Бидний багадаа үзэж өссөн "Уолт Дисней Пикчерс" компанийн бүтээл болох “Араатан ба Гоо үзэсгэлэн” хүүхэлдэйн кино бүрэн хэмжээний уран сайхны кино болж ирэх гуравдугаар сард нээлтээ хийхээр зэхэж байна.
Тус киноны трейлэр энэ сарын 14-нд цацагдаж, 24 цагийн дотор хамгийн олон үзэлттэй киноны трейлэр болсон нь “Араатан ба Гоо үзэсгэлэн” кино ямар их хүлээлттэй байгааг илтгэж байгаа юм.
Гол дүрийн бүсгүй Беллийн дүрд жүжигчин Эмма Уотсон тоглож байгаа билээ. Тэрээр энэхүү сонгодог бүтээлийг биширч явдгаа илэрхийлсэн байна. НҮБ-ын Эмэгтэйчүүдийн сайн дурын элч тэрээр Беллийг шинийг санаачлагч болгоод зогсохгүй энэ дүрийг гаргах явцдаа корсет (бэлхүүсэвч) зүүхээс эрс татгалзжээ.
Эмма Беллийг биеэ барьсан бус илүү “хөдөлгөөнтэй” гүнж байлгахыг хүссэн гэнэ. Тэрээр тус киноны хувцасны дизайнертай тулж ажилласан ба Беллийн хувцас үе үеийн диснейн гүнжүүдийн тэр ид шидтэй, эрхэмсэг байдлыг хадгалахаас гадна нэг газраа суугаад байдаггүй, үргэлж шинийг санаачилж, хөдөлмөрлөдөг зэрэг хэв шинжийг бас агуулсан хувцас байгаасай гэж хүссэн байна.
Энэ нь түүнийг өмнөх Диснейн гүнжүүдээс эрс ялгаж байгаа юм. 2015 оны “Үнсгэлжин” киноны гол дүрд тоглосон Лили Жеймсийн корсет болон түүний хэт нарийн бэлхүүс мөн түүний Үнсгэлжингийн даашинзандаа багтахын тулд зөвхөн шингэн зүйл уух дэглэм барьсан гэх мэт нь маргаан үүсгээд амжсан билээ.
Гэхдээ Эммад тэгэх зав ч, хүсэл ч байхгүй. Тэр энэ дүрээрээ олон зүйлийг илэрхийлэхийг хүсч байгаа юм. Эмэгтэйчүүд юу хийх ёстой, ямар байх ёстой гэсэн хуучирсан үзэл бодлыг халж тэд дэлхийг өөрчлөх, нийгэмд хувь нэмрээ оруулах чадвартайг харуулахыг хүсчээ. Жаахан охидод эмэгтэй хүмүүс зорилго тэмүүлэлтэй байж, эрэгтэйчүүдийг чадвартай, ухаалаг, хүчтэй гэж боддог шигээ эмэгтэйчүүд ч бас тийм чадвартайд тооцогдох эрхтэйг сануулах нь маш их ач холбогдолтой гэнэ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх