“Apple” автомат жолоодлоготой автомашиныхаа худалдаанд гарах товыг 2026 он хүртэл хойшлуулжээ


Bloomberg TV Mongolia | YOLO.MN
2022-12-09

“Apple” компанийн хөгжүүлж буй "Titan" хэмээх автомашины төсөл сүүлийн хэдэн сарын турш зогсонги байдалд байна.

“Apple” компани жолоочгүй цахилгаан автомашины төслийнхөө зорилтыг өөрчилж, зах зээлд нийлүүлэх товыг 2026 он хүртэл нэг жилээр сунгасан гэж эх сурвалжууд мэдээлж байна. Тус компанийн "Titan" хэмээх автомашины төсөл сүүлийн хэдэн сарын турш зогсонги байдалд байгаа юм.

“Apple”-ийн удирдах албан тушаалтнууд өнөөгийн технологийн хөгжлийн түвшинд жолооны хүрд, педальгүй бүрэн автомат жолоодлоготой автомашин бүтээх нь бараг боломжгүй гэсэн бодит байдалтай эвлэрэхэд хүрчээ.


Үүнтэй холбоотойгоор төсөлд томоохон өөрчлөлт оруулж, зөвхөн хурдны замд автомат жолоодлогын горимыг ашиглах боломжтой, жолооны хүрд, педальтай илүү "даруу" загвар үйлдвэрлэхээр шийдсэн гэж эх сурвалжууд мэдээлжээ.

Хамгийн сүүлийн эдгээр өөрчлөлтүүд нь шинэ бүтээгдэхүүний салбарт байр сууриа олоход дэлхийн хамгийн том компаниудад хүндрэл учруулж буй технологийн дэвшлийн сорилтууд “Apple”-д хэрхэн нөлөөлж байгааг илүү тодотгож өгчээ.

Олон жилийн турш нууцаар хэрэгжүүлсэн энэ төсөл “Apple”-д өөр нэг томоохон орлогын эх үүсвэр нээхийн зэрэгцээ тэдний хүчин чадлын хязгаарлалтыг шалгасан сорилт болов.

Одоогоор “Apple”-ийн зүгээс хурдны замд автомат жолоодлогын горимыг ажиллуулж, хотын гудамжаар зорчиход эсвэл цаг агаарын тохиромжгүй нөхцөл бий болоход гар удирдлагад шилжихийг сануулдаг автомашиныг хөгжүүлэхээр төлөвлөөд байна. Тэд энэхүү бүтээгдэхүүнээ эхний ээлжид Хойд Америкийн зах зээлд нэвтрүүлж, цаашид тогтмол сайжруулалт хөгжүүлэлт хийхээр төлөвлөжээ.

Өмнө нь "V түвшний" автоматжуулалт буюу одоогоор ямар ч автомашин үйлдвэрлэгч нэвтрүүлээгүй бүтээгдэхүүн санал болгоно гэсэн төлөвлөгөөтэй байсан аж. Одоогийн төсөл нь алсын харааны хувьд илүү хязгаарлагдмал болжээ.

#Технологи