1975 оноос хойшхи арваннэгдүгээр сарын хамгийн хүйтэн шөнө өчигдөр байв


Г. Тэгшсүрэн | YOLO.MN
2022-11-29

Өнгөрсөн шөнө /2022.11.28-29/ агаарын  хамгийн бага температурын үнэмлэхүй утга Монгол орны нийт нутгийн 51 станц, өртөөдөд 1-7 градусаар эвдэгджээ.

Энэ нь 1975 оноос хойш ажиглагдаж буй тухайн өдрийн хамгийн хүйтэн шөнө байлаа. Тодруулбал, 1975 оноос хойш тохиолдож буй хамгийн хүйтэн 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө байв.

Хамгийн хүйтэн нь Завханы Отгонд -43 градус хүрч хүйтэн хонолоо. Нутгийн зүүн хагаст өмнөх шөнөөсөө 1-14 градусаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Байдраг, Туул голын хөндийгөөр -38...-43 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -33...-38 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -23...-28 градус, бусад нутгаар -27...-33 градус хүйтэн хоносон байна.

Харин Улаанбаатар хот, Яармаг-Сонгины орчмоор -39 градус, бусад хэсгээр -30...-35 градус хүйтэн хонов.

Эх сурвалж: ЦУОШГ

#Мэдээ