Хүүхдийнхээ ӨВЛИЙН АМРАЛТЫГ ҮР БҮТЭЭЛТЭЙ өнгөрүүлэх аргууд


Сондор | YOLO.MN
2022-12-18

Сурагчдын өвлийн урт амралт эхэлж нийт зургаан 7 хоног амарна. Томчууд бид түгжрэлээс өрсөж бараг үүрээр гэрээс гаран ажилласаар хүүхдүүдээ бараг унтсан хойно гэртээ харьдаг нь цөөнгүй. Амралтын хоёр хоног амьдрал ахуй, настай аав ээждээ тусална, аар саар нэмэлт ажлаа амжуулсаар үрсдээ хангалттай цаг зав гаргаж чадахгүйдээ зовнин, гэмтэй мэт битүүхэн шаналж явдаг нь ч бий. Тэгвэл энэ урт амралтыг ашиглаад үр хүүхдэдээ та боломжийнхоо хэрээр цаг зав гаргаж, хөгжилд нь нэмэр болохуйц зүйлс хийх боломжтой билээ.

Намраас хойш хичээллэсэн тэдний оюун чилж, эрч хүч нь суларсан тул амралт нэрийдлээр хэт их даалгавар, хийх зүйлсээр “дарж” шахахгүй ч, цагийг үр дүнтэй өнгөрүүлэх зарим аргуудаас эцэг эхчүүд та бүхэнд санал болгож байна. Өөрт таалагдсан, хүүхдэд тань тохирсон гэж бодож буй аргуудаас туршаад үзээрэй.

44 өдрийн чалленж эхлүүлэх

Амралтын хоёр хоногийг тооцвол хүүхдүүд нийт 44 хоног амарна. Аливаа хүн сар хүрэхгүй хугацаанд буюу ердөө 21 өдөрт л аливаа шинэ дадлыг өөртөө суулгах боломжтой байдаг. Нэг үгээр өдөр бүр дасгал хөдөлгөөн хийнэ эсвэл ном тогтмол уншина гэж төлөвлөж байгаа бол тасралтгүй 21 хоног хийхэд цаашид таны оюун ухаан, бие организм үүнийг шинэ зүйл гэж хүлээн авалгүй тогтмол хийх боломж нь бүрддэг байна. Тиймээс хүүхэдтэйгээ хамт ямар нэгэн шинэ зүйлийг чалленж болгон эхлүүлж үр дүнг нь үзэх боломжтой. Зөвхөн хүүхдээ сорих биш та ч мөн хамтдаа хийх, эсвэл тус тусдаа өөрсдөдөө тохирсон зорилго тавиад түүнийхээ дагуу хамт хичээж болно.

Цэвэр агаарт гарах

Хүүхдийн өсөж буй уушгинд цэвэр агаараас илүү хэрэгтэй зүйл үгүй. Утаа униар, хотын их дуу чимээнээс хол гэр бүлээрээ цэвэр агаарт гараарай.  Ингэхдээ чаргаар гулгаж, цасаар тоглож, өндөр уулын орой дээр гарч алсыг ширтэх гээд жаргалтай дурсамж үлдээхээр ямар ч зүйлийг хамт хийж болно.

Очиж үзээгүй, орж амжаагүй газруудаар зочлох

Чингис Хааны музей нээгдээд удаагүй байна. Энэ амралтаар гэр бүлээрээ үүх түүхээ судлан, энэхүү музейд зочлон хүүхдэдээ Монголын түүхийг танилцуулах боломжтой. Эсвэл гэр бүлээрээ, хүүхэдтэйгээ зочилж байгаагүй сонирхолтой, цагийг зөв өнгөрөөж болох газруудаар зочилж болно.

Зүү утас, алх хадаас бариулж сургах

Хүүхдүүд сургуульд онолын мэдлэг сурдаг ч амьдрал ахуйд нь хэрэг болохуйц дадал, чадварыг гэр бүлдээ ихэвчлэн сурдаг. Хүүхдэдээ ойр зуур хоол хийх, өндөг, талх хэрхэн шарах, зүү утсаар хэрхэн юм оёх, хадаас хэрхэн хадахыг охин, хүү гэхгүй зааж өгөхөд хэзээд илүүдэхгүй, алсдаа хэрэг болно. Мэдээж дээрхийг заахдаа насыг нь харгалзах нь зүйтэй гэдгийг дурдах илүүц биз ээ.

Хичээлийн хоцрогдлыг арилгах

Цахимаар хичээллэх үеийн сурагчдын хоцрогдол хараахан гараагүй байгаа гэдгийг боловсролын мэргэжилтнүүд, багш нар ч хэлж буй. Тиймээс амралтаар нь /олон цагаар биш/ давтлагад явуулах, багш хөлслөх гэх мэт аргуудаар хоцрогдлыг нь арилгаж болно. Эсвэл та өөрөө ч оройд эсвэл амралтын өдрүүдээр хамтдаа давтаж болно.

Өдөрт номын 10 хуудас, 10 шинэ үг

Өнөө цагийн хүүхдүүд ном унших боломжоо ухаалаг утсаар сольсон гэхэд хол зөрөхгүй. Угтаа бол ном унших нь хүүхдийн төсөөлөн бодох, сайн мууг таних, дүн шинжилгээ хийх чадварыг хөгжүүлээд зогсохгүй уншихын хэрээр үгийн баялаг, хэл ярианы хөгжилд нь сайнаар нөлөөлж байдаг. Тэгвэл ном унших дургүй хүүхдээ өдөрт нэг, нэг хуудсаар ахиулан уншуулж сургах, уншсанаа танд ярьж өгөх, дараа нь тухайн үйл явдалд өөрт нь төрсөн бодол юу байв гэх зэргээр сонирхолтой яриа өрнүүлж болно. Дээр өгүүлсэнчлэн 21 хоног өдөр бүр тодорхой хэмжээгээр ном уншсан хүүхдэд цаашдаа дадал суухад төвөггүй юм. Гэхдээ та ч мөн хажууд нь хамт өөрийн номоо уншаад суувал зөв үлгэр дууриалал болно. Мөн гадаад хэлний шинэ үгс цээжилж болно. Эдгээр аргуудыг ашиглан дээр дурдсан 44 хоногийн чалленжийг хийж бас болно.

Хичээлийг нь мартуулахгүй байхад анхаарах

Германы эрдэмтэн Эбинхаусын томьёолсон “Марталтын муруй”-н /Ebbinghaus Forgetting Curve/ дагуу хүүхэд сурсан зүйлээ долоо хоног тутамд давтаад байвал сарын дараа үзсэн зүйлийнхээ 80 хувийг санаж байдаг, огт давтахгүй бол 80-90 хувийг мартдаг байна. Тэгэхээр бид хүүхдэдээ мэдлэгийг нь бататгахын тулд тогтмол давтан, сануулах үйл ажиллагааг орхигдуулахгүй байх хэрэгтэй.

Сонирхолтой дугуйлан, сургалтад хамруулах

Тэжээллэг хоол хүнс өгч, дасгал хөдөлгөөнтэй байлгаарай. Ингэхийн тулд спортын дугуйлан, сургалтад хамруулах боломжтой. Эвсэл юунд сонирхолтой байгаа талаар өөртэй нь ярилцаад тэр чиглэлээр нь өөрийгөө хөгжүүлэхэд нь туслаарай.

Аялах, нүүдэлчдийн өвлийн ахуйтай танилцуулах

Өвлийн урт амралтаар утаа униараас түр дайжин, хүүхдэдээ газар үзүүлэхээр гадагшаа аяллаар явах боломжтой байдаг ч энэ нь өрхийн орлогоос мэдээж хамаарна. Санаа нь, хэрэв боломж байвал энэ урт хугацааг ашиглан та ч мөн ээлжийн амралтаа аваад хүүхэдтэйгээ дурсамжтай аялал хийж болно. Мөн хүүхдүүд зуны цагт хөдөө орон нутгаар аялдаг ч өвөл голын мөс хагалж ундны усаа бэлдэж болдгийг, малаа дааруулахаас хамгаалж нэмнэдгийг, аргал хэчнээн илчтэй болохыг тэдэнд харуулж, танин мэдүүлж болно. Нэг үгээр та хүүхдээ өвөл цагийн монгол ахуйтай танилцуулаарай.

Цахим хэрэглээнээс хол байлгах

Амралтын үед хүүхдийг цахим хэрэглээнээс хэдий чинээ хол байлгана төдий чинээ жинхэнэ амралт болно. Дэлгэцийн гэрэл, донтолт хүүхдийг ядраадаг. Тиймээс аль болох цахим хэрэглээнээс холдуулах нь чухал бөгөөд ингэснээр өөрийнх нь эрүүл мэнд, оюуны хөгжилд сайнаар нөлөөлнө гэдгийг сайтар хэлж ойлгуулах нь чухал. Өдөрт хоёроос илүүгүй цаг гэх мэт хэрэглэх хэмжээ, хугацааг нь тогтоогоод өгч болно. Цахим хэрэглээний оронд дээр дурдагдсан аргуудаас ашиглаарай.

#Зөвлөгөө