Монгол орон даяарх өсвөр үеийнхний дуу хоолой: Өсвөрийн парламент-2022 хөтөлбөрийг нээлээ


Б.Дариа | YOLO.MN
2022-11-07

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлаг, Монголын скаутын холбоо хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулж буй “Өсвөрийн парламент-2022” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа өнгөрсөн Бямба гарагт (2022.11.05) Төрийн ордонд боллоо. 

“Өсвөрийн парламент” хөтөлбөрийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран 2021 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ жил хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэхүү хөтөлбөр нь Монгол орны өнцөг булан бүрд байгаа хүүхэд залуусыг нэгтгэх, тэдний дуу хоолой, оролцоог нэмэгдүүлэх, өсвөр үеийнхнийг нийгэмдээ эергээр нөлөөлдөг, байгаль орчиндоо ээлтэй, нээлттэй сэтгэлгээтэй, хариуцлагатай идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэх зорилготой юм.

Нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга, “Парламентын боловсрол” хөтөлбөрийн үндэсний зохицуулагч С.Батбаатар, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан нар оролцож, сурагчдад мэндчилгээ дэвшүүллээ. Мөн тус хөтөлбөрийг дэмжин хамтран ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөл, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга, Засаг дарга нар цахим болон танхимаар оролцлоо.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Үндсэн хуулийн боловсрол” сэдвээр анхны хичээлийг заасан бөгөөд “Тогтвортой хөгжил ба эрчим хүчний хэмнэлт” сэдвээр Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүчний хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал, “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг залуусын оролцоо” сэдвээр Монголын скаутын холбооны Хүүхэд залуучуудын зөвлөлийн дарга М.Мөнхдорж нар мэдээлэл өглөө.

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа "Манай улс Тогтвортой хөгжлийн 17 зорилтын далай тэнгисээс бусад 16-г хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэ нь хүн төрөлхтний болон ирээдүй хойч үеийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлж буй хэрэг. Энэ зөвхөн НҮБ-аас баталсан зорилт биш ядуурлыг бууруулна, боловсролыг дэмжинэ, иргэндээ ээлтэй хот болно гэдэг бол Монголчууд бидний хувьд ч тулгамдсан асуудал болж байна шүү дээ. Тиймээс энэхүү асуудал дээр бүх насныхны оролцоог эрх тэгш хангах ёстой. Өнгөрсөн жил бид уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэж байсан бол энэ жил уур амьсгалын өөрчлөлт,  дээр нь нэмээд эрчим хүчний асуудлыг ярих гэж байна. Дэлхийд, Монголд ч эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт гэдэг нэн тулгамдсан асуудал байсаар ирсэн. Бид нэмж үйлдвэрлэхээс гадна хэрхэн хэмнэх тухай суралцах хэрэгтэй. Монгол орны хувьд тун сийрэг тархацтай амьдардаг. Гэсэн ч хүн амын гуравны нэг нь уур амьсгалын өөрчлөлт, доройтолд өртөхөөр болчихсон байна. Энэ бүхнийг ойлгож, мэдэн ирээдүй хойч үеийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд хичээж байгаа хүүхдүүддээ талархаж байна" гэсэн юм. 

Хөтөлбөрийн оролцогчдыг төлөөлж танхимаар оролцож буй нийслэлийн Багануур дүүргийн төлөөлөл, "Боловсрол цогцолбор" сургуулийн сурагч М.Бэхбат үг хэлсэн ба Багануур дүүрэг дэх нүүрсний олборлолт, эрчим хүчний асуудлаас хөндсөн юм. 

“Өсвөрийн парламент-2022” хөтөлбөрт нийт 91 сурагч хамрагдах ба Нийслэл хотын 9 дүүрэг, 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 9-11 дүгээр ангийн сурагчдаас төлөөлөл болгон 77 сурагчийг сонгон шалгаруулж, хүүхдийн оролцооны байгууллагуудаас 14 сурагчийг урилгаар оролцуулж байна.

2021 оны "Өсвөрийн парламент" хөтөлбөрийн төгсөгч Ө.Мөнгөнзул

Тус хөтөлбөрийн төгсөгч Ө.Мөнгөнзул өнгөрөгч 9 дүгээр сард АНУ-д зохион байгуулсан НҮБ-ын Хүүхдийн сангийн “Generation Unlimited” арга хэмжээнд Монголын хүүхэд, залуусыг төлөөлөн оролцсон. Мөн Арабын Бүгд Найрамдах Египет Улсад одоо болж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн Талуудын 27 дугаар бага хуралд (COР27) “Өсвөрийн парламент 2021” хөтөлбөрийн төгсөгч М.Гарьд, байгаль орчны манлайлагч Э.Ундрал нар оролцож буй ба нээлтийн үеэр шууд холбогдон оролцогчдод амжилт хүссэн юм. 

Энэ удаагийн хөтөлбөрийн оролцогчид НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар мэдлэгтэй болохын зэрэгцээ байгальд ээлтэй амьдралын хэв маяг, эрчим хүчний хэрэглээ, хэмнэлтийн тухай болон парламентын боловсрол, хүний эрхийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болно. Мөн үе тэнгийнхэнтэйгээ багаар ажиллаж, аймаг, дүүрэгтээ нөлөөллийн ажлуудыг хийх дадлага, ур чадвар суралцах юм.

“Өсвөрийн парламент-2022” хөтөлбөрийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллагууд дэмжиж хамтран ажиллаж байна.

Дорноговь аймгаас төлөөлөн оролцож буй  5-р дунд сургуулийн 10 дугаар ангийн сурагч Э.Дөлгөөнтамир "Манай аймгаас парламентын зарчмаар хоёр хүүхдийг сонгон шалгаруулсны нэг нь би болон хөтөлбөрт оролцож байгаадаа баяртай байна. Энэ жилийн хөтөлбөрийн зорилт бол эрчим хүчийг хэмнэх, мөн парламентын боловсролыг олгох. Сэдэв, зорилт нь миний мэдэхийг хүсэж буй зүйлстэй таарч байсан тул хөтөлбөрт оролцохоор шийдсэн. Тэрхүү мэдээллээ практик дээр ашиглан, үе тэнгийн найзуудаасаа суралцаж, эргээгээд бусдадаа мэдээлэл түгээхийг хүсэж байна. Өөрийнхөө хийж чадах хэмжээгээр олон зүйлийг хиймээр байна. Би хувьдаа хүүхдүүдэд  парламентын боловсрол олгох хэрэгтэй гэж боддог." 

Нийслэлийн 29-р сургуулийн 11 дүгээр сурагч Б.Намуунаа "Тэгш оролцоог ханган оролцуулсанд баярлаж байна. Ус, тогоо хэмнэж хайрлацгаая." хэмээн уриалсан юм. 

Архангай аймгийн 3-р сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Нандин-Эрдэнэ "Энэ жилийн сэдэв эрчим хүч. Өсвөр үеийнхэн маань эрчим хүчний талаар мэдээлэл муу. Бид тог цахилгааныг маш замбараагүй хэрэглэсээр байна. Тиймээс Архангай аймгийнхаа хүүхдүүд, цаашлаад нийт өсвөр үеийнхнийхээ дуу хоолой, нөлөөлөл болохоор хөтөлбөрийг зорин ирсэн" гэлээ.

#Мэдээ