Б.Үржинханд: Ашиглалтаас гараад 5 жил болсон барилгад сурагчид өвлийн хувцастай хичээллэдэг


О.Хандмаа | YOLO.MN
2022-11-08

Хатгал тосгоны ерөнхий боловсролын сургуульд 775 сурагч сурдаг ч сургуулийн барилгыг ашиглалтаас гаргах шаардлагатай хэмээн таван жилийн өмнө акталжээ. Гэсэн ч хүүхдүүд сургуульдаа хичээллэсээр байна. Хүйтэн, тав тухгүй орчинд сурагчид өвлийн хувцастайгаа хичээллэж буй тухай сурагч Б.Үржинханд ярив.

Түүнчлэн тус сургуулийн спорт заалны дээвэр нь нурж унасан тул биеийн тамирын хичээл зааланд орохгүй байгаа аж. Сургуулийн барилга нь актлагдсан ч сурагчид саналаараа нэгдэн “Happiness corner” нэртэй номын сан байгуулах төслийг бичсэн нь амжилттай болжээ.

Ахлах ангийн зургаан сурагч хамтарч баг болон “Teen шийдэл” төслийн уралдаанд амжилттай оролцож, сургуульдаа номын сан тохижуулах 10 сая төгрөгийн санхүүжилт авч чаджээ.

Тэдний нэг нь 12а ангийн сурагч Б.Үржинханд юм. Бид түүнийг төслийн санхүүжилтээ авах гэрээг байгуулахаар Улаанбаатарт ирсэн байхад нь уулзаж ярилцлаа.

-“Teen шийдэл” төслийн уралдаанд оролцох хамгийн том шалтгаан юу байв?

-15-18 насныхан амьдарч буй орчиндоо тулгамдсан асуудлыг санаачилгаараа шийдэх боломжийг эрэлхийлэх “Teen шийдэл” төслийн уралдаан YSC хөтөлбөрийн хүрээнд зарлагдсан.

Австралийн Элчин сайдын яам, Европын холбооноос санхүүжүүлж буй уг хөтөлбөрийг “Монгол Экологи” төв хэрэгжүүлж, энэ уралдааныг зарласан. Бид сургуулийнхаа хүүхдүүдтэй ярилцаж, багаараа оролцож үзэхээр шийдсэн юм. Бидэнд тулгамдсан олон асуудал байсан. Үүний нэгийг нь ч болтугай шийдье гэж зорьсон.

Манай сургуулийн орчин нөхцөл маш муу. Сургуулийн барилга 60 гаруй жилийн настай. Ашиглахад аюултай хэмээн таван жилийн өмнө акт гаргасан. Гэсэн  ч бид сургуульдаа суралцсаар байгаа. Манай сургуульд төсөв байхгүй.

Бага болон ахлах сургууль тусдаа байртай. Захирал сургуулийн барилгын төсөв 2023 оны улсын төсөвт багтаагүй гэсэн. Уг нь шаардлагатай мэдээллүүдийг холбогдох газар нь өгч сургуулийн асуудлаа хөнддөг ч тэр бүр тоож авч хэлэлцдэггүй юм шиг байна лээ.  

БИД ЭЕШ-ЫН ДҮН, БОЛОВСРОЛООРОО ХОХИРЧИХСОН. ҮЛДЭЖ БУЙ ДҮҮ НАРАА БАС ИЙМ БАЙДАЛД ОРХИХ ХЭЦҮҮ

-Суралцах орчны тав тухгүй байдал нь Та бүхний сурлагын амжилтад нөлөөлдөг байх.

-Тийм ээ. Өнгөрсөн жилийн ЭЕШ-ын дүнг хараад би үнэхээр сэтгэл гонсойсон. Манай сургуулийн төгсөгчдийн дөнгөж 33 хувь нь их, дээд сургуульд ордог. Харин төгсөгчдийн 28 хувь нь их, дээд сургуулийн босго оноонд тэнцдэггүй.

Хөвсгөл аймагт ерөнхий боловсролын 32 сургууль бий. Манай сургууль ЭЕШ-ын нэгдсэн дүнгээр 32 сургуулиас сүүлээсээ хоёрт жагссан. Бидэнд энэ үнэлгээ их эмзэглүүштэй санагдсан. Яагаад гэвэл коронавирусийн улмаас хоёр жил хичээл үзэхгүй шахам өнгөрчихсөн. Хичээлийн хоцрогдол маш их үүссэн.

Сургуульд илүү анги танхим байхгүй, хүйтэн, тав тух муутай. Ширээ, сандал нь стандарт биш учраас олон цагаар хичээллэхэд хүндрэлтэй байдаг. Өвөл болон сэрүүний улиралд сурагчид гадуур хувцастайгаа сууж хичээл хийдэг. Бид төслөө бичихээс өмнө эдгээр сул талуудаа жагсааж бичсэн. Хүүхдүүд хичээл хийхдээ үндсэн гол мэдээллүүдээ номноос авдаг. Цахим ертөнцөд буй мэдээллийн үнэн худлыг ялгахад маш хэцүү. Тиймээс бид сургуульдаа номын сан байгуулаад хажууд нь гоё, дулаахан кафетай болъё гэж ярилцсан. Мөн сурагчдын интернетийн асуудлыг шийдэж, хүүхэд бүр үнэгүй дата ашигладаг байвал гоё юм байна гэх санаа гарсан.

Бид ЭЕШ-ын дүн, боловсролоороо хохирчихсон. Үлдэж буй дүү нараа бас ийм байдалд орхино гэдэг хэцүү байна. Тиймээс дүү нарынхаа суралцах орчныг сайжруулахын төлөө энэ төслийг зориулж бичсэн. 

БИД НОМЫН САНГАА ӨӨРСДӨӨ ХИЧЭЭЛИЙНХЭЭ ХАЖУУГААР ТОХИЖУУЛЖ БАЙГАА

-Төсөл нь шалгараад 10 сая төгрөгийн санхүүжилт авах гэрээг үзэглэсэн гэсэн. Энэ мөнгө Та бүхний ажилд хэр хангалттай вэ?

-Энэ мөнгөөр бид шинээр номын сан тохижуулна. Манай сургуулийн номын сан бага сургуульдаа байрладаг. Мөн хуучирсан сурах бичгээс өөр сонголтгүй шахам байдаг. Орчин нь тоосжилт ихтэй, хүйтэн. Тиймээс хүүхдүүд номын санд суухыг хүсдэггүй. Бас ахлах ангийн сурагчдыг бага сургууль руу байнга оруулдаггүй.

Ахлах сургуулийн байранд 3x13 харьцаатай заалны коридор бий. Заал ашиглалтад орж магадгүй учраас бид хана босгоод номын сангаа тохижуулна. Тэгэхээр 2x8 харьцаатай нарийхан талбайг номын сан болгоно гэсэн үг.

Арван сая төгрөгийн санхүүжилт бидэнд шаардлагатай ном, тавилга бас дулааны асуудлаа цогцоор нь шийдэхэд хүрэлцэхгүй байх магадлалтай. Тиймээс бид цахимаар ном болон мөнгөний хандивын аян өрнүүлсэн.

Уг аяныг нэг сарын өмнөөс эхлүүлсэн ба одоо нийт 8 сая төгрөгтэй дүйцэхүйц ном цуглуулаад байна. Харин мөнгөн хандив нь 1 сая гаруй төгрөг болсон.

Хандивын номууд

-Та бүхэнд хандив өгөхийг хүсэж буй хүмүүст хандаж мэдээлэл өгөөч?

  • Хотод  хандив өгөхийг хүсвэл "Монгол экологи төв"-ийн байр СБД, Натурын гүүрний хажууд "Далай тауэр" оффисын 502 тоот. Холбогдох утасны  дугаар 99010639
  • Шуудангаар илгээх бол Хөвсгөл аймаг, Хатгал тосгон "Conquerors" клуб. Холбогдох утасны  дугаар 96691399
  • Мөнгөн хандиваар дэмжихийг хүсвэл: 5906202050 /Хаан банк, Хүлээн авагчийн нэр Гэрэлцэцэг/

-Та бүхний төслийн санааг сургууль болон сумын захиргаанаас хэр дэмжсэн бэ?

-Зарим багш маш идэвхтэй дэмждэг. Сумын захиргаанаас дэмжлэг муу байсан. Захиргаанаас бидний ажлыг дэмжсэн бол 2x8 харьцаатай жижиг газар биш, хүүхдүүдэд илүү хүртээмжтэй, шинэ номын сангийн байшин барих ч боломжтой байсан гэж бодож байна.

-Санхүүжилтээ аваад, номын сангийн тохижилтоо хэр хугацаанд хийж дуусгахаар төлөвлөсөн бэ?

-Бид номын сангийн тохижилтоо өөрсдөө хичээлийнхээ хажуугаар хийж байгаа учраас ойролцоогоор нэг сар гаруйн хугацаа шаардах байх.

-Дотроо тээдэг мөрөөдлөөсөө манай уншигчидтай хуваалцаач?

-Би ирээдүйд өөрийнхөө хүссэн мэргэжлээр суралцаад, амжилтад хүрвэл хөдөө, хотын хүүхдүүдийн боловсрол олж авах орчны ялгаатай байдлыг арилгахыг хүсдэг.

Хэдийгээр яг адилхан агуулга, хөтөлбөртэй хичээл үзэж байгаа ч суралцаж буй орчны таагүй нөлөө хүүхдүүдийн суралцах хүсэл сонирхолд нөлөөлдөг. Энэ байдлыг өөрчлөхийг хүсэж байна.

Үүний эхний алхам төслийн уралдаанд амжилттай оролцох байлаа. Болохгүй, бүтэхгүй гэдэг үг хүчтэй сонсогддог ч огт боломжгүй гэсэн зүйл биш. 99 хувь нь болохгүй гэсэн ч болгохыг хүссэн 1 хувийг үргэлж олж харж байх хэрэгтэй.

Хүүхэлдэйн кинон дээр “Чулуун хана мөргөхийн юу нь гоё гээч, явах зам ганцхан дээшээ л үлддэг” гэдэг. Яг үүн шиг бидэнд тулгамдаж буй асуудал бидний хувьд том юм шиг хэрнээ том хүмүүсийн хувьд жижигхэн л асуудал байгаа юм. Асуудлыг давж гарах тусам бид амьдралд туршлагажиж байдаг.

-Өөрийн тань эзэмшихийг хүсдэг мэргэжил юу вэ?

-Эмч болохыг хүсдэг. Ялангуяа хавдрын чиглэлээр мэргэшсэн эмч болмоор байна. Учир нь манай өвөө элэгний хорт хавдраар нас барсан. Ямар ч эмчилгээгүй гэх оноштойгоор өөд болсон. Аав маань бас элэгний хорт хавдрын шалтгаанаар элгээ солиулсан. Хавдар бол манай улсын иргэдэд тулгамдаж буй өвчлөл.

Тиймээс би эмч болбол энэ асуудлын эсрэг сэтгэлээ зориулж ажиллана. Миний туулсан амьдралын хугацаанд харвал, өвчтэй хүмүүсийн ар гэр шаардлагатай мэс засал хийлгэхийн тулд маш их мөнгө төлөх болдог. Би боломжгүй айлуудад туслалцаа үзүүлж, өөрөө зардлыг нь гаргаад эмчилж өгөхийг хүсдэг.

Хайртай хүнээ, ойр дотны хүнээ алдах хамгийн хэцүү байдаг. Нэг ч гэсэн айл элэг бүтэн амьдраасай гэж хүсдэг болохоор би эмч болохыг хүсэж байна.

-Ярилцсанд баярлалаа. Зорилго, мөрөөдөлд нь амжилт хүсье.

-Баярлалаа.

#Боловрол