СУДАЛГАА: Ковидын дараа өсвөр насныхны тархины хөгшрөлт хурдацтай явагдаж байна


Сондор | YOLO.MN
2022-12-05

Цар тахлын дараах эхний жилд өсвөр насныхны тархины хөгжил хурдацтай явагдаж, хурдан хөгширч буйг судалгаагаар тогтоожээ. Үүний гол хүчин зүйл нь стресс байж магадгүй гэв.

Тодруулбал, АНУ-ын өсвөр насныхны тархи Ковид-19 цар тахлын үеэр өөрчлөгдөж, хэвийн хэмжээнээс хурдан хөгширч байгааг шинэ судалгаагаар тогтоожээ.

Судалгаанд хамрагдсан хүмүүс тахлын эхний жилийн дараа сэтгэлийн түгшүүр, хямрал, эрдэмтдийн тодорхойлсноор дотоод сэтгэлтэй холбоотой асуудлууд нөлөөлж буй талаар судалгааны тайланд дурджээ.  Тодруулбал, гунигтай мэдрэмж, өөрийгөө үнэлэх чадвар багатай байх, айдас, сэтгэл хөдлөлөө зохицуулахад бэрхшээлтэй байдаг зэрэг нь нөлөөлдөг байна.

Цар тахлын үед өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэнд хохирч байгааг олон судалгаагаар тогтоосон. Тэднийг танхимаар хичээллэхийг нь хорьж, найз нөхөд, үргэлж дэмждэг дотнын бүлгээс нь холдуулж, коронавирусын улмаас үүссэн тодорхойгүй байдал, айдас дунд амьдрах шаардлагатай болсон билээ. Цаашлаад олон эцэг эхчүүд ажилгүй, орлогогүй болсон. Мөн Ковид-19-ийн улмаас олон сая хүүхэд эцэг эх, өвөө эмээгээ алдсан.

“Биологийн сэтгэл судлал: Глобал нээлттэй шинжлэх ухаан” сэтгүүлд пүрэв гарагт нийтлэгдсэн энэхүү судалгаа нь стресс, түгшүүрээс үүдэн тархин дахь физик өөрчлөлтийг судалсан анхны судалгааны нэг юм.

Найман жилийн өмнө тэд хоёр жил тутамд 9-13 насны 220 хүүхдийн тархины MRI зураг авах төлөвлөгөөтэй ажиллаж эхэлжээ. Цар тахлаас үүдэн судалгаа тасалдах үед хоёр багц шинжилгээ хийсэн бөгөөд 2020 оныг дуустал судалгаагаа дахин хийх боломжгүй байв. Тэдний судалгаа тасалдсан үед энэхүү стресстэй үйл явдал нь хүүхдийн хөгжиж буй тархинд хэрхэн нөлөөлж буйг судлах нь сонирхолтой байх болно гэж шийджээ. Учир нь тэдэнд цар тахлын үеэс өмнөх үеийн хүүхдүүдийн тархины зураг байгаа тул энэ харьцуулалтыг хийхэд ядах юмгүй тусална. Ийнхүү эрдэмтэд 128 хүүхдийн MRI зургийг харьцуулсан. Өөрөөр хэлбэл эхний судалгааг цар тахлын өмнө, нөгөөг нь 2020 оны сүүлээр авсан байна.

Тэд тахлын эхний жилийг туулсан хүүхдүүдийн тархины нас нь он цагийн дарааллаас ахисныг олж тогтоожээ.  Цар тахлын эхэн үеийг даван туулсан тархи нь айдас, стрессийг зохицуулахад тусалдаг амигдала гэж нэрлэгддэг хэсэг болон ой санамжид хандах үйл явцыг хянах тархины хэсэг болох гиппокампад өсөлттэй байв. Мөн тархины гүйцэтгэх үйл ажиллагааг хянадаг тархины хэсэг болох бор гадаргын эд эс нимгэрчээ.

Хүүхдийн тархи цаг хугацааны явцад аяндаа өөрчлөгддөг ч хүүхэд насандаа хүнд, хэцүү үеийг даван туулахад бие махбодийн эдгээр өөрчлөлтүүд хурдасдаг болохыг судалгаагаар тогтоожээ.

Судалгаанаас харахад эрт насандаа хүчирхийлэл, хайхрамжгүй байдал, ядуурал, гэр бүлийн асуудалд өртсөн хүмүүсийн тархи илүү хурдан хөгширч, улмаар сэтгэцийн эрүүл мэндэд нь асуудал үүсдэг байна.

Эх сурвалж: CNN

#Мэдээ