Дандаа л жаргалтай байх албагүй. Тийм хүн энэ уужим хорвоо дээр байх ч үгүй. Байгаа ч үгүй байх. Хааяа гомдож, хааяа гуниглаж бас шанална. Бүр гүн “эморч” ч болно. Гэхдээ эморол, бидэнд сэтгэл хөдлөлийн аливаа цохилт, муухай мэдрэмжүүдээс сэрэмжлүүлж байдаг гэдгийг мэдэх үү? Хүний сэтгэл хөдлөл сайхан мэдрэмжүүдээс гадна сөрөг мэдрэмжүүдийг ч хүлээн авдаг нь өөрийгөө хамгаалах инстикт /зөн совин/-тэй холбоотой. Айдас, уур уцаар, ичгүүр, жигшүүр гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлүүд нь заналхийлэл, аюултай нөхцөл байдлыг таних, зайлсхийх, даван туулахад туслах ач холбогдолтой гэнэ шүү. Нэг үгээр бид аз жаргалтай байхын тулд сэтгэлээр унах хэрэгтэй болж таарах нь.
Хөнгөн эсвэл түр зуурын эморол нь өдөр тутмын бэрхшээл, хүнд хэцүү нөхцөл байдлыг даван туулахад тусалдаг ба нь гадагшлуулах хэрэгтэй байгаа сэтгэл дотор бугшсан тэр мэдрэмжүүдийг илэрхийлдэг аж. “Эморох” нь өрөвдөх, хайрлах сэтгэл, уялдаа холбоо, ёс суртахуун, гоо зүйн мэдрэмжийг сайжруулдаг. Үеийн үед бараг хамгийн эмо хүмүүс хамгийн уран бүтээлч хүмүүс байж ирсэн байх. Иймээс бидний “аз жаргалын дайсан” “эморох”-ын 5 ач тусыг хүргэж байна.
1. Санах ойг сайжруулна
Нэгэн судалгаагаар бүрхэг цаг агаараас болж эмордог хүмүүс тэр өдөр орсон дэлгүүрийнхээ тухай илүү сайн санаж байсан байна. Сэтгэл санаа муухан байх нь өөрт хамааралгүй, элдэв хов жив, хэрэгцээгүй мэдээлэл гэх мэт янз бүрийн анхаарал сарниулах зүйлсийн нөлөөг багасгах замаар нүдэнд үлдсэн ой санамжийг сайжруулдаг аж.
2. Мэдээлэлд хэт их автахгүй
Хөнгөн гунигтай байх нь бусдын тухай илүү бодит сэтгэгдэлтэй үлдэхэд тусалдаг гэнэ. Жишээ нь гунигтай үедээ бусдын тухай, тэдний байгаа байдалд илүү үнэн зөв, найдвартай мэдээлэл боловсруулж чаддаг аж. Их эмордог хүмүүс сэтгэл хөөрөлд автсан хиймэл, хэвшмэл ойлголтод итгэж найдах нь бага байдаг.
3. Хүсэл эрмэлзэл
Сэтгэл санаа нь үргэлж тааруу байх хандлагатай хүмүүс илүү хичээж, хичээх ёстой шалтгаанаа ойлгож, тэвчээртэй байж чаддаг. Ингэснээрээ их зүйл бүтээх хүсэл эрмэлзэл нэмэгддэг байна.
4. Бусадтай сайхан харилцаатай байх
Их эмордог хүмүүс бусадтай ярилцахдаа анхаарлаа бүрэн төвлөрүүлж, харилцагчаа сайн сонсдог нь бусадтай сайхан харилцаа үүсгэхэд тусалдаг байна. Эмо хүмүүс бусдад өөрт итгүүлэхийн тулд илүү үр дүнтэй үнэмшилтэй аргумент ашигладаг ба хоёрдмол утгатай өгүүлбэрийг илүү сайн ойлгож, гүнзгий, сэтгэлд үлдэхүйц дотно яриаг өрнүүлэх чадвартай байдаг гэнэ.
5. Шударга байдал нэмэгдэнэ
Эмо үед аливаа шийдвэрт нухацтай хандаж чаддаг ба зөюхөн хувиа хичээхгүй, илүү шударга байхад нөлөөлдөг аж.
Аз жаргалыг өргөмжилж, уйтгар гунигийн ач тусыг үгүйсгэх замаар бид өөрсдөдөө хүрэхийн аргагүй зорилго тавьдаг. Уйтгар гунигтай эсвэл сэтгэл санаа тавгүй байх ч бас бидэнд тусалдаг байх нь. Тиймээс “эморол”-оо битгий буруутгаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх