56 настай эмэгтэй хүүгийнхээ хүүхдийн тээгч эх болжээ


О.Хандмаа | YOLO.MN
2022-11-07

56 настай Нэнси Хаук хүүгийнхээ тав дахь хүүхдийн тээгч эх болжээ. Түүнийг тээгч эх болж чадах эсэхэд хүү нь эхэндээ эргэлзэж байсан ч тэд гэр бүлийнхээ тав дахь гишүүнийг эсэн мэнд өлгийдөн авчээ.

Энэ үйл явдлыг гайхамшигтай мөч хэмээн тодотгосон 33 настай Жефф “Хорвоо дээр хэчнээн хүн ээжийнхээ төрөхийг харах билээ. Охиныг минь хорвоод мэндлэх боломж олгосон энэ явдал үгээр илэрхийлэмгүй нандин мөч байлаа” хэмээн ярьжээ.

Есөн цаг өвдөлт мэдэрч, хүүгийнхээ хүүхдийг эсэн мэнд төрүүлсэн Нэнси Хаук “Маш гайхамшигтай, оюун болон сэтгэлийн хүч сорьсон туршлага байлаа. Бүх зүйл сайхан болж, манай хүүгийнх бүл нэмлээ. Гэхдээ шинэ хүнээ угтсан баяр бахдалаас гадна, бяцхан охин аав, ээж дээрээ байх учир түүнээс холдож буй мэт бага зэрэг уйтгар гуниг мэдэрч байна” хэмээн People сайтад сэтгэлээ уудлан ярьжээ.

Ээждээ талархаж буйгаа илэрхийлэн хосууд хүүхдээ Ханна хэмээн нэрлэсэн аж. Учир нь үр шилжүүлэн суулгаснаас хойш зургаан өдрийн дараа Нэнси Хаук шөнө дунд сэрэхдээ “Миний нэрийг Ханна гэдэг” гэх хоолой сонссон тухайгаа ярьж байжээ. Тиймээс Нэнси Хаук хүүхдийг охин төрнө гэдэгт итгэлтэй байсан нь биеллээ олсон аж.

Жефф болон түүний эхнэр Кембриа нар хоёулаа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд өсөж торнижээ. Тэдний хувьд өнөр өтгөн гэр бүлтэй болох нь амьдралын хамгийн чухал үнэт зүйлийн нэг байв.

Жефф “Өи өсвөр наснаасаа аав болохыг л мөрөөддөг байлаа” хэмээсэн бол Кембриа “Бид 4-6 хүүхэдтэй болох талаар үргэлж ярьдаг. Эзэн биднийг хэрхэн адислахыг л дагах болно гэж дандаа хэлдэг” хэмээжээ.

Гэвч тэд 2012 оны арванхоёрдугаар сарын 12-нд олон хүүхэдтэй айл болох мөрөөдөл нь сэтгэлчлэн бүтэхгүйг ойлгов. Учир нь бүсгүй үргүйдлийн асуудалтай тулгарснаа олж мэдсэн байна. Ингээд тэд дөрвөн жил эмчилгээ хийлгэж улмаар долоон удаа үр суулгах аргаар хүүхэдтэй болох боломжтой болжээ.

 

Ингээд Кембриа хоёр удаа жирэмсэлж, дөрвөн ихэр хүүхэд төрүүлжээ. Гэвч харамсалтай нь хоёр дахь төрөлтийн дараа Кембриа хүчтэй өвдөлт мэдэрч, цус алдсан байна. Улмаар эмч нар түүний савыг тайрах шаардлагатайг хэлжээ.

Хосууд энэ хагалгааг хийлгэвэл дахин үр суулгуулж хүүхэдтэй болох боломжгүй болохоо мэдэж байлаа.

Кембриа “Бид өнөр өтгөн гэр бүлтэй болох бүх боломжийг эрэлхийлэх хүссэн” хэмээгээд хагалгааны дараа дахин боломжит аргуудын талаар судалж эхэлсэн байна.

Энэ явдлаас сар гаруйн дараа 56 настай Нэнси Хаук хүүгийнхээ хүүхдийн тээгч эх болох тухай бодож эхэлсэн аж. Гэхдээ өдий насандаа хүүхэд тээж гаргах нь өөрт нь боломжгүй санагдаж байсан ч хүүдээ бодлоо хуваалцжээ.

Хүү нь ээжийнхээ хэлснийг эхнэртээ дуулган, тэд ярилцсан ч хосууд ээждээ үр суулгахад амжилттай болохгүй байх гэдгээс эмээж байлаа.

Ингээд тэд эмчтэйгээ цаг тохирон уулзжээ. Улмаар ээжийнх нь бие эрүүл саруул, тээгч эх болох хүсэлтэй байгаа бол асуудалгүй бүтэх боломжтой хэмээн эмч тайлбарласан байна. Улмаар Нэнси Хаук тээгч эх болохын тулд шаардлагатай үзлэгүүдэд хамрагдаж, эрүүл мэндийн хувьд тэнцэнэ гэх гэрчилгээг гарджээ.

Ингээд хоёрдугаар сарын 27-нд Нэнси Хаукд үр шилжүүлэн суулгаснаас зургаа хоногийн дараа амжилттай жирэмсэлсэн гэх сайхан мэдээ сонссон байна.

Нэнси Хаук “Би наснаасаа болоод хүүхдийг тээж чадахгүй алдах вий гэхээс маш их айж байлаа. Одоо бол би бүх ачдаа ижилхэн хайртай шүү гэж хэлмээр байна. Хэнийг нь ч төрүүлэхэд асуудал гарсан бай би ийм шийдвэр гаргах байсан” хэмээжээ.

Эх сурвалж: People

#Сонин хачин