Байгаагаасаа илүү ЖАРГАЛТАЙ нэгэн болоход туслах 5 арга


Х.Даваахүү | YOLO.MN
2022-11-16

Их хотын шуугиантай амьдралд ажил, хичээл гээд буман завгүй бужигнаж явна уу? Өвлийн урь хаяанд ирж заримдаа тухгүйтуулж, стресстүүлэх олон үйл явдал тохиож байгаа байх. Тэгвэл Yolo.mn энэ удаа байгаа нөхцөл байдлаасаа үл хамааран сэтгэл санаагаа тайван байлгаж, жаргалтай байх 5 аргыг хүргэж байна. 

1. Гүнзгий амьсгал

Стресстсэн, хэт ядарсан үедээ гүнзгий амьсгал аваарай. Санаа зовсон, бухимдсан, түгшсэн үед зүрхний цохилт хурдсаж, амьсгал давхацдаг. Хэрэв стрессийн энэ шинж тэмдэг удаан хугацаанд үргэлжлэх юм  бол эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Тиймээс стрессээс ангижрах хамгийн энгийн арга бол сайн амьсгалах юм.Тайван удаанаар гүнзгий амьсгалах нь тайвшруулж, сэтгэлийн хямралаас ангижрахад тусалдаг болохыг судалгаагаар тогтоожээ. Хэрэв та хэрхэн зөв амьсгалахыг мэдэхгүй бол амьсгалаа аваад 5 секундийн турш түгжээд удаанаар гаргаарай.  Урт амьсгалах нь зүрхний цохилтыг удаашруулж, илүү хурдан тайвшруулдаг байна шүү. 

2. Бусдад туслах

Хэрэв та тусалж чадахаар бол тусламж хэрэгтэй ойр дотнынхон, танихгүй хэн нэгэн, хэн ч бай туслаарай. Цаг зав, өөрийн авьяас чадвараа бусдад сайн сайхныг бий болгохын төлөө ашигласнаар сэтгэл санаа тань хормын дотор сэргэх болно. Судалгаагаар сайн дурын ажил хийдэг хүмүүс илүү урт насалж, эрүүл саруул амьдардаг болохыг тогтоожээ. Өөртөө анхаарал тавих нь чухал ч бусдад туслах нь таны таагүй сэтгэл санааг өргөж, сөрөг үйл явдлуудыг мартуулж чадна. 

3. Алхам тутамдаа таларх

Яарч тэвдэн, сандчиж явсаар бид хамгийн сайхан мэдрэмжийг өгдөг олон жижиг зүйлсийг мартаж орхидог. Тэдний нэг бол талархал. Цахилгаан шатны хаалга хаагддагийн даваан дээр хэн нэгэн зогсоож таныг хүлээх үед, мөсөн дээгүүр тонгочин пингүйн алхаж яваад бүдрээд унадгийн даваан дээр хэн нэгэн түшээд авахад тусалсан нэгэнд баярлалаа гэж хэлээрэй. Автобуснаасаа хоцрох шахтал жолооч түр зогсон чамайг хүлээх үед жолоочид хандаж талархаарай. Жижиг гэлтгүй бүгдэд, сайхан сэтгэлийнх нь хариуд баярлах хэрэгтэй юм шүү. Талархал илэрхийлэх нь зөвхөн бусдад сайхан мэдрэмж төрүүлэхээс гадна чамд ч гайхалтай сайхан санагдуулна. 

4. Сошиал орчинд зарцуулах цагаа багасгах

Фейсбүүкт сонин хачин, содон мэдээллүүд дүүрэн ч түүнээс илүү стресс дагуулсан мэдээллүүд олширчээ. Алхам тутамдаа сөрөг зүйлсийг үзэж сонсох нь ямар сайн байх вэ? Тийм үү? Бас инстаграм дахь бусдын гайхалтай амьдралыг саймшран, өөрийгөө дутуу үнэлэхээс зайлсхийхийн тулд эдгээрт зарцуулдаг цагаа багасгах хэрэгтэй болох нь. Тухайн аппликейшинд хэр хугацаа зарцуулж буйгаа бид хянах боломжтой шүү дээ. Эхлээд дор хаяж гучин минутыг хасах гээд үзээрэй.  

5. Дотнын хүмүүстэйгээ ойрхон байх

Ганцаардмал хүмүүс илүү их сэтгэлээр унадаг.  Хамгийн ойрын найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ цагийг хамт өнгөрөөж, байнгын холбоотой байгаарай. Видео чат эсвэл утсаар холбогдохоос илүү биечлэн уулзаж дотно яриа өрнүүлбэл сайн.  Эсвэл өөрийн хүрээллээ  тэлж  шинэ танилтай болж болох юм. 

Эх сурвалж: Sun Life 

#Сэтгэл зүй