдээллийг хүргэе.
ИХ МӨНГӨ
ДАШТ-ий эрхийг Катар Улс авсан цагаас хойш их мөнгөний шуугиан тасраагүй. Зохион байгуулах эрхийн төлөөх өрсөлдөөнд АНУ-ыг илт давуу ялсан нь ч авлигын тухай маргааныг дэгдээсэн. 2018 оны ДАШТ-ий өртгөөс хэд дахин өндөр буюу 300 тэрбум ам.долларыг зарцуулсан Катарчууд 7 цэнгэлдэх хүрээлэн шинээр барьж, ялсан багт 42 сая ам.доллар өгсөн. Тэгээд ч зогсохгүй өвөл болж буй анхны тэмцээн учраас клубүүдэд хохирлын мөнгө төлсөн билээ.
УЛС ТӨР
Спорт улс төрөөс ангид байх ёстой гэдэг ч хэзээ ч тийм байгаагүй. "Катар 2022"-ын тухайд Иран дахь эмэгтэйчүүдийн эрхийн зөрчил, Засгийн бодлогыг эсэргүүцсэн жагсаал дэлхийн анхааралд өртсөн.
Нээлтийн тоглолтод Английн эсрэг төрийн дууллаа дуулаагүй Ираны хөл бөмбөгчид улс оронд нь болж буй харгис бүхнийг эсэргүүцэж байв. Гэвч тэдэнд үүнээс илүүг хийх боломж байсангүй. Хоёр дахь тоглолтын өмнө ар гэрийг нь заналхийлсэн зурвас ирсэн гэх мэдээлэл гарсан бөгөөд аргагүйн эрхэд дуулж байгаа нь хэнд ч илт байв. Дэлхий дахин тэднийг дараа дараагийн тоглолтдоо хожиж ард түмнийхээ төлөө хэсгээс гараасай гэж хүссэн. Тэд хэсгээс гараагүй ч хоёр дахь тойрогт Уэльсийг хожиж нулимс дуслуулан буцсан юм.
Түүнчлэн Катар дахь хүний эрхийн зөрчлийг эсэргүүцсэн мэдэгдлүүд удаа дараа гарч түүний дотор Германчууд амаа дарж эсэргүүцлээ илэрхийлэв.
ДУУЛИАН
ДАШТ бүр төсөөлөөгүй үр дүн, итгэмээргүй тоглолтуудаар дүүрэн. Энэ удаагийн баяр цэнгэл Уэльсээр эхэлсэн. 64 жилийн дараа ДАШТ-д оролцсон тэд АНУ-тай тэнцэж, Гарет Бейл гоол оруулсан. Харин дуулианыг Саудын Арабууд тарив. Дэлхийн аварга болох зорилготой Аргентиныг Мессигийн гоолтой нь 2-1 харьцаагаар хожиж бүгдийн нүдийг оройд нь гаргасан. Тэдний дуулианыг маргааш нь Азийн өөр нэг баг Япончууд үргэлжлүүлж Германыг буулган авав. Гэвч тэд хоёрдугаар тойрогт Коста Рикад хожигдсон нь бүр ч олныг гайхшируулсан юм.
ДАШТ-ий түүхэд анх удаа тэмцээнийг зохион байгуулагчид хэсгээс гарахааргүй болсон нь чансаа доогуур багт эрх өгсөн гэх шүүмжлэлийг дагуулж нөгөө л FIFA-г тойрсон их мөнгө дахин яригдав.
Өнгөрсөн ДАШТ-ий хүрэл медальт Бельги Мароккод хожигдсон нь тохиолдол байсангүй. Учир нь Африк тивийн баг хагас шигшээ хүртэл явж түүх бичсэн билээ. Сүүлийн тойрогт олон том нэрс гэртээ харьсны нэг нь Дани байв. Азийн багууд хүчтэй гэдгээ нотол Австрали хэсгээс гарсан. Хэсэгтээ хоёр хожсон Франц, Бразил, Португалчууд сүүлийн тоглолтод сэлгээгээ гаргаж өрсөлдөгч багуудад хожил бэлэглэв.
Испани өрсөлдөгчөө дутуу үнэлж Японд хожигдсоноор хэсгийн хоёрдугаар байрыг эзэлсэн бол Герман хоёр ДАШТ дараалан нутаг буцлаа. Харин нөгөө талд Өмнөд Солонгос Португалыг хожиж Уругвай гэртээ харьсан.
Дэлхийн аваргын дуулиан дуусаагүй. Энэ тэмцээнд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай Бразил шөвгийн наймд Хорватын яхир хамгаалалтыг давж чадсангүй.
АНХНЫ ЭМЭГТЭЙ ШҮҮГЧ
ДАШТ-ий түүхэд анх удаа эмэгтэй шүүгч ажиллав. Японы Ямашита Ёошими Бельги-Канадын тоглолтын дөрөв дэх шүүгчээр ажиллаж энэ түүхийг эхлүүлсэн бол Францын Стефани Фраппарт Коста Рика болон Германы тоглолтын үндсэн шүүгчээр ажилласан.
АТЛАСЫН АРСЛАНГУУД
Франц, Англи, Хорват, Бразил, Португал даалгавраа биелүүлсэн бол Испани Мароккогийн өмнө бүдэрлээ. Хэсэгтээ Бельги, Канадыг өвдөг шороодуулж Хорваттай тэнцсэн Марокко Испанийн араас Кршитиану Роналдутай Португалыг нулимстай үлдээлээ. (Роналдугийн сүүлчийн дэлхийн аварга байсан бөгөөд тэрээр хүсэн хүлээсэн ганц цом холоос үдлээ)
Хагас шигшээд аваргаа хамгаалагч Францад хожигдож, хүрэл медалийн төлөө Хорватад ялагдсан ч ДАШТ-ий хагас шигшээд шалгарсан Африк тивийн анхны баг Марокко болсон юм.
ФИНАЛ
Энэ тэмцээний бүх үр дүн финалд тодрох хувьтай байв. Ижил 5 гоолттой Месси, Мбаппе нарын хэн нь мэргэн бууч болох вэ? Аргентин түрүүлбэл Месси, Франц түрүүлбэл Мбаппе алтан бөмбөгийг авах уу? Алтан бээлий шагналыг Эмилиано Мартинез авах уу? Тэр ялагдвал энэ шагналыг Хорватын Доминик Ливаковичид өгөх үү? Шилдэг залуу тоглогч нь Орельен Чуамени юу? Эсвэл Аргентины Энцо Фернандез, Жулиан Альварес нарын нэг үү?
Бид эдгээр асуултын хариултыг гурван цагийн турш сэтгэл догдолж, үсрэн дэвхцэж, уйлж бас уурлаж, орилж, дуулж хүлээсэн. Эцэст нь Аргентин алтан цомыг өргөж Лионел Мессид авч үзээгүй цом үлдэнгүй. Тэрээр бүх цаг үеийн хамгийн агуу хөл бөмбөгчин гэдгээ нотолж аз жаргалтай төгсгөлийг Катарын үлгэрт бичлээ.
Мэргэн бууч
Шилдэг тамирчин
Шилдэг хаалгач
Шилдэг залуу тамирчин
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх