Өнгө өнгийн хувцсаар, өөр өөрийн онцлогоор ялгарах Монголын 21 аймаг 9 дүүргээс хүрэлцэн ирсэн 90 хүүхэд ширээ тойрон сууна. Эдгээр хүүхдүүд бол байгальд ээлтэй залуу манлайлагчдыг дэмжих зорилготой Youth Sustainability Corps (YSC) хөтөлбөрөөс зохион байгуулж буй “Teen Хуралдай” арга хэмжээнд ирсэн хүүхдүүд.YSC бол Европын Холбоо ба Монгол дахь Австралийн Элчин Сайдын Яамнаас хамтран санхүүжүүлж буй "Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус" хөтөлбөр юм.
Монгол Улсын өнцөг булан бүрд суугаа YSC-чууд буюу 90 ахлах ангийн сурагчид шалгаран энд цугласан шалтгаан бол байгаль, соёлын өвөө танин мэдэх, шинэ зүйлс сурах, хүрээллээ тэлж 13 дугаар зууны Их Хуралдайн зарчмаар хуралдах гэнэ. Тэдний дунд 1500 км-ийг туулан Ховд аймгийн Манхан, Мөнххайрхан сумдаас ирсэн сурагчид байсан төдийгүй Хөвсгөл, Өмнөговь, Өвөрхангай, Хэнтий, Сэлэнгэ, Дундговь аймгаас хүртэл ирсэн байв.
Арга хэмжээнд зочин илтгэгчдийн амьдралын түүх, туршлагатай танилцахаас гадна багаар ажиллаж, санал шийдлээ солилцон, бие биеэ сонсож хоёр өдрийг үр дүнтэй, хөгжилтэй өнгөрүүллээ.
Арга хэмжээ бөмбөрийн үзүүлбэрээр эхэлсэн ба “Монгол Экологи Төв” ба “Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус” хамтран оролцогчдод нэгэн SURPRISE задалсан нь “Өвлийн амралтын дадлагажигч хөтөлбөр”-т 30 хүүхэд шалгаруулах байлаа.
“Нийгмийн бүхий л асуудлын хүрээнд хүүхэд бидний оролцоо шаардагдаж байна. Бид оролцох эрхээ эдэлж, үүргээ ухамсарлаж байгаль орчноо хамгаалах хэрэгтэй” хэмээн Дархан-Уул аймгийн 12 дугаар ангийн сурагч Г. Хонгорзул хэллээ.
НҮБХХ зөвлөх У. Чулуунцэцэг “Тогтвортой Хөгжлийн Зорилго” сэдэвт илтгэлийн үеэрээ “Бидэнд эерэг үр дүн гарах ёстой. Оролцоогоо нэмэгдүүлэхийн тулд өөрт гарч буй өөрчлөлтийг томчуудаас асууж, шалтгааныг тодруулах нь чухал” гэж хэлсэн юм.
Мөн “Энэхүү үйл ажиллагааны үр дүнд 21 аймаг, 9 дүүргийн хүүхдүүд нэгдэж, мэдсэн зүйлсээ бусдадаа дамжуулаасай гэж хүсэж байна” хэмээн Говьсүмбэр аймгийн 11 дүгээр ангийн сурагч Ө. Мөнгөнзул ярив.
Ui’eca компанийн байгуулагч Б. Онон “Уур Амьсгалын Өөрчлөлт” сэдэвт илтгэл хэлэлцүүлж, АНУ-д тэтгэлэгтэй суралцсан туршлагаа хуваалцаж, оролцогчидтой цөөн хором ярилцсанаас онцолбол:
“Байгаль орчны мэргэжилтэй болсон шалтгаан минь миний гэр бүл. Сүүлийн үед дэлхий дахинд төдийгүй Монгол улсад ч энэ салбарын мэргэжлийн эрэлт хэрэгцээ улам нэмэгдэж, байгаль орчны салбар тренд болж байна. Өөрөөр хэлбэл энэ талаар мэдлэггүй бол бүх зүйлээс хоцорч байгаа мэт санагдах цаг үе” гэлээ.
Дорнод аймгийн 12 дугаар ангийн сурагч Д. Доржбаяр:
“Би шинэ хүрээлэлтэй болох зорилготой ирсэн. Нийгэмд тулгамдсан бүхий л асуудлыг нээлттэй ярьж болох нь надад таалагдлаа. Мөн олон шинэ мэдлэгт суралцаж, хуралдайн зарчмыг мэдэж авлаа”
Улмаар “Бодлогод Залуусын Хяналт” ТББ-ын захирал Т.Амарзаяа “Залуучуудын оролцоо яагаад чухал вэ?” сэдвээр илтгэл хэлэлцүүлж “Үе хоорондын зөрчилдөөнийг бүтээлч, хамтын оролцоогоор давах нь зөв” хэмээн онцолсон юм.
Чуулганы хоёр дахь өдөр оролцогч хүүхдүүд Олхунуд, Сартуул, Бэсүд, Хатагин, Боржигин, Чинос, Жалайр, Хэрэйд, Урианхан гэх 9 овогт хуваагдан “Хулгайн ан агнуур, УЦС-ын далан, Уул уурхай, хорт бодис, Бэлчээрийн талхагдал” гэх 4 асуудлын хүрээнд тогтоолын төсөл боловсрууллаа.
Овгууд хоорондоо нэгдэж, олонхын саналаар нэгдсэн тогтоолын төслийг батлахад гол зорилго орших гэнэ.
Санал хураалтын үр дүнгээр “Шилдэг тунхаг боловсруулагч”-р Урианхан овог, “Шилдэг илтгэгч”-ээр Олхунуд овгийн Э. Дөлгөөнтамир нар тус тус шалгарсан юм.
Шилдэг илтгэгч Э.Дөлгөөнтамир:
“Энэхүү чуулганд ирснээр би манай үеийн хүүхдүүд ямар түвшинд, би ямар түвшинд, хаана байгаагаа мэдлээ. Энд төлөвлөсөн бүх зүйлсээ аймагтаа очоод шууд хэрэгжүүлнэ” гэв.
Овог тус бүр өөрт оноогдсон асуудлын хүрээнд YSC хөтөлбөрөөрөө дамжуулан хэрхэн шийдвэрлэх зураглалыг гаргасан ба “Үүний үр дүн бидний дараа дараагийн үйл ажиллагаатай шууд хамааралтай” хэмээн үйл ажиллагааны ерөнхий менежер Г. Чимгээ хэлсэн юм.
Оролцогчдын сэтгэгдлээс:
Дундговь аймгийн 11 дүгээр ангийн сурагч М. Өрнөх:
“90 хүүхэд нэгдэж, нэг шийдвэрт хүрсэнд маш их баяртай байна. Хамтын ажиллагаа чухал гэдгийг мэдэж авлаа.”
Баянзүрх дүүргийн 10 дугаар ангийн сурагч М. Санчир:
“Анх ирээд ямар үйл ажиллагаа болохыг мэдэхгүй байсан. Сонирхол нэгтэй хүүхдүүдээ олсноор дасахад их амар байлаа. Мундаг илтгэгч нараас олон зүйл сурч авлаа”
Хан-Уул дүүргийн 12 дугаар ангийн сурагч Б. Нандинзаяа:
“Үе тэнгийнхэндээ хандаж хэлэхэд энэ бол өөрийгөө нээж, бусдад харуулах маш том боломж. Бусдаас битгий ичээрэй, өөрийгөө танилцуулах зоригтой байгаарай” гэж хэлээд бүгд ирсэн зүгтээ, сурсан бүхнээ хэрэгжүүлэхээр буцацгаасан юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх