Галт тэргээр аялах дуртай хүн олон. Тэгвэл 2022 онд дэлхий дахинд ямар шинэ төмөр хүлгүүд ашиглалтад орж, шинэ зам, шинэ технологи нэвтэрсэн талаарх мэдээллийг хүргэе.
ШВЕЙЦАРЫН СУПЕР ГАЛТ ТЭРЭГ
2022 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орсон "GPX - Golden Pass Express" галт тэрэг нь Монтрё, Гштад, Интерлакен хотуудыг өргөн цонхтой вагоны цуваагаар холбодог. Өргөн, нарийн олон төрлийн царигаар дугуйн хэмжээгээ өөрчлөн өндөр нам болон хувирах уг вагонууд аялагчдыг Швейцарын үзэсгэлэнт уулс, нууруудын хотгороор дөрвөн цагийн турш аялуулдаг байна. Өмнө энэ аяллыг хоёр өөр галт тэргээр хийдэг байв.
ЛАОСЫН ХУРДНЫ ГАЛТ ТЭРЭГ
Лаос Улс энэ жил хурдны галт тэрэгтэй болсон сайхан мэдээтэй. Нийслэл Вьентьян хотоос Хятадын Юнь Нан мужтай хиллэх Ботен хот хүрэх уг төмөр хүлэг HrSR буюу 200 км/цаг хурдтайгаар Лаосын аялал жуулчлалын гол бүс болох Ван Виенг, Луанг Намта, Луанг Прабанг зэрэг хотыг дайран өнгөрнө. Энэхүү шинэ төмөр зам нь Бээжин хотыг Тайландын Бангкок, цааш Сингапуртай холбох 10 жилийн төлөвлөгөөний нэг хэсэг юм.
ЛОНДОНЫ ШИНЭ МЕТРО
Heathrow нисэх буудлаас Лондоны төв хүрэхийн тулд хэдэн цагийн турш метронд туйлдах, үнэтэй такси эсвэл Express галт тэрэг сонгох шаардлагатай байв. Харин дөрвөн жилийн турш 25 тэрбум ам.доллар зарцуулсан "Elizabeth Line" тавдугаар сард ашиглалтад орсноор Лондоны баруун хэсэг дэх Reading, Heathrow нисэх буудлаас зүүн өмнөд хэсэг дэх Abbey Wood, Shenfield ороход хялбар болжээ. Илүү хурдан боловч зөөлөн галт тэрэг 100 км урттай газар доорх хонгилоор 1.5 сая хүнийг 45 минутын дотор Лондоны төвд хүргэж байна.
ИСПАНИ ХУРДАН ГАЛТ ТЭРЭГНИЙ ӨРСӨЛДӨӨНИЙ ТӨВ БОЛЛОО
Манай улсад хурдны галт тэрэг байна гэвэл ямар сайхан бэ? Тэгвэл Испанид гурав байсан. 2022 оны арваннэгдүгээр сард дөрөв дэх нь ашиглалтад орсноор Испани улс хурдан галт тэрэгний өрсөлдөөний төв болжээ. Итали хөрөнгө оруулалттай "iryo" компанийн шинэ шалт тэрэг 250 км/цаг хурдтайгаар Мадридаас Барселон, Сарагоса, Валенсиа хотуудад хүрдэг. Ирэх оны гуравдугаар сараас Малага, Севил, Антекера хотод зорчино.
ДЭЛХИЙН АНХНЫ УСТӨРӨГЧИЙН ГАЛТ ТЭРЭГ
Шинээр зам тавиагүй ч галт тэргээ хөдөлгөх шинэ технологи нэвтрүүлсэн нь Герман. Тус улс бүхэлдээ устөрөгчийн түлшээр ажиллах дэлхийн анхны галт тэргийг энэ оны наймдугаар сард ашиглалтад оруулжээ. Бремерфёрде хотоос доод Саксон орох 14 вагонтой шинэ төмөр хүлэг усан онгоцтой ижил хөдөлгүүртэй бөгөөд удахгүй Герман даяар тархахаар бэлдэж байна.
ТАЙЛАНДЫН "ХӨВДӨГ" ГАЛТ ТЭРЭГ
Усан дээгүүр хөвж харагдах Тайландын галт тэрэг арваннэгдүгээр сард ашиглалтад орсон. Бангкок хотоос Лоп Бури муж хүрэх замдаа далан дээгүүр гардаг нь уг галт тэрэгний аяллыг алдаршуулж байна.
АФРИКИЙН ОДИССЕЙ
Өмнөд Африкийн "Rovos Rail" компани долоодугаар сард "Copper Trail" замаа ашиглалтад оруулсан. Зимбабве улсын Викториагийн хүрхрээнээс 15 өдрийн турш тансаг зэрэглэлээр 3200 км аялж Замби, Ардчилсан Конгоор дамжин Анголын Лобитод өндөрлөнө. Нэг удаагийн аялал 13 600 ам.долларын үнэтэй.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх