Хөлдөөж, хадгалсан үр хөврөл 30 жилийн дараа хорвоод мэндэлжээ


С.Содбилгүүн | YOLO.MN
2022-11-23

 

Лидия болох Тимоти

 

Аравдугаар сард төрсөн Лидия болон Тимоти хамгийн удаан хөлдөөж, хадгалсан үр хөврөлөөс төрсөн байна. Тодруулбал 1992 оны 4-р сарын 22-нд хөлдөөсөн үр хөврөл 30 жилийн дараа хорвоод мэндэлсэн аж.

Филип Риджуэй буюу хүүхдүүдийн аав "Намайг таван настай байхад Лидия, Тимоти хоёр бий болж, өнөөдрийг хүртэл хүлээлээ. Тэд бидний хамгийн бага хүүхдүүд мэт боловч үнэндээ хамгийн том нь" гэсэн байна. Мөн тэрээр “Эхнэр бид хоёр хэзээ ч хүүхдийн тоонд анхаарал хандуулж байгаагүй. Бидэнд ирсэн бурхны бэлэг бүрийг хүлээн авна гэж боддог байлаа.” гэв. Тэдний гэр бүл Лидия болон Тимотигоос гадна 2-8 насны дөрвөн хүүхэдтэй.

Үр хөврөлийн донорын тухай ойлголт

Хүмүүс үр хөврөлийг ирээдүйд ашиглах зорилгоор хадгалах, нөхөн үржихүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх судалгаа, сургалтад хандивлах, эсвэл хүүхэдтэй болох хүсэлтэй хүмүүст хандивлах боломжтой. Эр болон эм бэлгийн эсийг дангаар нь хадгалахад эсийн чанар буурдаг учир үр хөврөл болгож, хөлдөөснөөр амьд төрөх боломж өндөр байдаг. Америкийн Үр хөврөл донорын үндэсний төв (NEDC) хандивласан үр хөврөлөөс 1260 гаруй хүүхэд төрүүлэхэд тусалсан гэж мэдэгджээ.

Мөн тус нийгэмлэгээс “Үр хөврөлд үрчлүүлэх гэсэн нэр томьёог хэрэглэх нь буруу, хүлээн авагчдыг төөрөгдүүлж, дарамт учруулж болзошгүй тул үүнээс зайлсхийх хэрэгтэй” гэдгийг онцолжээ.

Үр хөврөлийн хадгалсан хугацаа нь хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлөх ёсгүй. Хамгийн чухал зүйл бол үр хөврөлд орсон өндгийг хандивласан эмэгтэйн нас юм. Тодруулбал хандивлагч 25 настай бол үр хөврөлийн амьд төрөх магадлал өндөр байдаг. Филип Риджуэй “Манай гэр бүл хамгийн удаан хүлээсэн хүмүүсийг л сонгосон." гэжээ.

Үр хөврөлөө сонгохын тулд донорын мэдээллийн санд ордог. Үүнд үр хөврөлийг хандивлагчдын үндэс угсаа, нас, өндөр, жин, удамшил, эрүүл мэндийн түүх, боловсрол, ажил мэргэжил, дуртай кино, хөгжим гэх мэт шинж чанаруудыг жагсаасан байдаг аж.

Хоёрдугаар сард үр хөврөлийг гэсгээхэд таван үр хөврөлийн хоёр нь амьдрах чадваргүй байжээ. Мэргэжилтнүүд хөлдөөсөн үр хөврөлийг гэсгээх үед амьд үлдэх хувь 80 орчим хувьтай байдаг гэж үздэг.

Америкийн эрүүл мэндийн байгууллагууд нэг удаад нэг үр хөврөлийг шилжүүлэхийг зөвлөдөг. Учир нь олон үр хөврөл шилжүүлэх нь эх болон хүүхдэд үүсэх эрсдлийг нэмдэг аж. Нэгээс илүү үр хөврөлөөс үүсэх ихэр хүүхэд дутуу төрөх, аутизм, тархины саажилттай болох, амьгүй төрөх зэрэг эрсдэл өндөр.

Рэйчел Гордон буюу Лидия, Тимотигийн ээж “Тэд надад гурван үр хөврөлийн зургийг харуулж, хоёрыг нь л сонго гэсэн. Гэхдээ надад эргэлзээ байгаагүй. Би гурвууланг нь шилжүүлэн суулгана гэж хэлсэн.” гэж ярилцлагадаа дурдсан байлаа.

Гурван үр хөврөлийг хөлдөөснөөс хойш 29 жил 10 сарын дараа буюу гуравдугаар сарын 2-нд Рейчелд шилжүүлэн суулгасан байна. Шилжүүлгийн хоёр нь амжилттай болсон аж. Хөлдүү үр хөврөлийн шилжүүлгийн 25-40 хувь нь амьд төрөлттэй болохыг судалгаагаар тогтоожээ.

Эх сурвалж: CNN

#Сонин хачин