Яруу найрагч Р.Чойномын онцлох шүлгүүд


Д. Мөнх-Эрдэнэ | YOLO.MN
2022-09-23

Ренчиний Чойном нь Хэнтий аймгийн Дархан суманд 1936 оны хоёрдугаар сарын 10-нд төрсөн ба бага залуу наснаасаа шүлэг бичих авьяас нь тодрон гарсан байна. Р.Чойном тухайн үеийн нийгмийн асуудлуудыг хөндөн шүлэглэн бичсээр алдар нэрд гарсан бөгөөд улс төрийг хэт шүүмжилж бичсэн шүлгүүдээсээ болж 1969 онд Дорноговь аймгийн Хажуу-Улаан дахь засан хүмүүжүүлэх колонид дөрвөн жил  хоригдож, Хэнтий аймгийн Батноров суманд гурван жил заагджээ. Түүнийг хорьсон шалтгаан нь зөвхөн түүний бичсэн шүлгийнх нь дөрвөн мөр байсан бөгөөд БНМАУ-н засаг төрийг бусниулах зорилгоор төрийн эсрэг шүлэг бичсэн гэж үзсэн байна. Тэрээр 1979 оны дөрөвдүгээр сарын 24-нд 43 насандаа сүрьеэ өвчний улмаас зуурдаар нас баржээ. 

Өнөөдөр та бүхэнд түүний бичсэн ур,  богино мөрт тансаг шүлгүүдийг онцлон хүргэж байна.

***
Амьдралыг чи алтаар үнэлбэл
Амьдрал чамайг алтаар мялаана
Эс тоож сохор зоос шиг хандвал
Эргээд амьдрал чамайг
Элсний ширхэг гэж үзээд үлээчихнэ

***
Хүсэл мөрөөдөл ихээрээ гайхуулна
Хүртэх жаргал багаараа гайхуулна
Хүйтэн өвөл цасаараа гайхуулна
Хүний хүүхээ хөмсгөөрөө гайхуулна

Хожимдсон дурлал хяслаараа гайхуулна
Хоорондын хүмүүс соргогоороо гайхуулна
Хотын зам холоороо гайхуулна
Хоёрхон бие сэтгэлээрээ гайхуулна

***
Хатсан талх мэрж усан шөл оочивч
Харамсаж би бусад хүмүүст атаархдаггүй
Хатуу бүхнийг бүтээж дутуу бүхнийг гүйцээдэг
Хайрт түмэн минь цатгалан явбал би цатгалан

Гэтэл би өөрөө хоолны сайныг идэхдээ
Гэм хийсэн юм шиг сэтгэл жаахан зовдог
Нарлаг эх орондоо илүү ихийг бүтээсэн атлаа
Надаас дор хооллож байгаа хүн хаа нэгтээ байвал яана?

*** 

Хүний газрын шороо нь
Алт байгаад ч яах юм бэ 
Хүсэл нь тусдаа хүн
Амраг байгаад ч яах юм билээ

Эсрэг гүрний шороо нь 
Эрдэнэ байгаад ч яах юм бэ
Элэг буруутай хүн
Амраг байгаад ч яах юм билээ

***

Намайг хүлээ

Гэнэхэн горьдлоор яах юм бэ
Гэгэлгэн гунигаар ч яах юм бэ
Гэргийн биш болзоотын ёсоор 
Намайгаан хүлээ

Элдэв цуурхал дурдсан ч хүлээ
Этгээд таг чиг болсон ч хүлээ
Энэ хорвоод чи минь эс бол
Хэн намайг хүлээх юм бэ

Чийгтэй харанхуй шөнө ч 
Чимээ чагнан хүлээгээрэй
Хурц нартай өдөр ч
Хувьдаа харуулдан хүлээгээрэй

Сумын бяцхан шуудан дээр 
Сураг тавин хүлээгээрэй
Суудаг байшингийнхаа цонхоор
Хараа тавин хүлээгээрэй

Хайрлаж байсан хайрыг минь
Санан санан хүлээгээрэй
Ханилж явсан газруудаа
Дурсан дурсан хүлээгээрэй

Зургаан сар болсон ч 
Ирнэ гэж хүлээгээрэй
Зуун жил болсон ч 
Итгэл тасралгүй хүлээгээрэй

Насанд ганцхан дурлалын
Нандин бүхнээр хүлээгээрэй
Намайг үхлээ ч гэсэн 
Цэвэр хэвээр хүлээгээрэй

Эх сурвалж:Р.Чойном Сүмтэй будрын чулуу 
Зургийг: @sidiaaah

#Шүлэг #Яруу найраг